Борис Жонсон ирэх даваа гарагт ажилдаа орно

62289108-5DF9-47EA-90D8-1CCB27F4DF9E

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ирэх даваа гарагт ажилдаа орно гэж тус улсын хэд хэдэн хэвлэлд мэдээлж байна. Тэрбээр ирэх долоо хоногт зарим сайдтай уулзалт зохион байгуулах, хэлэлцэх асуудлын жагсаалт гаргах зэрэг бэлтгэл ажил явуулахыг туслахууддаа үүрэгдсэн гэнэ. Үүнээс гадна Борис Жонсон өдгөө Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Гадаад хэргийн сайд Доминик Раабтай бараг өдөр бүр холбогдож, зөвлөхүүдтэйгээ хуралдаж, бичиг баримтуудаа судалж байгаа гэж “Телеграф” хэвлэлд мэдээлсэн байна.

Гэхдээ Борис Жонсон ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаа тэргүүлэх эсэх эцсийн шийдвэр нь түүний биеийн байдлаас шалтгаална гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хэрвээ тэрбээр ирэх долоо хоногт үнэхээр ажилдаа эргэн орвол улс орон нь сар гаруйн хөл хорионы нөхцөлд хямралд орсон энэ хүнд хэцүү цаг үед Засгийн газраа тэргүүлж эхэлнэ гэсэн үг. Борис Жонсон гуравдугаар сарын 27-нд шинэ коронавирусний халдвар авч, энэ сарын 12-нд эмнэлгээс гарсан юм.


URL: