Дасгалжуулсан гурван бөхөөс нь допинг илэрсэн Д.Батнямыг шалгаж, хариуцлага тооцъё

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цаана хэн байдаг вэ. Тэдэнд хэн зөвлөдөг вэ. Улсын арслан Э.Оюунболдыг давтан допинг хэрэглэсэн гэх шалтгаанаар барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэр гаргалаа. Үндсэндээ бол дахиж барилдах нь бүү хэл зүлэг ногоон дэвжээнд гарах “эрх”-гүй болголоо гэсэн үг. Тэгвэл гарынх нь, бэлтгэсэн хэдэн шавь нар нь толгой дараалан допингийн хэрэгт ороогдож,  асуудал үүсгэж, Монгол бөхийн нэр хүндийг шавартай хутгаж, сэргээшээр “бөмбөгдөж”, барилдах эрхээ хасуулж байхад удирдаж, харгалзаж, хянаж байсан багш ямар хариуцлага хүлээх ёстой вэ. Товчхондоо, хажуугаас нь алхам ч холдоогүй, шавь нараас допинг илэрсэн Д.Батням дасгалжуулагчийг шалгаж, зохих ёсны хариуцлага үүрүүлэх ёстой юм биш үү.

Д.Батням дасгалжуулагчийн зөвлөж, дасгалжуулж, эцэст нь допинг илэрсэн гурван бөхийг танилцуулъя.

Улсын арслан Э.Оюунболд.

               Түүнээс 2019 онд допингийн дөрвөн төрлийн бодис илэрсэн гэдэг. Тэрбээр энэ үедээ дасгалжуулагч Д.Батнямын удирдлагын дор хүчний бэлтгэлээ базааж байсан юм. Э.Оюунболд, Д.Батням нар 2019 оноос багш, шавийн барилдлага барилцаж, хадаг, сүү солилцож байсан гэдэг. Багш, шавь болсон тэр жилд нь Э.Оюунболд дахин түрүүлж, түүний шинжилгээнээс допинг илэрсэн юм. Энэ талаар Д.Батням дасгалжуулагч хэлэхдээ “Шинжилгээний хариу гарсны дараа би Э.Оюунболдоос асуусан. “Чи надаас нууцаар юм хэрэглэсэн үү, эсвэл сэжиглэж байгаа зүйл байна уу, хаана алдаа гарсан бэ, ний нуугүй ярья. Допинг байж болох зүйл хэрэглэсэн бол багшдаа үнэнээ хэл” гэхэд Э.Оюунболд “Багш аа, би үнэхээр юу ч хэрэглээгүй. Та ядаж надад итгээрэй” гэж хэлсэн. Шавийгаа хорлоод сууж байдаг багш байдаг юм уу” хэмээн ярьж байлаа. Энэ жил улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрлээ. Ингэхдээ хоёр төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл бий. Мөн л Д.Батням багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа базааж байсан юм.

Э.Оюунболд, Д.Батням нар 2019 оноос багш, шавийн барилдлага барилцаж, хадаг, сүү солилцож байсан гэдэг

Улсын арслан Р.Пүрэвдавга.

          Р.Пүрэвдавга арслангаас 2020 онд допинг илэрч, барилдах эрхээ 11 сараар хасуулж байлаа. Тодруулбал, түүний шинжилгээнээс гурван төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний баяр наадмын комиссоос зарласан байдаг. Улсын арслан Р.Пүрэвдавга ч энэ алдаагаа хүлээн зөвшөөрч, бөх сонирхогч, Монголын ард түмнээс уучлалт гуйж байлаа. Тэрбээр 2020 онд Д.Батням багшийн удирдлага дор 14 хоногийн хүчний бэлтгэл хийсэн гэдэг. Р.Пүрэвдавга арслан дасгалжуулагч Д.Батнямд “Арслан болсноосоо хойш сайн барилдаж чадахгүй байна ачаалал, төлөвлөгөө дээр ажиллаж өгөөч. Хөл ажиллахгүй байна. Хөлийн ажиллагааг засчихвал болох гээд байна” гэж 2020 оны зургадугаар сард хандсан гэдэг. Энэ талаар дасгалжуулагч Д.Батням хэлэхдээ “Арслан Р.Пүрэвдавга надад өөрөө хандсан. Бид хоёр 14 хоног тусгай бэлтгэл хийсэн. Хөлийн дасгал дээр ажилласан. Сайхан сэргээд явсан. Би шинэ мэх заадаг хүн биш. Дутуу хийгээд байгаа мэхийг яаж зөв хийж болох вэ. Ачаалал, хүний өөрийн биеийн онцлог дээр юу дутагдаж байна. Яавал ажиллагаа илүү сайжрах вэ гэдэг дээр илүү ажилладаг” хэмээн ярьсан байдаг. Түүнтэй хамтарч ажилласан, хандсан Р.Пүрэвдавгаас хоёр сарын дараа допинг илэрсэн юм. Өөрөөр хэлбэл, арслан Р.Пүрэвдавга Д.Батнямтай нэр холбогдсоны дараа допинг илэрсэн гэсэн үг.

  Р.Пүрэвдавга арслангаас 2020 онд допинг илэрч, барилдах эрхээ 11 сараар хасуулж байлаа

Улсын начин Д.Цэрэнтогтох.

           Улсын начин Д.Цэрэнтогтохоос Д.Батням дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийсэн жил нь мөн л допинг илэрч байлаа. Тодруулбал, 2019 онд шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авахад хоёр бөхөөс допинг илэрсэн байдаг. Түүний нэг нь улсын начин Д.Цэрэнтогтох, нөгөөх нь улсын арслан Э.Оюунболд. Улсын начин А сорьцын шинжилгээний хариуг эсэргүүцэж, В сорьцоо шинжлүүлсэн юм. Хэдийгээр тэрбээр шинжилгээний хариугаа эсэргүүцсэн ч В сорьцын шинжилгээний хариу адилхан гарч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ. Тэрбээр 2018 оны наадмын үеэр хөлийнхөө булчинд гэмтэл авч, Д.Батням багшид хандсан гэдэг. Түүнд Д.Батням багш булчин, шөрмөс, зөөлөн эд бэхжүүлдэг, эдгэрэлт хурдасгадаг жижиг цагаан тариа тариулахыг зөвлөсөн талаар улсын начин Д.Цэрэнтогтох ярьдаг билээ. Мөн тэрбээр цагаан тариа допингийн шинжилгээнд нөлөөлөх эсэх, асуудалгүй талаар тариулахынхаа өмнө асуусан талаараа ярьсан байдаг. Хамгийн ноцтой нь тус цагаан тариаг Д.Цэрэнтогтох дасгалжуулагч Д.Батнямаас худалдаж авсан гэдэг билээ. Харин энэ талаар Д.Батням дасгалжуулагч энэ мэдээллийг үгүйсгэж, цагаан тариа шахаагүй гэдэг юм. Харин тэдний бие бие рүүгээ данс солилцож, сая гаруй төгрөг шилжүүлсэн гэх баримт ил болж байсан юм.

         Хавьтсан болгоноос нь допинг илэрч, Д.Батням дасгалжуулагч гэж хэн бэ. ОУХМ Д.Батням нь “Цастын барс” клубийн дасгалжуулагч, малын эмч мэргэжилтэй, чөлөөт бөхийн шигшээ багт бага эмчээр ажиллаж байсан юм. Бэлтгэж байгаа шавь нартаа цагаан тариа тарьдаг, допинг “үйлдвэрлэгч” бөхчүүдийг нисгэдэг гэх Д.Батнямыг шалгах цаг нь нэгэнт болжээ. Шалгаад зогсохгүй түүнд зохих ёсны хариуцлагыг нь үүрүүлж, багшлах эрхийг нь хасах нь зүйтэй бус уу. 

https://ergelt.mn/news/21/single/16060


URL: