БШУЯ : Цэцэрлэгт хамруулах насыг 3-5 болгох бодлого баримтална

БШУЯ : Цэцэрлэгт хамруулах насыг 3-5 болгох бодлого баримтална

Монгол Улсын Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа 2021 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан.

Үүний бэлтгэл ажлыг хангаж буй эсэх талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад “БШУЯ-наас сургуулийн өмнөх нас буюу таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт 100% хамруулах бодлого барина. Мөн хүүхэд харах үйлчилгээ болон өдөр өнжүүлэх гэх мэтчилэн олон боломжийг нээх өгөх ёстой. Ингэхэд гол нь стандартын асуудал байдаг.

Манай яамнаас цаашид сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог 3-5 нас болгож, 0-3 насныхныг хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх, эцэг эхчүүдэд хоёр настай хүүхдийн хувьсах зардлыг өгөх, цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлэх зэрэг бодлого барина. Энэ талаар холбогдох хуулийн төслүүдэд тусгасан. Ойрын хугацаанд УИХ-д өргөн барина” гэлээ.

Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу яслийн нэг бүлэг нь 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байна гэж заасан.

Энэ шийдвэр хэрэгжвэл 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болох тооцоолол байсан. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3,600 хүүхэд хамрагдана гэсэн судалгааг тухайн үед хийсэн байв. Мөн 2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэнэ хэмээн мөн үед ЗГХМХХ-ээс мэдээлж байлаа.


URL: