ТАЛИЙГААЧ ОХИНЫ АР ГЭРИЙНХЭН: Жаахан охиныг минь духанд нь буудаж, суугаагаар нь мод түшүүлж, дээлээрээ хучсан байсан

ec798c8fd3dbebd2da0d7e4109c9b9b7Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч бусдад буудуулж, амиа алдсан хэргийн мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

         Талийгаач охин 10 жил сургуулийнхаа дотуур байранд амьдарчээ. Тэрээр төрсөн эгчтэйгээ хамт байдаг байсан бөгөөд эгч нь оюутан болсноор эрэгтэй дүүтэйгээ байдаг болжээ. Мөн ээжийнхээ дүүгийн хоёр охинтой хамт нэг тасагт дөрвүүлээ байдаг байсан аж. Талийгаачийнх хоёр охин, хоёр хүүтэй. Зүүнбаян-Улаан сумын нэгдүгээр багт мал маллаж амьдардаг юм байна.Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж мэдээлэл авахаар сумын төвөөс Эмгэд гэх газар руу хөдөллөө.

ТАЛИЙГААЧИЙН ААВ, ЭЭЖ “ХҮҮХЭД ЧИНЬ ОЛДЛОО” ГЭХ МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨ ГЭРЭЭСЭЭ ГАРЧЭЭ

        Талийгаачийнх нь гурван гэрээрээ өвөлжөөнд буусан байв. Ах, дүү, хамаатан садан, айл саахалтынхан нь цугларч, буяны ажилд нь оролцож байлаа. Талийгаачийн аав, ээж хоёрыг цагдаагаас “Хүүхдийг чинь Өвөрхангай аймгийн төвөөс хамт явсан Б гэх залуугийн хамаатныхаас оллоо. Та өглөө хүрээд ир. Хэн рүү ч битгий яриарай” гэж хэл дуулгажээ. Охины аав, хүүхдээ амьд мэнд байгаа гэдэгт итгэж, “Эхнэртээ шөнө нойрон дунд олж ирье” гэж хэлээд аравдугаар сарын 31-нд шөнө хугаслаад цагдаагийн газар руу явжээ. Мөн нимгэн өмд, цамц, углааштай явсан охиндоо санаа нь зовж,  дулаан хувцсыг нь бэлдээд сумын төв орсон гэнэ. Тэднийг очиход цагдаагийн алба хаагчид хэргийн талаарх бодит мэдээллийг өгч, нас барсан гэдгийг нь нь хэлсэн байна. Талийгаачийн аав, ээж нь хямралд орж, охиныхоо цогцсыг тэр шөнөдөө харж чадаагүй гэнэ. Биднийг очих үеэр талийгаачийн аав, ээж охиныхоо буян номын ажлаар Өвөрхангай аймгийн төв яваад эзгүй байлаа.

       Таван ханатай гэрийн зүүн хойд буланд байрлах бор авдар дээр зул хөгжөөжээ. Охиныхоо хөргийг угаалгаж амжаагүй байгаа бололтой зулын ард талд бурхан тавьсан байсан юм. Гэрийн зүүн хавцанд охины нагац эмээ гал өрдөж, тогоо, шанагаа арчиж байв. Харин гэрийн хойморт охины өвөө гаанс соруулж, урт урт амьсгаа аван нулимсаа барьж ядан байлаа. Тэд нэгэн зэрэг толгой сэгсрээд “Хүний нялх үрийг харж хандаж байх ёстой дотуур байр нь ч ямар байдаг юм бэ. Жаахан охинд буу тулгаад, духан дундуур нь ганц буудаад алчихдаг яасан ч харгис, зоригтой хүмүүс байдаг юм” гэцгээж байв. Талийгаач охины эрэгтэй дүү нар хоёр эгчийгээ, аав, ээжийгээ асуугаад сүйд…

ТАЛИЙГААЧИЙН НАГАЦ ЭГЧ: Дүүг минь ангийн багш нь алгадаж, цагдаад хэлнэ гэж сүрдүүлсэн байсан

       

 Бид хэргийн талаарх мэдээллийг талийгаачийн нагац эгчээс авлаа. Тэрбээр ээжийнх нь төрсөн дүү бөгөөд эрлийн ажиллагаанд оролцож байжээ. “Үхсэн хүн үг хэлэх биш дээ” болж байх шиг байна. Бүгд л миний жаахан дүүг буруутгаж, өөрсдийгөө хамгаалах юм. Алга болсон тухай нь аравдугаар сарын 22-нд аав, ээжид нь хэл дуулгасан байна лээ. Аав нь тухайн үед мөнгөний ажил хийхээр айл руу хоёр, гурав хоногоор явчихсан байсан болохоор нь ээж нь очсон гэсэн. Очиход нь бол сургууль, ангийн багш нь найз залуу гэх эрэгтэйтэй хамт явсан гэх мэдээллийг өгсөн байгаа юм. Бид үнэхээр тэр залуутай найзалж байгаа юм бол дагаад явчихсан байж магад гэж бодоод, хугацаа алдсан. Сумын цагдаагийнхан “Найзтайгаа явж байгаа юм чинь гурав хоног харзнаж үзье” гэсэн. Талийгаач дүүг минь аваарын шатаар гаргаж өгсөн охин нөгөө залууг нь буутай яваа гэдгийг мэдэж байсан гэнэ лээ. Хамаатны хүүхэд учраас ахдаа туслах гээд эсвэл ахынхаа дарамтад орсон учраас дүүг нь ятгасаар байгаад гаргасан болов уу гэж хардаж байгаа. Тэр хүүхдээс энэ талаар асуух гэсэн боловч хүүхдийн эрх гэдэг үүднээс бид шууд харилцах боломжгүй юм билээ. Уг нь тэр залуу нэг голын хүүхэд. Яагаад миний жаахан дүүг ууланд аваачаад, ямар шалтгааны улмаас онц хэрцгийгээр хөнөөсөн юм бол… Хэрэв миний дүүд үнэхээр хайртай бол яагаад бидэнтэй ирж уулзаж болдоггүй юм бэ. Өнгөрсөн зунаас хойш нааш, цааш болоод “уулзъя, баръя” гээд байгаа гэдгийг нь бол бид сонссон. Гэхдээ тэр залуу манайхаар ганц ч ирж байгаагүй. Талийгаачийг нөгөө залуутай утсаар ярьж байхад нь байрны багш нь утсыг нь булааж авсан гэсэн. Тэгээд ангийн багш руу нь “Энэ хүүхэд чинь хүнтэй яриад байна” гэж залгаж, дуудсан юм билээ. Ангийн багш нь ирээд, талийгаачийг алгадаж, утсыг нь хурааж авсан гэсэн. Тэгээд дүүг маань цагдаад өгнө гэж дарамталсан гэнэ лээ. Багшаасаа утсаа өгөөч гэж гуйж очсон юм билээ. Харамсалтай нь өгөөгүй байгаа юм. Хэрэв өгчихсөн бол миний дүү тэр залуугийн “Энийг чинь мэдсэн бол хоёр буутай ирдэг байж” зэрэг дарамталсан мессежийг нь уншаад, байрнаасаа гарахгүй байсан байх. Ядаж гарсан бол мотоцикл дээр дарамтлуулаад явж байхдаа ядаж “Авраарай” гээд хэн рүү ч хамаагүй залгах байсан. Охин нь алга болоод эгч сумын төвд байх үеэр ангийн багш нь утсыг нь өгсөн юм билээ. Тэгээд утасных нь мессежийг уншихад буу шийдэмтэй ирсэн, ална гэж сүрдүүлсэн байсан гэсэн. Тэгээд эгч тэнд байсан сургуулийн хүмүүсээс “Энэ буу ямар учиртай юм бэ” гэж асуусан юм билээ. Гэтэл багш нь урдаас нь “Одоогийн залуучууд соёлтой болцгоосон. Энэ буу гэдэг нь “Нэг бол бэлгэвч, эсвэл пиво” гэж байгаа юм” гэж хэлсэн гэсэн. Ээж нь “Тийм л юм байхдаа” гэж бодсон гэсэн. Мөн талийгаач залуу дүүг минь 22 дугаар байранд хүчирхийлж байхыг нь байрны багш нь харсан гэсэн. Энэ бүх асуудлыг нуун дарагдуулж, охиныг алга болсны дараа багш нарт “Тэр охин чинь өөрөө эрийн араас гүйдэг. Хэд хоногийн өмнө 22-ын байрны түлхүүрийг аваад орохыг харсан” гэсэн байгаа юм. Талийгаач Б гэх залуу нь байрны багшийн нөхрийнх нь дүү, гаргаж өгсөн охины ах, галт зэвсгээ ашиглуулсан хүн нь ах нь. Ингэхээр тэд миний дүүг бүлэглээд, зохион байгуулалттайгаар хороочихлоо гэж хардаж байна. бид дүүгийнхээ оршуулгыг дуусгаад явах бүх газраар нь явна. Ядаж дүүгийнхээ нэр төрийг цэвэрлэж авна. “Хүүхэд алга болчихлоо” гээд холбогдох хүмүүст хэлээд эрлийн ажиллагааг явуулахад хэн ч сэтгэл гаргаагүй. Зөвхөн хоёр талын хүмүүс л яваад байсан. Онцгой байдлын газарт хандъя гэхээр “Тэгье” гээд л бүгд зугтаагаад алга болчихдог.Ийм л нөхцөл байдалтайгаар эрлийн ажиллагаа ес хоног өлгөн салган үргэлжилсэн шүү дээ. Бидний бодож байгаагаар дүүг авч явсан шөнөө буудсан байх гэж бодож байгаа. Ууланд цогцос нь ес хоног байсан. Тэр хавьд байдаг малчин хүн харж байж хэл дуулгасан. Тэрнээс биш олохгүй хэчнээн ч хонох байсан билээ дээ. Хэргийн газар нь Улаанчулууны арал гээд малын бэлчээр шахуу газар юм билээ. Тэд амь нас нь эрсдэлд орчихсон гэж тооцоолохгүйгээр эрэгтэй хүнтэй зугтаж яваа л гээд байсан” гэлээ.

Талийгаач охин, дүү нартайгаа хамт 21:00 цагийн үед орондоо орж, хамгийн сүүлд дүүдээ “Багшид утсаа хураалгачихлаа. Ээжид загнуулсан байх аа” гэж хэлжээ.

ТАЛИЙГААЧИЙН ӨВӨӨ: ОХИН МИНЬ ЭМЧ БОЛЖ ӨВЧТЭЙ ӨВӨӨ, ЭМЭЭГЭЭ ЭМЧИЛНЭ ГЭДЭГ БАЙЛАА

            Талийгаач охин эмч болох мөрөөдөлтэй байжээ. Тэрээр ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд зургаан жилийн дараа өвөө, эмээгээ эмчилнэ гэж ярьдаг байсан гэнэ. Энэ талаар түүний өвөө “Жаахнаас нь л бид хамтдаа байсан даа. Төлөв даруу, даруухан охин минь байсан шүү дээ. Тэтгэврийн би 70 нас гарч явна. Эмээ нь 60 гаруй настай. Эмээгийнх нь хөл өвдөж, би харвачихсан болохоор охин минь бид хоёрыг эмчилж өгнө гэж ярьдаг байлаа. Хичээлдээ онц сурдаг байсан гэж би сонссон. Эмч болно гэхээр нь өөрөө л мэриймтгий, зүтгэлтэй байх юм бол болно доо гэж хэлсэн юм. Бид суманд гэртээ эсвэл ах, дүү хамаатан садныдаа үлдээсэн бол хүүхдүүд рүүгээ байнга очоод байна. Наанадаж гал хуй алдах вий гээд санаа зовж, гэрээр нь эргэж байна шүү дээ. Гэтэл бүүр аюулгүй гээд үлдээсэн газраас нь шөнө дөлөөр гаргаад аваад явчихсан байна. Яаж тамлаж, дарамталж, уулын мод руу авч явсан бол. Очоод яасан их айлгаа бол гэж бодохоос зүрх зогсчих гээд байна. Хөөрхий дөө, сайхан охиноо харгислал дундуур галт зэвсгийн золиос болголоо. Энэ яваа насандаа ийм ч юм үзэх гэж дээ” гээд уйлав.

ТАЛИЙГААЧИЙН ЭМЭЭ: ОХИНОО ГАЛТ ЗЭВСГИЙН ЗОЛИОС БОЛГОЧИХЛОО

          Талийгаач Б-ийнх О охиныхоос гурван километрийн зайтай нутагладаг гэнэ. Б-ийн аав, ээж нь тохь, томоотой хүмүүс байдаг талаар талийгаачийн эмээ ярив. Тэрбээр “Олон жил нэг нутаг ус явлаа. Аав, ээж нь сайхан зантай, дөлгөөхөн хүмүүс л байдаг. Тэр хүүтэй нь бол уулзаж үзээгүй. Цэрэгт яваад ирсэн хүн юм гэсэн. Өлтийн уурхайд ажилладаг байсан юм уу даа. Онцгүй л хүү байж дээ. Зөв үерхэж чадахгүй, охиныг минь харгисаар хөнөөгөөд, биднийг тамд унагалаа. Өөрийнх нь эцэг, эх ч гэсэн тамд уналаа шүү дээ. Хүнээ алдсан хүмүүс ямар олиг байх вэ. Миний охин чинь хичээлдээ мундаг сурдаг, дайчин байлаа. Байнга л инээж явдаг. Үг дуу цөөтэй, тийм амархан хүний ятганд орохгүй, хүн дагаад явчих хүүхэд биш. Өмнөх өдөр нь ээжтэйгээ зүгээр тайван утсаар ярьж байсан гэсэн. Юундаа ч хүүхэд байж гуньж, гутрах вэ дээ. Жаахан охиноо галт зэвсгийн суманд өртүүлчихнэ гэдэг төсөөлж чадахгүй байна. Ар гэрийнхэнтэй хэрэлдэж, маргалдсан юм байхгүй” гэлээ.

Талийгаач охины ар гэрийнхэн маш их гомдолтой байгаагаа илэрхийлж, охиныхоо нэр төрийг сэргээнэ гэдгээ мэдэгдэж байлаа.

УУЛАНД ОЧИЖ ГАЛ ТҮЛСЭН БАЙЖЭЭ

            Талийгаачийн цогцос сумын төвөөс зүүн тийш 10 гаруй километрийн зайнаас Жаргалантын даваа гэх газрын Улаанчулууны арал хэсгээс олджээ. Тодруулбал, талийгаач Б мотоциклоо Жаргалантын даваа хэсэг рүү дөхүүлж, модны захад очсон байж болзошгүй гэнэ.

            Эх сурвалжийн мэдээлснээр “Талийгаач нарын цогцос уулын модон дундаас олдсон. Талийгаач охиныг духан дунд нь буудаж, мод түшүүлээд суулгасан байдалтай байсан. Эсвэл охиныг буудна гэж сүрдүүлж, модонд тулгаж, буудсан байх магадлалтай. Охины цогцос суугаагаараа, дээрээс нь дээл нөмрүүлээд орхисон байна лээ. Эл хэргийг төлөвлөж хийсэн байх магадлал тун өндөр байгаа. Учир нь талийгаач дэлгүүрээс яг хоёр сум авч явсан байна лээ. Хэргийн газарт шөнө гал түлсэн байсан. Гал түлсэн ул мөр олдсон. Талийгаач Б охиныг хороочихоод хэдэн шөнө сахиж хоносон ч байж болзошгүй. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа болон задлан шинжилгээгээр тогтоогдоно” гэлээ.

ТАЛИЙГААЧ Б АХЫНХАА ГЭРЭЭС БУУ ХУЛГАЙЛЖЭЭ

           Талийгаач Б аравдугаар сарын 10-даас хойш гэртээ очоогүй, аав, ээжтэйгээ уулзаагүй гэнэ. Тэрээр уурхайд ажиллаж, сумын төв ирж, очдог байжээ. 20 гаруй хоног уурхайд ажиллаж, цалингаа аваад сумын төвд ирсэн гэнэ. Талийгаачийг хөнөөсөн галт зэвсэг нь Б-ийн ах Болд гэж хүний нэр дээр бүртгэлтэй байдаг аж. Харин Болд гэж хүн нь хамаатандаа хэдэн жилийн өмнө заржээ. Цагдаагийн байгууллагаас бууны эзнийг олж тогтоож, мэдүүлэг авсан аж. Урьдчилсан байдлаар тус галт зэвсэг нь талийгаач Б-ийн ах Т гэж айлын илүү гэрт байжээ. Талийгаач Б хэрэг гардаг тус айлд очиж, бууг нь хэлэхгүйгээр авч явсан гэнэ.

СУМ ЗАРСАН ХУДАЛДАГЧ: МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ

           Хууль бусаар сум зарж, борлуулсан хэргээр тус дэлгүүрийн нэгэн худалдагчийг мөн шалгаж байна. Талийгаач Б худалдагч Тогтохоос “Манай хоттой хонь руу чоно дайрлаа. Аав, ээж хоёр ядаж хоёр сум аваад ир гэнэ” гээд гуйсаар байгаад хоёр сум аваад явжээ. Бид энэ талаар дэлгүүрийн худалдагч Тогтохоос мэдээлэл авах гэсэн боловч “Мэдээлэл өгөхгүй” хэмээн дэлгүүрийнхээ лангууны араар орж нуугдсан юм.

Охиныг алга болдог өдөр сургуулийн жижүүр Н.Нэргүй гэх эрэгтэй байрны жижүүр багшаар хоножээ. Тэрбээр өмнө нь хоёроос гурван удаа байрны жижүүрээр хонож байсан. Албан ёсны байрны жижүүр биш учраас хүүхдүүдийг сайн таньдаггүй аж. Тус дотуур байр нь 97 хүүхэдтэй, гурван жижүүр, нэг багштай.

ОХИНЫГ АЛГА БОЛДОГ ӨДӨР ЖИЖҮҮРТ ГАРЧ БАЙСАН ЖИЖҮҮР Н.НЭРГҮЙ: АВААРЫН ШАТНЫ ТҮЛХҮҮРИЙГ ШИРЭЭН ДЭЭР ОРХИСОН

              Тухайн өдөр жижүүрт гарч байсан Н.Нэргүй “Аваарын шат болон байртай холбогдолтой бусад түлхүүр жижүүрт байдаг.Тухайн өдөр бууж байгаа жижүүрээс түлхүүрээ хүлээж авсан. Оройн тоогоо хийгээд, 19:00 цагийн үед байрны хаалгаа барьсан. Хүүхдүүд тасаг тасагтаа орж, гэрийн даалгавраа хийх нь хийж, зарим нь унтах бэлтгэлээ хангаж байсан юм. Оройн тоо авах үеэр талийгаач охин тасагтаа байж байсан. Тэгээд тэр 20:40 цагийн үед талийгаач эрэгтэй дүүтэйгээ хамт хоёрдугаар давхраас бууж ирээд, гадагшаа ариун цэврийн өрөө орохоор явсан. Би дүүтэйгээ явж байгаа учраас тоогоогүй. Төд удалгүй дүү нь ганцаараа гүйгээд байрны хаалгаар ороод ирсэн. “Эгч чинь яасан бэ” гэж асуухад хариу хэлэлгүй тасаг руугаа гүйгээд явчихсан. Би байрны гадаа гарч, модон жорлон руу дөхөөд “Байрны хаалгаа хаагаад, цоожиллоо шүү” гэж хашхирсан. Тэгээд нөгөө охин жорлонгийн тэндээс гүйж ирээд, тасаг руугаа орсон. 21:00 цагт би тасгуудаар явж, хүүхдүүдийг унт гэж хэлсэн. Тэр үед талийгаач О болон тасгийнхан нь бүрэн байсан. Хүүхдүүдийг “Унтаарай” гэж хэлэх үедээ би түлхүүрүүдээ хяналтын камер, жижүүрийн өрөөний ширээн дээр үлдээсэн байна лээ. Хүүхдүүдийг унтуулаад жижүүрийн өрөөнд сууж байхад хэн нэгэн хоёр давхрын хонгилын гэрлийг унтраасан. Хонгилын гэрлийг унтраах ёсгүй байдаг юм. Би баруун жигүүрээр дээшээ гарч гэрэл асаахаар явах хооронд Э,О хоёр зүүн жигүүрийн шатаар буугаад аваарын шатаар гарсан байна лээ. Э буцаж тасагтаа орсон гэсэн. Миний ширээн дээрээс түлхүүрийг аваад аваарын шатны хаалгыг нээсэн байх. Яаж байгаад миний түлхүүрийг авчихсаныг би мэдэхгүй. Гэрэл унтраачихсан учраас хяналтын камерт хэн явж байгаа нь харагдах боломжгүй. Тэр шөнөдөө хүүхэд гарсныг мэдээгүй. Өглөө нь талийгаач охины ангийн багш залгаж, хичээлдээ ирэхгүй байгаа талаар нь хэлсэн. Би тасагт нь очиж харахад гурван дүү нь “Эгч хичээлдээ явсан” гэж хэлсэн. Гэхдээ тэр охины гадуур хувцас, хар цүнх нь орон дээр нь байж байсан” гэлээ.

Тус хэргийг бүлэг зохион байгуулалттай байж болзошгүй хэмээн ар гэрийнхэн нь хардаж буй. Учир нь, байрны багш Б.Хоролсүрэнгийн нөхөр нь талийгаач Б гэх залуугийн ах нь байжээ. Мөн охиныг ятгаж аваарын шатаар гаргаж өгсөн сурагч Э талийгаач Б-ийн үеэл дүү. Хэрэг үйлдэгдсэн галт зэвсэг мөн хамаатан садных нь.

             Бид албаныхантай уулзаж мэдээлэл авах үеэр Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллуулсан баг Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан юм. Сум, сургуулийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, бүтэн өдрийн турш хуралдаж, 15:00 цагийн үед дуусав. Бид энэ үеэр дараах албан тушаалтнуудаас мэдээлэл авлаа.

АНГИЙН БАГШ С.ЛХАМНОРЖМАА:ТЭР ЗАЛУУТАЙГАА ДАХИЖ УУЛЗАХ ВИЙ ГЭЖ БОДООД УТСЫГ НЬ ХУРААЖ АВСАН

           

ОХИНЫ АНГИЙН БАГШ С.ЛХАМНОРЖМАА “Манай анги 21 хүүхэдтэй байсан. Нэг хүүхэд маань харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Би өмнө нь ангийнхаа охидоос судалгаа авч, хүнтэй үерхдэг эсэхийг нь асууж байсан. Судалгаан дээр хүүхдүүд “Үгүй, хүнтэй үерхдэггүй” гэх тайлбарыг өгсөн. Би сурагчийгаа алга болохоос хэд хоногийн өмнө л тэр залуутай үерхэж байгаа гэдгийг нь мэдсэн. Талийгаач охин хичээлдээ сайн, төлөв даруу хүүхэд байсан. Хүнтэй олон юм ярьдаггүй, юм асуухаар тийм, үгүй гэж хэлээд болдог. Шүр, сувдаар бүтээл хийх авьяастай байсан. хичээлээ ганц ч удаа тасалж, чөлөө авч байгаагүй. Идэвх чармайлттай, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг охин байлаа. Охиныг алга болдог өдрийн 13:50 цагийн үед байрны багш над руу залгаад, “Аж ахуйн хашаан дээр хүрээд ир. О охин нөгөө залуутайгаа байгаа юм шиг байна. Хүн тэгж хэллээ”  гэж хэлсэн юм. Байрны багш руу таньдаг хүн нь залгаад “Аж ахуйн хашаан дотор нэг мотоцикл байна. Зоорь руу нэг хүүхэд орчихлоо. Танай байрны хүүхэд биш үү” гээд ярьсан юм билээ. Тэр үед байрны багш ахлах ангийн хүүхдүүдээ бүртгэж, тоо авсан гэсэн. Тэгэхэд ганцхан О байхгүй байхаар нь нөгөө залуутай явж байж магад гээд намайг дуудсан юм билээ. Намайг очиход аж ахуйн хашааны модон, тоосгон өвсний фондын голд цэнхэр мотоцикл байж байсан. Байрны багш бид хоёр тэр хавиар хайгаад, хашаан дотор байдаг зоорь руу орсон. Зоорь руу ороод хаалганы төмөр хаалган дээр очоод ангийнхаа охины нэрээр дуудсан. Гарч ирэхгүй болохоор нь би айлгах зорилгоор “Цагдаа дуудлаа” гэж хэлсэн. Төд удалгүй зоорийн хаалга онгойгоод, Б гэх залуу нь эхлээд гарч ирсэн. Тэгээд “О байна уу” гэж асуусан чинь “Байна” гэж хэлээд, цаанаас нь гараад ирсэн. Би ангийнхаа охинд “Гэгээн цагаан өдрөөр чи юу хийж байгаа юм бэ. Алив явъя” гэж хэлэхэд нөгөө залуу охины бэлхүүсээр нь тэвэрчихээд, гараас нь зуураад байхаар нь охины гар руу нь алгадаад, гадуур хувцаснаас нь татаад авч гарч ирсэн. Нөгөө залууд нь байрны багш “Чи хүүхэдтэй үерхэх гээд байгаа юм бол гэрийнхнээс нь зөвшөөрөл ав” гэж хэлсэн. Гэтэл урдаас нь “Аав, ээж нь зөвшөөрдөггүй юм. Битгий хэлээрэй” гээд л байсан. Тэгээд охиныг машиндаа суулгаад байрны үүдэнд авчирсан. Дахиж холбоо тогтоогоод орой, үдэш уулзах вий гэсэндээ би охиныг “Багшдаа утсаа унтраагаад өг” гэж хэлсэн. Хүүхэд эсэргүүцэл үзүүлэхгүйгээр утсаа өгсөн. Би тухайн өдөр байрын жижүүрээр гарч байсан Н.Нэргүйд “Манай ангийн охин гадуур залуутай уулзаад явж байна. Орой үдэш гарах вий гээд захиж үлдээсэн” гэж сануулж хэлээд, захиж үлдээсэн” хэмээлээ.

СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.БААСАН: БИД ХҮҮХДҮҮДИЙГ АМЬ ЭРСЭДНЭ ГЭЖ ТООЦООЛЖ, ТӨСӨӨЛӨӨГҮЙ

         СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.БААСАН “Аравдугаар сарын 21-22-нд шилжих шөнө хүүхэд алга болсон байдаг. Сургуулийн захирал надад мэдэгдэж, бид эрэн хайх ажиллагааг талийгаачийн ар гэрийнхэнтэй хамтарч, өөрсдийнхөө боломжийн түвшинд ажилласан. Хүүхдүүдийг хайж байх үед “Энд явж байна, тийшээ явсан” гэх худал мэдээллүүд гарч, бидний ажлыг самгардуулсан асуудал бий. Бид хүүхдүүдийг амь эрсэднэ гэж огт тооцоолж, төсөөлөөгүй. Тийм сэжүүр бидэнд байгаагүй. Манай сургуулийн захирлаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн бүх зочид буудлаар хайсан. Хоёрхон буудал үлдээсэн байгаа. Эрлийн ажиллагаа удаашрах гээд байгаатай холбоотойгоор бид аймгийн тагнуул, онцгойд мэдэгдэх гэж бэлтгэл ажил хангасан. Мөн хүүхдүүдийн данс руу мөнгө хийж, сүлжээтэй газар орох нь уу гэж хүртэл ажигласан” гэлээ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Д.БОЛДМАА: Надад талийгаач охиныг эрсдэлтэй байгаа талаарх мэдээлэл ангийн болон дотуур байрны багш, нийгмийн ажилтнаас өмнө ирж байгаагүй

         СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Д.БОЛДМАА: Сургуулийн захиргаа охиныг алга болсныг аравдугаар сарын 22-нд мэдсэн. Тэр өдөртөө холбогдох шатны байгууллагуудад мэдэгдсэн байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалах, дээдлэх үүднээс бид талийгаачийн ээж, ар гэрийнхэнтэй нь аравдугаар сарын 22, 23-нд дотуур байранд хамт байсан. Бие засах болон шаардлагатай тохиолдолд хүүхдийн ээжийн хажуугаас холдсон. Тухайн үед хүүхдүүдийг аль зүгт явсан гэдгийг нь мэдэхгүй, зүг, чиггүй байсан учраас бүхий л боломжтой газрыг дэвшүүлж, хамтарч ажилласан. Алга болсон өдрөөс бид эрлийн ажиллагааг эхлүүлж, сумын ойр орчмоор хайж байсан. Мөн шөнө оройн цагаар тандах арга хэмжээг авч ажилласан. Хүүхдүүдийг аймгийн зочид буудал, хүнсний дэлгүүр, ойролцоох сумдын амралтын газраар хайсан. Ер нь эцсийн мөч хүртэл охины ар гэрийнхэнтэй эрлийн ажиллагааг явуулсан гэж болно. Надад талийгаач охиныг эрсдэлтэй байгаа талаарх мэдээлэл ангийн болон дотуур байрны багш, нийгмийн ажилтнаас өмнө ирж байгаагүй. Хэрэв бид урьдчилж мэдсэн бол шаардлагатай арга хэмжээг авна шүү дээ. Охины алга болсон өдрөөс л хүүхдийн хамтарсан баг ажиллаж эхэлсэн. Талийгаач охины утсанд ирсэн буутай холбоотой мессежийг унших үеэр охины ээж, манай сургуулийн багш бид гурав байсан” гэлээ.

БАЙРНЫ БАГШ Б.ХОРОЛСҮРЭН: Би талийгаач охиныг тэр залуутай хамт 22 дугаар байр руу орсныг мэдсэн

Талийгаачийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр талийгаач Б охиныг нь өмнө нь хүчирхийлсэн байж болзошгүй. Энэ асуудлыг нь байрны багш нь мэдэж байгаа гэх мэдээллийг өгөөд байгаа.

        Бид үүнтэй холбоотойгоор байрны багш Б.Хоролсүрэнгээс тодруулахад “Талийгаач охиныг аравдугаар сарын эхээр Б гэх залуутай дотуур байрны урд талд байрлах 22 дугаар байрны нэг өрөөнд хамт байгааг нь би хүүхдээс мэдсэн. Харин охиныг хүчирхийлсэн эсэхийг би мэдэхгүй. Би энэ талаар сургуулийн нийгмийн ажилтанд хэлж, охинтой бид хоёр манай өрөөнд уулзсан. Тэр үед талийгаач “Бид хоёр зургадугаар сараас үерхсэн. Та аав, ээжид маань битгий хэлээрэй. Биднийг ойлгодоггүй юм” гэж хэлсэн. Тэгээд нийгмийн ажилтан бид хоёр охины талаар дараа ярилцъя гэж хэлээд өнгөрсөн. Талийгаач Б манай нөхрийн дүү мөн.

НИЙГМИЙН АЖИЛТАН ТАЛИЙГААЧ Б, О НАРТАЙ ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ УУЛЗАЖ, ҮЕРХЭХ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧЭЭ

НИЙГМИЙН АЖИЛТАН: 

     Байрны багш 22 дугаар байранд охиныг залуутай хамт орсон гэдэг мэдээллийг надад өгсөн. Гэхдээ тус 22 дугаар байранд амьдардаг хүүхэд “Манай өрөөнд 12а ангийн О охин Б гэх залуутай орж, ярилцсан” гэж хэлсэн байна лээ. Тэгээд би байрны багштай хамт О охиныг найз залуутай нь дуудаж, зөвлөгөө мэдээлэл өгсөн. Тэдэнтэй уулзахад хоёулаа “Өнгөрсөн зунаас үерхсэн” гэж хэлсэн. Мөн О охин “Багш аа, та ээжид минь энэ тухай битгий хэлээрэй. Би энэ залуугаас салж байгаа. Дахиж хүнтэй үерхэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би “Та нарын насны хүүхдүүдийн үерхлийг хорихгүй. Зөв үерхэх нь чухал” гэж зөвлөгөө өгсөн” гэлээ.

           Хүүхдийн хамгийн аюулгүй, өндөр хараа хяналттай байх ёстой газар бол гэр, дотуур байр. Шуудхан хэлэхэд, олон арван хүний нялх үрийг эрсдэлгүй, аюулгүй байдлыг нь хангаж ажиллах ёстой дотуур байрны багш, жижүүр, ангийн багш, цаашлаад нийгмийн ажилтан, сургуулийн хариуцлага алдсаны улмаас арван жилийн сурагчийн амь хохирлоо. Иргэн та бага насны хүүхэд болон өсвөр насны охиндоо тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж, Өвөрхангай аймгаас дээрх харуусал, гуниг тээсэн сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ. Дахиж нэг ч хүүхэд харгис, хатуу нэгний гарын шүүс, зугаа болохгүй, айдасгүй тайван амьдраасай…

https://ergelt.mn/news/59/single/15118


URL: