“Ариг банкинд хадгаламж эзэмшигчдийн холбоо” ГҮТББ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ

16163744276057ea9bd00da

“Ариг банкинд хадгаламж эзэмшигчдийн холбоо” ГҮТББ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ. Учир нь сүүлийн үед МАН-аас УИХ-д сонгогдсон нэр бүхий гишүүд болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар “Ариг” банкийг дээрэмдүүлсэн мэтээр худал мэдээлэл нийгэмд тарааж байгаа тул ийнхүү шаардлага хүргүүлж байна гэсэн байна.

Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА

Шаардлага хүргүүлэх тухай:

“АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО”  ГҮТББ нь  Ариг банкинд хадгаламж эзэмшдэг 10,000 гаруй хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалдаг, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Сүүлийн үед Монгол Ардын намаас Улсын Их Хуралд сонгогдсон нэр бүхий гишүүд болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та Ариг банкийг дээрэмдүүлсэн мэтээр худал мэдээлэл нийгэмд тарааж, Хөгжлийн банкинд болон арилжааны банкуудад нийтдээ 300 тэрбум төгрөгийн өртэй, шүүхээр бусдын олон тэрбум төгрөгийг залилж ял шийтгүүлсэн, банкны хадгаламж эзэмшигчдийн олон тэрбум төгрөгөөр гараа угааж, хувьдаа зээл хэлбэрээр хууль бусаар авсан, ах дүү хамаатан садантайгаа нийлж уг банкийг цөлмөж байгаа Эрэл компанийг үүсгэн байгуулсан Б.Эрдэнэбатын талд илт үйлчилж, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна.

Б.Эрдэнэбат нь Ариг банкийг үүсгэн байгуулснаасаа хойш 20 орчим жилийн хугацаанд ашигтай ажиллуулж чадаагүй, олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллуулж байсан, тус банкны хадгаламж эзэмшигчдийн олон тэрбум төгрөгийг өөрөө болон хамаатан саднуудтайгаа нийлж зээл хэлбэрээр хувьдаа хууль бусаар авсан, уг асуудал нь цагдаагийн байгууллагад хэрэг үүсэн шалгагдаж байгаа, өөрийн хамаатандаа хадгаламж эзэмшигчдийн мөнгөнөөс урамшуулал хэлбэрээр нэг жилд 750 орчим сая төгрөг олгосон, тус банк нь арилжааны банкны наад захын шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй болж, дампуурахад бэлэн болж, Б.Эрдэнэбатын Хөгжлийн банк болон бусад банкнуудаас зээлсэн олон зуун тэрбум төгрөгийн төлбөр хураагдах эрсдэл үүсч, уг банкны 10 мянга гаруй хадгаламж эзэмшигчид  ноцтой хохирол нөхцөл байдал үүссэн.

Иймд, тус банкийг дампууруулах эрсдээс урьдчилан сэргийлж Монгол банкны шалгалт орж, нөхцөлд удирдлага томилж ажиллуулсны үр дүнд банк дампуурах эрсдлээс урьдчилан сэргийлж чадсан. Ариг банкинд тус банкны хувьцаа эзэмшигч “Улаанбаатар импекс” ХХК нийт 53.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд тус банк нь Монгол банкнаас 2016 онд тогтоосон арилжааны банкний дүрмийн сангийн доод хэмжээ 50 тэрбум байх шаардлагыг хангуулж,  тогтвортой ажиллаж байна. Харин Б.Эрдэнэбатын 100 хувь хувьцааг нь  эзэмшдэг “Дэм Санхүүгийн Нэгдэл” ХХК  нь өөрийн оруулах ёстой байсан 9 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөг оруулаагүй,  уг  компанийн Ариг банкний дүрмийн санд оруулсан хөрөнгө оруулалт нийтдээ 16.7 тэрбум төгрөг бөгөөд өнөөдрийг хүртэл Ариг банкны хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та шүүхээр олон тэрбум төгрөг бусдаас залилсан нь тогтоогдож ял шийтгүүлсэн, Ариг банкны хөрөнгө, хадгаламж эзэмшигчдийн 10 гаран тэрбум мөнгийг хувьдаа зээл хэлбэрээр авсан, тус банкийг дампууруулах эрсдэлд  оруулсан Б.Эрдэнэбатын худал үгэнд итгэж, Ариг банкаар улс төр хийж, худал мэдээлэл тараахгүй байхыг танаас хүсч байна.

Уг асуудлыг улстөржүүлж, яллагдагч Б.Эрдэнэбатад үйлчилж, банк болон хадгаламж  эзэмшигч нарыг эрсдэлд оруулсан нөхцөлд  “АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО”  ГҮТББ-ын гишүүдийн зүгээс тэмцлийн хурц хэлбэрт шилжих болохыг үүгээр мэдэгдэж байна.

“АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО”  ГҮТББ


URL: