ЖДҮ-чин Ж.Энхбаяр “саалийн үнээ”-нд эзэн сууна гэв үү

93145a792aa7548247e19ee872f0b18e

МАН ЖДҮ-чидэйгээ хариуцлага тооцсон нэрээр зарим гишүүнээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй. Тэдний нэг нь Ж.Энхбаяр. Түүнийг парламентын сонгуулийн дараа Батлан хамгаалахын сайд болохоор зүтгэхэд нь Ерөнхий сайд нь олны хэл амнаас төвөгшөөгөөд саналыг нь хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс одоо олон нийтийг мартагнасан гэж тооцсон бололтой “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал болохоор санаа шулуудсан сурагтай.

УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр ЖДҮХС-гаас авсан зээлээ төлчихсөн гэж байгаа. Гэвч энэ асуудал мөнгөндөө биш өөрсдийн мэдээлэлд ойр байдлаа ашиглан иргэдийн боломжийг хулгайлсан, эрх ашгаа эн тэргүүнд тавьсан үйлдэл болоод байгаа хэрэг. Нэгэнт сонгогчдынхоо боломжийг хааж, ЖДҮ-чин болсон хүн дахин улстөрд зүтгэх гээд байгаа нь нэг талаар ханаж, цаддаггүй их шуналтан болохыг нь илтгэх мэт.

Харин нөгөө талд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх журмын нөхөртөө амласандаа хүрэх, иргэдийн өмнө хэлсэндээ хүрэх хоёрын дунд “алцганачихаад” эцсийн шийдвэрээ гаргалгүй, ирэх есөн сарыг хүлээж суугаа бололтой. Учир нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын суудалд Ерөнхий сайдын хувьд өөр нэг хүнийг зүтгүүлэхээр битүүхэндээ зэхээд байгаа. Тэр нь Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн. Түүний хувьд Ерөнхий сайдтай ойр шадарладаг найз нь. Тиймээс УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг ЖДҮ-чин гэх шалтгаар жийчхээд найзыгаа “саалийн үнээ”-ний эзэн болгож болох ч МАН-ын генсек нь нэгэнтээ “Хүний ЖДҮ авсан гээд бүх насаар нь буруутгаж, хариуцлага тооцож болохгүй” гэх утгатай үг хэлчихсэн. Тиймээс парламентад нэр дэвшээгүй үлдсэн кадруудаа боломжийн албан тушаалд томилох “эрх” үүссэн гэсэн үг.

Юутай ч улстөрөөр далайлгасан ЖДҮ-чин Ж.Энхбаяр зээлээ төлсөн, нэр дэвшээгүй гэх хоёр ч халхавчаар улсын ганц “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт үйлдвэр”-т эзэн суухаар тохироогоо хийчхээд чимээгүйхэн суугаа бололтойдог шүү.

Эх сурвалж: Erennews.mn


URL: