Дэлхийн аялал жуулчлалын салбар 80 тэрбум доллар алдаж, 2021 оны хоёрдугаар улирал хүртэл сэргэхгүй гэв

corona-800x450

Бүтэн жил дэлхийг донсолгосон COVID-19 цар тахал эдийн засгийг “залгиж” байгааг олон улсын шинжээчид хэлж байна. Халдварын дэгдэлт улс орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг тоймлоё.

АНУ, БНХАУ хоорондын худалдааны хэлэлцээрийн эхний шатны гэрээ зурагдсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байсан ч шинээр цар тахал урьдчилан тооцсон өсөлтийг бууруулав.  АНУ-ын урд хөршид  үйл ажиллагаа явуулдаг компаниуд доголдол амсаж байгаагаа мэдэгдэж эхэлсэн. Тухайлбал, General Motors, Under armor зэрэг компаниудын үйлдвэрлэл энэ улиралд 15 хувиар буурч, борлуулалт эрс муудах төлөвтэй байна.  Мөн iPhone гар утас, автомашин, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг компаниуд, альцгемер, цусны даралт, малариа зэрэг өвчнийг анагаах эм үйлдвэрлэгчид эд анги, түүхий эдээр тасалдах эрсдэлтэй байна.

АНУ-Д ДӨРВӨН ХҮНИЙ НЭГ НЬ COVID-19-ЭЭС БОЛЖ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БОЛЖЭЭ

 Судалгаагаар АНУ-д насанд хүрэгчдийн дөрөвний нэг нь коронавирусын дэгдэлт эхэлснээс хойш төлбөр төлөх чадваргүй болсон бол гуравны нэг нь мөнгө олох, тэтгэврийн дансаар амь зуух, зургаан хүн тутмын нэг нь найз нөхөд эсвэл гэр бүлийнхнээсээ мөнгө зээлэх болон халамжийн хоол хүнс авсан байдалтай байна. Бага орлоготой иргэдийн 46 хувь нь тахал эхэлснээс хойш төлбөрөө төлөхөд бэрхшээлт тулгарсан гэж хариулсан бөгөөд ойролцоогоор гуравны нэг нь буюу 32 хувь нь түрээс, моргежийн төлбөр хийхэд хэцүү байна гэж хариулжээ. Ажлын байрны хомсдол нь хүн амын тодорхой бүлгүүдийн дунд илүү хурцаар ажиглагдаж 25 хувь нь коронавирусын дэгдэлтээс болж өөрсдийгөө эсвэл гэр бүлийнхээ хэн нэгнийг ажилгүй болсон гэж хариулжээ. Цомхотголд өртсөн иргэдийн  15 хувь нь ажил хайж байна.

ИТАЛИЙН КОМПАНИУД 20 ГАРУЙ ТЭРБУМ ЕВРОГИЙН ТӨСЛӨӨ АЛДАХ ЭРСДЭЛД ОРЛОО

Итали улсад жилд БНХАУ-аас зургаан сая орчим жуулчин ирдэг. Коронавирусын халдвар авсан хүний тоо нэмэгдэж буй тул Хятад улс руу орж, гарах нислэгийг зогсоогоод байгаа юм. Ингэснээр жуулчдын тоог эрс бууруулах хандлагатай байгаа бөгөөд 2020 онд Италийн аялал жуулчлалын салбарын орлого 4.5 тэрбум еврогоор буурах магадлалтай хэмээн судлаачид үзэж байна. Түүнчлэн Зүүн өмнөд азийн орнууд болон Хятадын жуулчид Ром хотод урьдчилан захиалсан зочид буудлуудынхаа захиалгыг цуцалсан нь зочид буудлуудын орлогыг 30 хувиар бууруулах тооцоо гарчээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оны гуравдугаар сард Итали Улсад айлчилж Бүс ба Зам санаачилгын хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Италийн компаниуд 20 гаруй тэрбум еврогийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэхээр яригдсан. Харин  COVID-19-ийн халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл, БНХАУ, Итали Улсын хооронд харилцан тохиролцсон зарим арга хэмжээ цуцлагдаж, хүлээлтэд орох хандлагатай байна.

ГЕРМАН УЛС 200 ТЭРБУМ ЕВРОГИЙН ЭРСДЭЛ ХҮЛЭЭЖ МАГАДЛАЛТАЙ

Хятадад 60.000 ажилчинтай Bosch компанийн хоёр том үйлдвэр нь Ухань хотод байрладаг. Webasto компани Хятад даяар 11 үйлдвэртэйгээс хамгийн том нь мөн Ухань хотод байна. Герман Улсад уг өвчний халдварын анхны тохиолдол тус компанийн ажилчнаас илэрсэн. БНХАУ нь Германы худалдааны салбарын хамгийн том түнш юм. Хоёр талын худалдааны эргэлт жилд 200 тэрбум евро байгаа нь Хятад, Европын гадаад худалдааны гуравны нэгтэй тэнцдэг байна. Германы 5200 компани хятадад үйл ажиллагаа явуулж 1.1 сая хүн ажиллаж байна. Түүнчлэн Германы автомашин үйлдвэрлэгчид Хятад улсад 30 орчим үйлдвэр, 315 газарт сэлбэгийн үйлдвэртэй аж.

СОVID-19 АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХҮНДЭЭР ТУСЧ БАЙНА

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд 150 сая хятад иргэн 277 тэрбум ам.долларыг аялал жуулчлалд зарцуулсан тооцоо гарчээ. Хонконгт 49 сая, Макаод 27.5 сая, Тайланд 10.1, Япон 9.3 сая, Солонгос 6.2 сая, Вьетнам 4.8 сая, Сингапур 3.6 сая, Малайз 3.1 сая, Камбож 2.7сая, Тайваньд 2.7 сая хүн аяласан байна.  Олон улсын иргэний нисэхийн байгууллагын мэдээллээр СОVID-19-ийн улмаас одоогийн байдлаар агаарын тээврийн 70 компани Хятад Улс руу хоёр талын олон улсын нислэгээ цуцалсан бол 50 компани нислэгээ цөөлжээ. СОVID-19-ын сөрөг үр дагавар азийн аялал жуулчлалын салбарт хамгийн хүндээр тусч байгаа бөгөөд долоон тэрбум ам.долларын алдагдалд орно гэсэн тооцоо байгаа бол дэлхийн аялал жуулчлалын салбар нийтдээ 80 тэрбум ам.долларын алдагдалд орж, 2021 оны хоёрдугаар улирал хүртэл сэргэхгүй гэсэн тооцоог “Economist Intelligence” байгууллагаас гаргасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.11 БААСАН № 237 (6462)


URL: