Дэлхий дээр олон мянган жил оршин байсан “Зомби вирус” – Галзуу өвчний тухай товчхон…

6455fa96ea5dc595299ccfbf20431b93“Анхаараарай! Зомбины вирус дэгдлээ!” гэх зарлалыг магадгүй буйдан дээрээ зомбитой уран сайхны кино тухлан үзэх дуртай үзэгчид хүлээдэг биз ээ. Хэрэв тийм вирус хүн төрөлхтний дунд дэгдвэл алх, лантуугаа аваад ороолонгийн анд гарах эрэлхэг хүмүүс ч цөөнгүй бий гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ хүн төрөлхтний дунд хэдэн мянган жилийн туршид тэрхүү вирус оршин байсаар байгаа гэдгийг та мэдэх үү?

Гэхдээ энэ вирусийг үнэхээр кинон дээр гардаг шиг хүнийг амьд үхдэл болгон хувиргадаг вирус мөн үү гэвэл үгүй. Зомбины вирус гэдэг нь ерөнхийдөө ууртай догшин зан авир, бие арзайлгам дүр төрхийг бий болгож, хазалтаар дамжин халдварладаг өвчин билээ. Эдгээр шинж тэмдэг дэлхий дээрх нэг өвчний шинж тэмдэгтэй бүрэн нийцдэг нь галзуу өвчин аж.

Галзуу өвчтэй амьтны биед олон тооны өөрчлөлт гардаг. Жишээлбэл шүлсээ савируулж, гадаад төрх нь үзэхийн аргагүй болтлоо өөрчлөгдөх ба зан авир нь ч маш догшин болж хувирдаг билээ. Өөрийн үйл хөдлөлөө удирдан чиглүүлэх чадамжгүй болж, шороо, чулуу, мод гээд таарсан бүхнээ идэж, юунаас ч айх айдасгүй болж харсан бүхэн рүүгээ үсчин дайрч эхэлдэг нь яах аргагүй галзуу өвчний шинж тэмдэг.

Харин хүн галзуу өвчинд нэрвэгдсэн тохиолдолд гөлрөө болж, эрүү, ам унжиж, бие сулрах шинж тэмдгүүд тодрон гардаг. Галзуу өвчний вирус шүлсэнд агуулагдах боловч салстлаг мембранаар дамжин халдварладаг. Иймээс ч тархан халдахдаа тун хурдан өвчинд тооцогддог.

Дэлхий дээр галзуу өвчин бүртгэгдээгүй цор ганц газар бол Антарктид тив ажээ. Мэдээж ан амьтан ховор, алс бөглүү нутаг тул уг вирус тархах магадлал асар бага юм. Бусад бүх л эх газруудад чоно, үнэг, тарвага, сарьсан багваахай болон мэрэгч амьтад болон муур, нохой, гахай, эвэрлэг мал гэх мэт гаршуулсан амьтад дунд ч энэ өвчний вирус их тохиолддог. Түүнчлэн шувууд ч галзуу өвчний вирус тээгч болох боломжтой боловч шүлс маш бага ялгардаг тул цааш дамжуулагч болох явдал маш ховор тохиолддог аж.

Энэ вирус хүн төрөлхтний дунд олон мянган жил ийнхүү оршин байсан боловч чухам яагаад хүний нийгэмд төдийлөн их аюул занал учруулсангүй вэ? Үүний хариулт маш энгийн буюу энэ өвчний халдвар авсан хүний амьдрах хугацаа хэдхэн долоо хоногоор л хэмжигддэгтэй холбоотой юм. Түүнчлэн химич Луй Пастер галзуу өвчний вирусыг дарах аргыг олж, түүний эрсэг биет үүсгэгч вакцин гарган авснаар галзуу өвчин хүн төрөлхтний өмнө аюул занал учруулахаа больсон ажээ.

Ийнхүү барууны өндөр хөгжилтэй орнуудад галзуу өвчин аль хэдийн толгойны өвчин байхаа болиод байгаа боловч Ази болон Африкийн орнуудад өдгөө ч галзуу өвчний вирус аюул занал учруулсаар байна. Хэрэв уг вирус мутацид орж, вакциныг дарангуйлах чадамжтай болвол хүн төрөлхтний дунд зомбины сүйрэл болохыг ч үгүйсгэх аргагүй юм. Боломж бага боловч боломжгүй зүйл гэж үгүй билээ.

https://www.caak.mn/view/8289140/

URL: