Захын хорооллын багачуудыг баярлуулав

Хэдхэн хоногийн дараа учран золгох шинэ оныг угтсан сайн үйлсийн аяныг нийгмийн хариуцлагаа ухамсарлагч аж ахуй нэгж болоод залуусын нэгдлүүд өрнүүлсээр байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд “Пинк товер” констракшнийн хамт олон хэсэг залуусын хамтаар хотын захын гэр хорооллын айл өрхүүдээр явж, амьдралын наад захын хэрэгцээний тусламж үзүүлжээ.

Мөн тэдгээр өрхийн хүүхдүүдэд шинэ жилийн баярын бэлэг гардуулсан байна. Ингэхдээ тэд ямар нэг төрийн байгууллагатай хамтраагүй бөгөөд хорооноос нь зорилтот бүлгийн айл өрхийг заалгаагүй аж. Өөрсдийн биеэр гэр хороололын айлуудаар явж, хоногийн хоолгүй, түлэх түлээгүй байгаа өрхүүдийг хайж олон газар дээр нь тусламж үзүүлсэн байна. Тус ажлыг ивээн тэтгэсэн “Пинк товер” констракшний захирал Б.Энхбаяр хэлэхдээ “Шинэ жилийн баяр бол хүүхэд насны хамгийн сайхан дурсамжийг үлдээж өгдөг. Энэ нандин дурсамж шинэ жилийн баяраар ээж ааваасаа, эмээ өвөөгөөсөө авсан баярын бэлэгтэй зайлшгүй холбоотой байдаг. Үе тэнгийн хүүхэд багачууд нь эцэг эхээсээ авсан бэлгээ сугавчлан баяр хөөр дүүрэн гүйх тэднийг горьдлогын нүдээр харж зогсох тэдгээр өрхийн хүүхдүүдийг бага ч гэсэн баярлуулах үүднээс тус аяныг зохион байгуулсан” гэжээ.

-Таван настай бяцхан хүү эмээгээ асардаг аж-

Тэдний зочилсон өрхүүдийн дотор таван настай бяцхан хүү нас өндөр гарсан хэвтрийн эмээгээ асран, хамт амьдарч байхтай таарчээ. Эмээ нь хэвтэрт байдаг тул хүү өглөө бүр босч цай чанах, хоол хийх зэргээр эмээдээ туслан өдөр хоногийг өнгөрөөдөг гэнэ. Уг нь эмээ хоёр том охинтой аж. Гэвч өдгөө дэргэд нь байдаггүй бөгөөд том охин нь 9 жилийн өмнө БНСУ-руу хүнтэй сууж явсан ч одоо болтол сураггүй гэх. Харин бага охин нь БНХАУ-д ажил хийдэг гэдэг ч заримдаа гэртээ мөнгөгүй ирэх тохиолдол ч байдаг аж. Эмээ “Өвчинд ялагдаж, зээгээ өнчрүүлэхгүй гэж амьдралтай тэмцэлдэж өдөр хоногийг өнгөрөөж сууна. Хүүхдүүд минь хэдий байдаг ч сураг алга. Олон түмнийхээ тусын тулд амьдарч байна” хэмээн нулимс мэлмэрүүлэн өгүүлжээ. Ийнхүү залуус ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тодорхой орлогогүй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй өрхүүдэд зочилсон байна.

Тухайлбал, СХД-ийн Ногоон чулуут хэмээх газарт амьдардаг иргэн М.Алтанцэцэгийн хувьд өрх толгойлсон эмэгтэй ам бүл тавуулаа амьдардаг аж. 2008 оноос хойш тухайн газарт амьдарсан тэдний хүүхдүүд нь сургуульдаа нэг км зам туулж, харанхуй гудамжаар алхсаар очдог гэнэ. Мөн тэдгээр өрхүүдэд хотын агаарын бохирдол юунаас ч илүү тулгамдсан асуудал болоод байгааг илэрхийлжээ. Залуус шинэ жилийн баяр ойртож буй энэ өдрүүдэд хотын төвөөс алслагдсан захын хорооллын өрхүүдэд бяцхан хандив өргөж, тусламж үзүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих