Ц.Алдармаа: ЭЦГИЙНХЭЭ НЭРИЙГ ДУУДУУЛААД, ТООНД ЗОГСОЖ БАЙХ МЭДРЭМЖ ҮНЭХЭЭР ГУТАМШИГТАЙ

unnamed (1)

Өөрийн амьдралын алдаа оноо, бодит түүхээс сэдэвлэн “Эхиймаа” нэртэй анхны бие даасан бүрэн хэмжээний уран сайхны киногоо өлгийдөн аваад буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Алдармаатай ярилцлаа.

-Багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байв уу. Хэрхэн урлагтай амьдралаа холбосон бэ?

-Би эцэг эхээс дөрвүүлээ. Айлын бага учраас их эрх, хөдөлгөөнтэй охин байсан. Сургуулийнхаа урлаг соёлын арга хэмжээнд идэвхитэй оролцоно. Гэхдээ их эршүүд, голдуу эрэгтэй найзуудтай байлаа. Одоо ч хэвээрээ. Тэгээд ээж маань намайг “Эмэгтэйлэг бай. Охидуудтай найзла” гээд загварын дамжаанд явуулж, топ модель, том н.Цолмонгийн шавь болсон. Багш маань “Энэ хүүхэд сайн модель болно” гэдэг байсан. Харамсалтай нь, би загвараараа олон жил яваагүй. VII ангид байхдаа сонгуулийн сурталчилгаанд явж, анх тайзан дээр гарч үзсэн юм. Тэгэхэд их гоё, сонин мэдрэмж төрсөн. Тэр үеэс жүжигчин болох юм сан гэх мөрөөдөл тээсэн. Кино их үзнэ, тоглож байгаа жүжигчдийг дууриагаад толины өмнө эргэлдээстэй /инээв/. X ангиа төгсөхөд маань надад нисэхэд ажилд орох санал ирсэн. Гэвч би мөрөөдлөө дагасан.

-Ажил, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан үеэ дурсахгүй юу?

-Миний ажлын анхны гараа бол “Шинэ үе” продакшнтай салшгүй холбоотой. СУИС-ийн II курст байхдаа “Шинэ үе” продакшнд бүжигчнээр орж, дараа нь жинхэлж байлаа. Хамт олон, тэр дундаа Г.Ундармаа эгч, Н.Ариунболд ахаас жүжигчин хүний хурд хүч, тайзан дээр биеэ авч явах зэрэг чадварт суралцсан. Ер нь би хошин урлагаас ритм, хөдөлгөөний эвсэл гээд их олон зүйл сурсан. Тухайн үедээ клип, кинонд тоглох санал их ирдэг ч дээрээ удирдлагатай байгууллагын эд эс учраас гаднын уран бүтээлд тоглож байгаагүй. Тэгээд хамгийн анх продакшныхаа залуу уран бүтээлчидтэй хамтран “Буруу эргэлт” кинонд тоглож байлаа. Надад маш олон хүн “Чи ерөөсөө хошин шогийн жүжигчин биш. Алиалж чадахгүй байна” гэж хэлдэг байсан. Ингээд бодохоор би багаасаа л адлуулж ирж. Гэсэн ч тэр бүхэнд гуньж гутардаггүй, ерөөсөө ч тоодоггүй байлаа. Энэ бол миний ажил. Би ажлаа л хийж байна гэж бодож ирсэн. Харин одоо нас 30 гарч, ээж болоод ирэхээр бүх зүйлийг ойлгож эхэлж байна л даа. Муухайгаар хэлбэл, муу санаа сууж байна гэх юм уу даа. Ний нуугүй хэлэхэд надад муу санаа дутмаг юм шиг санагддаг

.-Хүмүүс өндөр, царайлаг охид СУИС-д орох амархан. Нэг мэдэхэд л жүжигчин болж, гол дүр оногддог гэж ярих нь бий. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлбэл?

-СУИС-ийн босго их өндөр шүү дээ. Хүмүүс намайг гаднаас хараад “Их зантай, ярвагар, ааштай” гэх мэтээр дүгнэж, ярьдаг. Ер нь бүх хүнд таалагдах албагүй гэж боддог. “Шинэ үе” продакшнд байхад олон хүнтэй холбож, янз бүрээр л ярьдаг байсан. “Авьяасгүй юм байж яагаад ингэж удаан хугацаанд ажиллаад байгаа юм бол” гээд л. Энэ бүхнийг би тайлбарлаж, зөвөөр ойлгуулах гээд гүйгээд байдаг төрлийн хүн биш. Надад тийм “албин” зан байхгүй /инээв/. Ихэнхи зүйлийг хүмүүст шулуухан хэлчихдэг. Гэхдээ тэр нь эргээд надад гай болдог ч байж магадгүй. Яах вэ, Тухайн жил СУИС-д элсэлт авахдаа царай, зүс, ерөнхий төрхийг нь харж, шалгаж авсан юм. Би өөрийгөө царайлаг гоё сайхан гэж хэлэхгүй. Тэгэж боддог ч үгүй. Магадгүй жаахан нуруулаг болохоор тэнцсэн байх. “Шинэ үе” продакшнд байхад нэг удаа намайг хамт олны хурлаар авч хэлэлцэж “Чи хүн инээлгэхгүй байна. Ур чадвараа сайжруулах хэрэгтэй” гэсэн. Тэгэхээр нь би “Та хэд маань гараад л хүн инээлгэдэг. Харин би үхтлээ инээсэн үзэгчдийг чинь жаахан амраая. Намайг хасвал хас. Би угаасаа чадахгүй байгаа юм чинь одоо хичээнэ ээ гэж худлаа яриад яах юм бэ” гэсэн чинь манайхан “Чи нээрээ аймаар хүн шүү” гэж билээ.\инээв\ Тэр үед олон хүн намайг “Драм юм уу киноны чиглэлээр явах хэрэгтэй” гэж зөвлөдөг байсан. Тэгээд сүүлийн зургаан жил олон кино продакшнтай хамтарч, сайхан дүрүүдэд ажиллалаа. Энэ бүхэнд маш их баярлаж байгаа.

-Хүний сэтгэлийн дотоод ертөнцийг уудлан харуулдгаараа жүжигчний мэргэжил онцлог. Нэг талаар нийгмийн сэтгэл зүйч гэж хэлж болмоор. Энэ үүргээ биелүүлэхэд тань хангалттай дөхсөн гэвэл ямар дүрээ онцлох вэ?

-Би “Байтаг Богд” киноныхоо дүрд их дуртай. Надад итгэл хүлээлгэж дүр өгсөнд маш их баярладаг. Тухайн үед миний амьдрал жаахан уначихсан хүнд байлаа. Тийм үед сайхан уран бүтээлд ажиллах боломж тохиосон нь нэр төрийн хэрэг. Хүмүүсийн итгэлийг алдахгүй юм сан гэж чин сэтгэлээсээ хичээж ажилласан. Уран бүтээлээс хөндийрөөд удсан учраас шинэ баг хамт олонтой ажиллана гэдэг эргэж сэхэх эсэхэд тулсан явдал байв. Ямартай ч босож чадсан. Одоо ингээд ажлаа хийгээд явж байна даа.

-Хүний амьдралд юу эс тохиолдох вэ, нэг өдөр туг барьж, нөгөө өдөр нь тугал хариулж явахыг хэн ч таашгүй. Та бол унаж босохын үнэнийг мэдэрч үзсэн хүн. Тэр мэдрэмжээ хуваалцаач?

-Тийм алдаа хийснээ мэдэх үедээ хүн өөртөө ч итгэхгүй байдалд ордог юм байна лээ. “Чи ийм хүн мөн үү” гэж өөрөөсөө асууна. “Яагаад. Юу болчихов оо” гэх түмэн асуулт толгойд эргэлдэж, цочирдсон. Гэхдээ би өөрийгөө зөвтгөөгүй. Цаг хугацаа бүхнийг харуулна гэж бодсон. Бид дээрээ тэнгэртэй. Биднийг бурхан харж л байгаа. Тиймээс хэн нь үнэн, хэн нь худлаа байсан бэ гэдгийг хүссэн хүсээгүй амьдрал шүүнэ. Гэхдээ өөрийгөө сайн хүн болгох гэж худлаа жүжиглэхгүй. Хүн намайг муу гэж харвал харна биз. Сайн ч гэж дүгнэж болно. Хүн өөрөө өөртөө л зөв байх шиг сайхан чанар байхгүй гэж би боддог. Хүний мэдлэг боловсролоос илүү хүмүүжил гэдэг хэзээ ч хаяж гээж болохгүй, хүссэн ч хаягддаггүй том сургууль байдгийг одоо л мэдэж байна. Миний аав их нийтэч, алиа хошин мэдрэмж сайтай, хамт олондоо нэр хүндтэй жолооч хүн. Биднийг “Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ. Хүнтэй хүн ёсоор харьц” гэж сургаж өсгөсөн. Тиймээс надад итгээд нууцаа ярьж байхад нь итгэлийг нь алдахгүй юм сан гэдэг сэтгэхүйгээр найз, нөхдөдөө хандаж ирсэн. Гэхдээ бусдаас өөр шигээ байхыг шаарддаггүй ээ. Ирэх нь ирээд, явах нь явдаг хорвоо л гэж боддог доо

.-Хэдхэн хором тэвчсэн бол гэж харамсдаг уу?

-Хэрвээ цаг хугацааг эргүүлж болдог бол гэж харамсдаг. Гэхдээ би алдаанаасаа суралцаад явж байна. Хэзээ ч гэж хэлж болдоггүй л гэдэг. Гэхдээ үлдсэн амьдралдаа алдаа гаргахгүй юм сан. Магадгүй хэн нэгэн алдаагаа ухаарч сургамж аваасай. Эх хүний сэтгэлийг мэдрээсэй гэсэндээ би кино хийсэн. Хэн нэгнийг буруутгаж өөрийгөө зөвтгөх санаа агуулаагүй юм шүү гэдгийг онцолмоор байна.Уран бүтээлийг маань үзэгчид шүүх байх гэж бодож байна

.-Таних танихгүй олон хүн өөрийг чинь харааж зүхэж байсан шүү дээ. Тэр бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээг хаанаас олов?

-Би бусдад хэрэггүй хүн байж болно. Гэхдээ гэр бүл, үр хүүхдэдээ хэнээр ч орлуулж болохгүй хүн шүү дээ.Тиймээс нийгмийн сэтгэлзүйд ялагдахыг хүсээгүй. Доош жийх тусам дээшилнэ гэдэг шиг л . Хайртай хүмүүс минь надаас болоод зовж байхад нэмж өөрийгөө яллаад, нийгмийн хог шаар болж болохгүй биз дээ. Тийм учраас би босож ирэх ёстой гэж өөртөө амласан.

-Алдаж, унасан хүн эргээд босох тийм ч амархан биш. Харин таны хувьд харьцангуй хурдан өндийж, уран бүтээлдээ ч эргэн ирсэн. Мэдээж амаргүй байсан байх?

-Хатуухан хэлэхэд, энэ хорвоо дээр ганцаараа юм байна гэдгээ л ойлгосон. Ганцаараа гэдэг нь юуг хэлж байна вэ гэхээр би сайн хүн шүү гээд олон найз нөхөдтэй сайн хүний дүр эсгэж яваагүй. Гэхдээ манай урлагийнхан, миний эргэн тойронд байдаг хүмүүс намайг ямар хүн бэ гэдгийг маш сайн мэддэг байх гэж би боддог. Тэр хүмүүсийн итгэлийг алдахгүй юм сан гэж л хичээж ирсэн.

-Кино хийе гэсэн зорилго, зориг хаанаас гарсан бэ. Яагаад заавал тэр газар болсон үйл явдлыг кино болгоё гэж бодов?

-Яг үнэндээ зориг, зорилго гэдэг зүйл бол надад байгаагүй. Тэр үеийн тухай би аав ээжтэйгээ ярихаас ч ичдэг. Сэтгэлийн мухартаа нуудаг тийм ичгэвтэр хэрэг. Гэхдээ энэ киног хийхэд миний эргэн тойрон дахь хүмүүс намайг зоригжуулсан юм. Ямар ч тохиолдолд эмэгтэй хүн бол эх хүн байдаг юм байна. Эх хүн асар их тэвчээртэй, хүчтэй байдаг гэдгийг би тэр газарт байхдаа ойлгосон. Намайг дэмжиж, “сумлаж” байсан хүмүүсийн ачаар би сумаа зөв тавьсан байх гэж бодож байгаа. Түүнээс би нийгэмд мартагдаж ядаж байгаа зүйлээр маркетинг хийж, ашиг хонжоо хөөж кино хийгээгүй юм шүү. Хэн нэг хүн үзээд “Нээрээ амьдрал гэдэг ийм гоё шүү дээ” гэж бодоосой, бие биенээ уучилдаг, хайрладаг байгаасай гэж хүссэндээ л киногоо бүтээсэн. Тэгээд найруулагчтайгаа ярьж байгаад нийгэмд аль болох зөв талаас нь харуулахыг зорьсон

.-“Эхиймаа” гэдэг нэр их өвөрмөц санагдсан. Яагаад ийн нэрлэв?

-Киноныхоо нэрийг би өөрөө өгсөн. Киноны эвлүүлэг хийгдэж байх хооронд зүгээр суухгүйн тулд гэртээ 108 мөргөдөг байсан юм. Нэг удаа тоолж явсан тоогоо мартаад болдоггүй. Тэгээд хүүдээ “Ээж нь тоогоо мартаад байна. Миний хүү тоолоорой” гэсэн чинь хүү маань “Ээж ээ. Та яг 25 минут мөргөж байна. Таны унтахдаа сонсдог бурхны ая чинь 28 минут. Тэгэхээр энэ аяаа тавьж байгаад мөргөөрэй” гэж хэлсэн юм. Тэр үед хүүгээ ямар хөөрхөн, ухаантай юм бэ гэж бодож билээ. Ингээд бурхны дуу сонсоод мөргөж байхдаа кинондоо Төвд нэр байх ёстой юм байна гэж бодсон юм. Аав минь надад “Алдармаа гэдэг нэрийг би чамд зүгээр ч нэг өгөөгүй” гэж хэлдэг. Гэтэл энэ сайхан нэрийг хэн ч биш болгосон үе надад байсан. “Маа” гэдэг нь бурхны бүхий л тарни номонд ордог, эмэгтэй хүнд тохирсон утга агуулгатай, ээж гэсэн Төвд үг. Тэгээд шинэ амьдралын эхлэл, бүх юмны эх ундарга, эх хүн гэсэн утга агуулгатай нэр өгье гэж шийдээд, найруулагчтайгаа зөвлөлдөж “Эхиймаа” гэдэг нэрийг кинондоо өгсөн.

-Дүрүүдийн тухай ярихгүй юу. Тэр бодит хүмүүс яг кинон дээрх шиг л амьдралыг туулж яваа байх. Дүр сонголтоо хэрхэн хийсэн бэ?

-Дүр сонголт дээр би өөрөө ажилласан. Хэдийгээр бодит дүрүүд ч гэсэн хэнийг тоглуулбал наалдах бол гэж шөнөжин, өдөржин бодож, зургуудаа тавьж харсаар байгаад найруулагчтайгаа зөвшилцөж, шийдвэрлэсэн. Олны хүч оломгүй далай гэж үг байдаг. Тиймээс би ганцаараа зөрөөд зүтгээд байж болохгүй. Хамт олныхоо үгийг сонсож, дүрүүдээ сонгосон. Тэнд болсон үйл явдал, дүрүүдийн зан төрх гээд бүх зүйлийг ярьж өгч, ингэвэл яах уу, тэгвэл яах уу гэж маш их ярилцаж хийсэн. Түүнээс биш би л гол дүр гээд зүтгэж болохгүй. Би гол дүр гэхээсээ илүүтэй, намайг тойрсон дүрүүд гоё байгаасай. Энэ жүжигчид мундаг байгаасай. Эдгээр дүрүүдээс үзэгчид ямар нэгэн зүйлийг олж хараасай гэж бодож киногоо бүтээсэн

-Кинон дээр “Би ганцаараа тэр шоронд зовоод байгаа юм биш ээ. Миний аав ээж хоёр надтай хамт тэр шоронд зовж байсан байна лээ” гэх гоё өгүүлэмж гарсан. Таны аавын дүрийг МУГЖ Ц.Төмөрхуяг маш гайхалтай гаргасан байсан. Киноны нээлтэн дээр аав ээж тань ирсэн үү?

-Нээлтэн дээр аав ээж маань ирсэн. Тэгээд аав маань “Хөгшин нь одоо үхэх эрхгүй боллоо” гэж ээжид минь хэлсэн байна лээ /уйлав/. Би маш их зүйлийг үзэж туулж, тэсэж тэвчиж гарч ирсэн. Тэр бүхнийг уран бүтээл болгоно гэдэг мэдээж хэцүү байлаа. Киноны нээлтэн дээр О.Бат-Өлзий ах надад “Эмэгтэй уран бүтээлчид ингэж зоригтой бүтээл хийх нь ховор. Бас хэцүү байдаг. Баяр хүргэе. Чи сайн байна. Цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье” гэж хэлсэн. Би алдаа гаргасан нь уу гаргасан. Түүнийгээ ухаарсан уу ухаарсан. Хамгийн гол нь хүн уучлалт гуйх сэтгэл зүрхтэй байгаасай гэж би хүсдэг. Би хүүдээ ч тэгэж хэлдэг. “Чи заавал онц сурах хэрэггүй. Заавал хэлтэй, устай ч байх хэрэггүй. Миний хүү зүгээр л хүн бай. Ядруухан нэгэнд туслах чадвартай байх ёстой” гэж захидаг. Ядарч яваа нэгэнтэй аяга хоолоо хуваагаад идэх сэтгэл зүйтэй байх ёстой л гэж би боддог юм.

-Алдаа, оноо бүхэн минь ганцхан минийх биш гэж гол дүрийн эмэгтэй хэлж байсан. Алдсан алдаанаасаа Алдармаа яг юуг ухаарсан бэ?

-Энэ санааг л гаргах гэж их хичээсэн. “Кинон дээрээ огт уучлалт гуйгаагүй байна шүү дээ” гэж олон сэтгэгдэл ирсэн. Тэр бүхэнд хариулт хэлэхэд, би аль эрт уучлалтаа гуйсан. Энэ болгоныг би бусдад хэлж зарлаагүй л болохоос. Эргэн тойрных нь хүмүүс ч мэдэж байгаа. Өөрөө эхэлж дайралтад өртөж байхдаа үхчихгүй яав даа ч гэж бодож байсан үе бий. “Надад гаргасан үйлдлийг нь буцаагаад гаргасан чинь ийм юм болчихлоо” гээд текст кинон дээр гардаг юм. Яг үнэндээ энэ миний тэнэгийнх л байхгүй юу. Энэ үйлдэлдээ би одоо болтол гэмшиж явдаг. Тэр “хэцүү” газар байхад минь долоо хоногийн дараа над дээр эргэлт ирсэн юм. Тэр үед би аавыгаа хараад өөрийгөө маш их харааж зүхсэн. Өглөө болгон аавынхаа нэрийг хамт дуудуулаад тоонд зогсож байх мэдрэмж үнэхээр гутамшигтай /уйлав/. Эцгийн чинь нэр үргэлж чиний нэртэй хамт дуудуулдаг гэдгийг маш сайн ойлгосон. Тэнд зогссон өдөр бүрдээ харамсаж, өөрийгөө ялалсан даа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Сенсааци: Ц.Алдармаа Н.Бооёо ахынхаа “хөнжил”-ийн нууцыг задлана


URL: