Дуун хөрөг буюу Намдагийн Төмөрхуяг

712-1598574944736570_556124667732915_2078854587_o

ЗУРААЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛ

Дүрслэх урлагийн дунд сургуульд орж зураач болох гээд томилолтоо авчихсан байсан хүү Хэнтий аймгийн ТМС-ийн малчин, механизаторын ангид суралцах болсон нь хувь хүний сонголт бус хувь заяаны эргэлт байв. Намдаг гуай тухайн үед хүүдээ “Чамайг тэгж хот оруулж, тэндхийн хулигаан болгохгүй ээ” хэмээн хатуурхсан нь хожмын амьдралынх нь замыг зөөллөсөн эцэг хүний алсын хараа, холч ухаан байсан биз ээ. Ингээд зураач болох мөрөөдөл нь бүтэлгүйтсэн залуу хархүү аймагтаа үлдэж, ТМС-ийн оюутан болов. Цалин хангамж сайн. 165 төгрөгийн стипент өгнө. Гэвч дургүйд хүчгүй гэгчээр хичээлдээ сууна гэж үгүй. Хаяад л алга болно. Хичээлд суулаа гэхэд ширээн дээр элдэв зураг зураад л сууж байна.
Тэгж байгаад ТМС-аа орхиж, аймгийнхаа авто баазад ажилд оржээ. Гэтэл даргатайгаа эв түнжин огт таардаггүй гэнэ. Удалгүй халагдах өргөдлөө бичиж өгөөд ажлаасаа гарч, Бэрхийн уурхайд найз дээрээ очин жоншны тэрэг барьжээ. Уурхайн сэлгээний жолооч болж жонш зөөгөөд давхиж байтал нэг өдөр аав нь хүрээд ирж. “Хаашаа тэнээд алга болчихдог юм. Соёлын ордны Дашням, Гомбо хоёр чамайг сураглаад байна. Чи тэдэнд тийм хэрэгтэй юм байлгүй, оч” гэж гэнэ. Энэ хоёр эрхэм бол “Хан Хэнтий” чуулгын нэгэн үеийн алдартнууд. Хэн хэн нь хожмоо Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон нэртэй хөгжмийн зохиолчид билээ. Л.Дашням гуай л гэхэд “Жонон хонгор морь” дуугаараа Монгол даяар алдаршсан авьяас билэгтэн. Ийм аваргууд жоншны тээврийн жолооч залуугийн авьяасыг олж хараад дуудуулсан хэрэг. Д.Гомбо багш түүнийг хөгжмийн ангид авна гэж, Л.Дашням багш дууны ангид авна гэж булаацалдаж, хөөрхөн тэмцэл өрнүүлж. Эцэст нь Л.Дашням гавьяат дийлж, залуу жолооч Намдагийн Төмөрхуяг Хэнтий аймгийн соёлын ордны дуучин болжээ.
УДМЫН АВЬЯАС
Зүгээр л нэг сайхан дуулдаг, хаана ч байдаг эвлэгхэн хоолойтой залуу хүний араас нэгэн цаг үеийг эзэгнэсэн урлагийн бурхад тэгж хөөцөлдөхгүй нь мэдээж. Хоолойноос гадна авьяас, мэдрэмж, өгөгдөл бас удам судар түүнд байсан аж.
“Би урлагийн сургуульд явсан бол дуучин болохгүй, тэгээд л дуусах байсан…” гэж тэрбээр нэгэнтээ хэлж байв. Авьяас гэдэг унаган төрмөл байдгийг эрхэм дуучны энэ үг батлах шиг болдог. “Муу аав, ээж хоёр минь л надад жаахан юм үлдээсэн хэрэг шүү дээ. Тэрнээс миний дуучин гэж юу байх вэ” хэмээн өгүүлсэн нь ч учиртай.
Намдаг гуайг Хэнтийнхэн андахгүй. Соёлын ордны жолооч асан энэ эгэлхэн эр Хэнтийд анх “Учиртай гурван толгой” дуурь тавигдахад худалдаачны дүрд дуулж байжээ. Алдарт дуучин Сэсэржаагийн Дамчаа гуай “Би Намдаг шиг “Дарьгангын жаахан шарга”-ыг дуулдаг хүн үзээгүй” гэж магтаж байсан гэхээр ямархан дуучин байсан нь тодорхой. Н.Төмөрхуяг гавьяатын ээж нь Хэнтий аймгийн Соёлын ордны дуучин Цэндсүрэн гэж хүн байжээ. Ийм л дуучин аав, ээжийн хүү урлагийн сургууль төгсөөгүй ч удмын авьяасыг өвлөсөн ажээ. Авьяас бол нөхцөл, орчин нь бүрдсэн цагт л дэлгэрдэг цэцэгтэй адил. Н.Төмөрхуяг гавьяатыг дуучин болоход нөлөөлсөн хүчин зүйл нь аав, ээж, ар гэрийнх нь орчин байв. Намдаг гуайнх тухайн үеийн Хэнтий аймгийн “Урагшаа” сонин, “Хан Хэнтий” чуулгын ард нүүрэн талын хашаанд байжээ. Тэдний хашаанд дээр өгүүлсэн алдарт дуучин С.Дамчаа гуайнх, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Жонон хонгор”-ын Л.Дашням гуайнхан хаяа хатган, айл хөрш аж төрнө. Өнгөрсөн зууны эхэн үеийн Монголын алдарт дуучин Самын Гомбо, Магсар хурцын Дугаржав нарын нарын шавь, алдарт дуучин С.Дамчаа гуай Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашням гуайн хадам нь юм. Урлагийн ертөнцийн эдгээр алдар цуутнуудын ойр дэргэд өссөн нь ирээдүйн дуучны зам мөрийг нь тэгшилж тэтгэсэн бизээ.
Энэ тухайгаа Н.Төмөрхуяг гавьяат “Тэр үед Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж, Р.Чойном, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Санжаасүрэн /нэрт яруу найрагч Данзаннямын Шагдарсүрэнгийн төрсөн ах/ гуай эд нар нийлж их найрлана. Манай гудамжинд гурван агент байдаг байлаа. Тэр үед архи 26 төгрөг. Тэгээд надад 30 төгрөг өгөөд л архинд гүйлгэнэ. Би мөнгөнийх нь хариултад нь хатсан, алим, молоко энэ тэрхэн авч иднэ. Тэр сайхан хүмүүсийн яриа хөөрөө, дуу хуур гэдэг тэр чигээрээ гайхамшиг байсан даа” хэмээн дурссан нь бий.
ЗАСАРШГҮЙ ЭСЭРГҮҮ
“…Хэнтийд Жамбын Батмөнх дарга ирлээ гээд ажлаас дуудуулахаар нь Ленин багш амь ороод ирлээ гэсэн ч очихгүй гэж адраад, зургаан сарын турш цалингаа хасуулсан…” Тэрбээр иймэрхүү эсэргүү ч гэмээр, элдэвтэй ч гэмээр зүйл ярина. Урт үс, бүрх малгай гитар түүний илэрхийлэл. Хэзээ өөрчлөгдөхгүй энэ төрх түүний өөрийнхөөрөө зангийнх нь илрэл.
Дуулсан дуунуудаараа, илүү дутуугүй гүдэсхэн төрхөөрөө олны хайр хүндэтгэлийг хүлээсэн ч гавьяатын тэмдгээ хожуухан зүүсэн. Ард түмэн түүнд аль хэдийнэ, бараг 30 жилийн тэртээ л гавьяатын алдар хүндийг шагнаж, хайр хүндлэлийнхээ хойморт өргөмжилчихсөн болохоор “соёльгн тэргүүн” ч үгүй яваадаа огт гутарч, гоморхдоггүй байсан юм.
“…Дэлхий сөнөнө гэж шуугиад байсан 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд Б.Бямбабаяр найзаасаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээ гардаж авсан. Харин 2014 онд Дэлхийн яруу найргийн өдрөөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гардсан шүү. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бид хоёр 1989 онд Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөнд оролцон, суудал зэрэгцэж байлаа” хэмээн хуучлах. Тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Улаан од” сонины сурвалжлагч гээд шижигнэсэн залуу сэтгүүлч гүйж явсан гэдэг. Гуч гаруй жилийн тэртээ “Хан Хэнтий” чуулгын дуучин Н.Төмөрхуяг ардчиллын анхны галыг асаалцаж явсан түүх бий. Тэрбээр Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөнд Хэнтийгээс эдүгээгийн “Болор цом”-ын эзэн, модернист яруу найрагч Б.Галсансүх, аймгийн чуулгын Авирмэд зэрэг залуусын хамт ирж оролцон, улмаар 1990 онд болсон Ардчилсан холбооны анхдугаар их хуралд мөн төлөөлөгчөөр сонгогдож байжээ.
Н.Төмөрхуяг гавьяат “Хэрвээ ардчилал ялаагүй бол би гавьяат авах ч үгүй л байсан. Р.Чойном шигхавчигдаж, шорон оронд ч орж мэдэхээр тийм л этгээд амьтан байлаа” гэж хэлсэн нь учиртай. Түүнийг эсэргүү юм ярьдаг болохоор их дардаг байж. Эсэргүү юм гэдэг нь хэрэг дээрээ бол байгааг нь л үнэн мөнөөр нь түс тас хэлчихдэг байж л дээ.
Энэ шулуухан зангаас нь болоод түүнийг аймгийн чуулгын тайзан дээр гоцлол дуу дуулуулдаггүй байсан гэдэг. Харин хөдөө урлагийн бригадаар явахад л хааяа нэг гоцлол дуулж, “хүрд эргүүлэх” боломж олдоно. Ингэж явсаар 1991 онд Улаанбаатарт шилжин ирж “Варьете” чуулгын дуучин болжээ. Гэтэл хэдхэн жилийн дараа “Варьете” чуулга нь татан буугдаж, Н.Төмөрхуяг дуучны хувьд дэгэн догонтой, баяр гунигтай, жаргал зовлонтой атлаа жинхэнэ уран бүтээлчийн туулах ёстой тэр зам эхэлжээ.
УХААНЫ ЦАРАА, УЯНГЫН ЦАЛГИА
Түүнийг анх хотод ирээд байхад нь нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай Дэнжийн мянга дахь хашаандаа буулгаж байжээ. Б.Лхагвасүрэн гуай түүнийг хотод ирнэ гэхэд нь “Чи манай Дэнжийн мянгын хашаанд буу. Манайх тэнд 26 жил амьдарсан. Ээлтэй газар байгаа юм. Том хүү Равжаа маань одоо амьдарч байгаа” гэсэн гэдэг. Ийнхүү их авьяастны их ухааны нөмөрт тэрбээр ханаа дугуйлж, тооноо өргөжээ. 1982 онд Хэнтийн нийтийн аж ахуйнхны тоглолт хотод болоход Бавуугийн Лхагвасүрэн найрагч найруулагчаар нь ажиллаж, Н.Төмөрхуяг гавьяат уг тоглолтод дуулж таарч. Ийнхүү тэдний уран бүтээл, амьдралын зам нийлж, ах дүүгийн, анд нөхдийн холбоо тогтжээ.
Их найрагчийн “Уянгын тойрог” номд “Улаан хацарт” гэдэг нэртэй нэгэн шүлэг бий. Уг шүлэгт Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг аялгуу зохиож, Н.Төмөрхуяг гавьяат сэтгэлд хоногштол дуулж амьдруулсан нь “Хожуу хайрын дуу” нэрээр олонд түгсэн билээ. Түүнээс хойш “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Бурхан заяа” зэрэг авьяас билгийн ундарга болсон Ц.Чинзоригийн гайхамшигт аялгуугаар амилсан хэд хэдэн дууг Н.Төмөрхуяг гавьяат дуулж, амьдруулсан түүхтэй.
Түүний анх дуулж олонд танигдсан бүтээл нь Ардын уран зохиолч Шагдарын Дулмаагийн шүлэг, С.Цэрэнчимэдийн хөгжим “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээх сайхан дуу. Дуучин С.Цэрэнчимэд энэ дууны шүлгийг сонины тасархай дээрээс олж аваад аялгуу хийсэн гэдэг. Тухайн үед Хэнтийн дуучин Цамбалхүндэв тээвэрчдийн байгууллагын 60 жилийн ойд оролцож Улаанбаатар хотод ирэхдээ дуучин С.Цэрэнчимэдтэй танилцжээ. Ингээд “зүүнээс гарсан дээл” шиг аялгуу дөнгөж зохиогоод байсан “Амьдрал хайр дээр тогтдог” дууг нь сурч аваад буцсан аж. Хэнтийдээ очоод шинэ сурсан дуугаа Н.Төмөрхуяг найздаа зааж өгснөөр “Амьдрал хайр дээр тогтдог” дуу эзнээ олж. Уг дуугаа 1987 оны хавар Монголын радиод нууцаар, нэг ёсондоо хулгайгаар бичүүлж байсан гэдэг. Аймгийн чуулгын тайзан дээр гоцлол дуулж болохгүй хоригтой, танхай, эсэргүү нөхрийн дууг Монголын радиод бичүүлнэ гэдэг хэцүү байсан биз ээ. Харин Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолж П.Хаянхярваа шинэ залуу авьяастныг нөмөрлөж, дэмжин анхны дууг нь Монголын радиогийн алтан фондод бичиж өгч байжээ. Тиймээс Н.Төмөрхуяг гавьяат П.Хаянхярваа гуайг багшаа хэмээн дуудаж, ямагт хүндэлж, хайрладаг байсан юм.
Н.Төмөрхуяг дуучны өвөрмөц, уянгалаг хоолойг монгол түмэн биширч, хайрладаг. Тэрбээр аялгуу эгшгийн торгон нугалаанд бөмбөрч, урсаж, аргадаж, уйлж дуулдаг. Дууныхаа үгэнд уусаж, уярч, ухаарч дуулдаг эмзэг, нарийн мэдрэмжтэй дуучин байв. Яруу найрагчидтай дотно нөхөрлөж, шүлгээ дуудахыг нь ойроос сонсож явсан нь уран бүтээлд нь ийн нөлөөлсөн бизээ.
Тэрбээр 1990-ээд онд ардчиллыг анхны цуглаанаас эхлэн дэмжиж явсан шигээ тухайн үед үүсэн байгуулагдсан Хан Хэнтийн зохиолчдын “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн тулгын чулууг тулалцан, сэтгэлгээний хөшүүн царцанги, хахир хүйтэн ханыг нураалцаж явсан юм. Ард түмний хайртай дуучны тухай энэхүү дурсамждаа амьдрал, уран бүтээлийнх нь сонин содон намтрыг чадан ядан эвлүүлэн тэрлэв. Дуулсан дуу бүхэн нь түүх өгүүлэх учраас дурсамжийн өчүүхэн зайд үл багтах билээ. Олныхоо сэтгэл зүрхэнд тэр дуулсаар… Дуун хөрөг үл дундарна.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL: