Б.Нямтайшир: Ардчилсан Монголд анх удаа нэр дэвшигч шоронгоос сонгуульд өрсөлдөхөөр болж байна

215

УИХ-ын ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярын нэр дэвшигчийн үнэмлэхийг түүний аав, МАК-ийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир гардаж авлаа.  Тэрбээр “УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт миний хүү бие дааж нэр дэвшсэн. Харамсалтай нь өөрийн биеэр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах боломж гарсангүй. Бид сая ирж үнэмлэхийг нь авлаа.

Би энэ завшааныг ашиглаад эцэг хүний хувьд хэдэн үг хэлье гэж бодсон юм. Сонгуулийн хууль тогтоомжийг цэгц баримталсан СЕХ-ны дарга, гишүүдэд баяр хүргэе гэж бодож байна. Анх удаа хүний эрхийг зөрчөөд, нэр дэвшигчийнхээ тогтоолыг гардаж авсан байхад нь цагдан хорих шүүхийн шийдвэр гаргалаа. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 35.2 дугаар зүйл, заалтыг зөрчсөн үйлдэл болсон. Ардчилсан Үндсэн хуулиа дээдлэн тунхагласнаар өдгөө 28 жил болж байна. Манай ард түмэн төдийгүй дэлхий нийт Монголыг Ази дахь ардчиллын тод манлайд эрэмбэлдэг. Харамсалтай нь ардчилсан нийгэмд анх удаа төрийн эрх барих дээд байгууллагад нэр дэвшигч шоронгоос сонгуульд өрсөлдөхөөр болж байна.

Энэ бол зөвхөн түүний эрх чөлөөг боомилоод зогсохгүй нийслэлийн Хан-Уул дүүргийн 120 гаруй мянган иргэний сонгох эрхэнд халдаж байгаа асуудал боллоо. Өнөөдөр эрх мэдэлтний үгийг хууль мэт ойлгож, түүнийг хэрэгжүүлдэг гажуудал Монголын нийгэмд нэгэнт тогтжээ. Ардчилсан улс оронд ийм зүйл байдаггүй, байх ч ёсгүй юм.  Шүүх засаглал нь бие даасан, хараат бус ёс зүйтэй байх ёстой.  Монгол Улсад үгээр нь яваагүй намын гишүүнээ, үнэн төрхийг нь шударгаар илчилсэн иргэнээ төрдөө хоёргүй сэтгэлээр ажилласан зүтгэлтнээ барьдаг, хорьдог, ял өгдөг жишиг нэгэнт тогтжээ. Өнгөрсөн зуунд Монголын түүхэнд тохиолдсон бүх хэлмэгдүүлэлтэд миний өвөө, аав, би ч өөрөө өртөж явсан.

Хэлмэгдүүлэлт ямар их гай зовлон авчирдаг гэдгийг Монголын ард түмэн мэднэ ээ. Энэ цаг 20 дугаар зуунтайгаа дуусгавар боллоо гэж би бодож явсан. Гэтэл өнөөдөр өндөр, нарийн зохион байгуулалт бүхий шинэ цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт ирж байгаа юм байна. Энэ хэнийг ч ялгалгүй, та биднийг бүгдийг дайрах магадлалтай. Чингэлтэй дүүргийн шүүгч Рэнцэнхорол хэрэв СЕХ зөвшөөрөл өгөхгүй бол би өөрийн гаргасан шийдвэрээ эргэн харна гэж шүүх хурлын үеэр хэлсэн юм билээ. Одоо үүнийг л харах үлдлээ. Нэгэнт нэр дэвшигчийн үнэмлэхийг гардаж авсан учраас Рэнцэнхорол шүүгч өөрийнхөө шийдвэрийг эргэн харах байх гэж бид найдаж байна.

Хэрвээ түүнийг улс төрийн зорилгоор суллахгүй байвал би эцэг хүний хувьд дуу хоолой нь болж, сонгуулийн кампанит ажилд нь идэвхийлэн оролцох болно гэдгийг хэлье. Энэ жилийн сонгуулийн хувьд тэнцвэргүй байдлаар гараагаа эхэлж байна. Эцэст нь миний хүүг дэмжсэн, дэмжиж байгаа Хан-Уул дүүргийн нийт иргэд, түүний дотор МАН-ын жирийн гишүүд та бүхэнд гүн талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Сонгогч та бүхний сонголт мэргэн байх болтугай” хэмээлээ.


URL: