Хятадын цорын ганц цаатан аймаг

3415ofrfjtl8q5b993albte2i8_b

Аолугуя гэдэг нь Эвенк хэлээр “Улиас ургасан газар” гэсэн утгатай.

2011 оны эхээр санамсаргүй тохиолдлоор ӨМӨЗО-ны Аолугуя Эвенк үндэстний сууринд очиж ярилцлага, зураг авалт хийсэн юм. Эвенк бол Хятадын 56 үндэстний нэг.

Байгаль орчин, үйлдвэрлэлийн практикын ялгаатай байдлаас шалтгаалан Эвенк нь хөдөө аж ахуйн Эвенк, мал аж ахуйн Эвенк, цаач Эвенк гэж хуваагддаг. XVII зууны дунд үеэс Эвенкийн хүмүүс Байгал нуурын сав газраас Эргүүнэ голын сав руу нүүж, Их Хянган нурууны битүү ойд суурьшжээ. Цаач Эвенк хүмүүсийн амьдрал дахь эртний, нууцлаг, өвөрмөц соёлын байдал үнэхээр сэтгэл хөдөлгөм. Арав гаруй жилийн хугацаанд би Хятадын цорын ганц цаа бугын овгийн амьдралын зан заншлыг дүрс бичлэгт буулгахаар Аолугуя руу хэдэн арван удаа очлоо.

2018 оны 07-р сард цаач Эвенк Гүгэгийнхэн онгон ойд сүргээсээ тасарсан цаа бугыг хайж байна

Их Хянганы нуруунд өвөл нь урт, хахир хүйтэн байдаг. Хамгийн бага температур нь хасах 50 хэмээс доош, ойд цасны зузаан нэг метрээс их байдаг. Байгалийн ийм хатуу ширүүн нөхцөлд цаач эвенкчүүд ан агнаж, цаа буга тэжээн аж төрдөг. Тэд хээрийн амьтдын мах идэж, арьсаар нь дээл хийж өмсөн, онгон ойд уламжлалт аргаар амьдарч, үндэсний өвөрмөц соёл, амьдралын хэв маягийг бүрдүүлж байдаг. Эрт дээр үеэс цаач эвенкчүүдийн мэргэн ухаан болон гараар бүтээсэн цаа бугын соёл нь хүйтэн сэрүүн бүсийн соёлд онцгой байр суурийг эзэлсэн байна.

Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа нам, төрийн халамж дор цаач Эвенкийн ард түмний ахуй амьдрал ихээхэн сайжирч, 1965 оноос олон мянган жилийн нүүдэл, ан агнуурын үйлдвэрлэлээ зогсоож, суурин аж үйлдвэрийн амьдралын хэв маягийг эхлүүлжээ.

2018 оны 07-р сард цаач Эвенк овгийн Собинь бугын шүглээр бугын сүргийг дуудаж байна

Орчин үеийн соёл иргэншил хурдтай хөгжихийн хэрээр цаач Эвенк хүмүүсийн хүн амын тоо, амьдрах орчинд асар их өөрчлөлтийг авчирлаа. 2003 оны наймдугаар сард анхны цаач эвенкчүүд тэдний цаа бугын хамт Их Хянганы нурууны өвөр нутгаас Гэнгол хотын захад орших Аолугуя Эвенк үндэстний суурингийн шинэ суурин руу нүүв. Гэсэн хэдий ч цаа буга тэжээхэд усны чанар, хоол тэжээлд онцгой шаардлага тавьдаг учраас уулнаас буусан амьдралд зохицоход бэрх байсан тэдний хувьд орчин үеийн амьдрал болон үеэс үед уламжлагдан ирсэн цаа бугын соёл хоёрын нэгийг сонгох амаргүй сонголтын өмнө тулгарч ирсэн байв.

101 настай Мария Сог угсаатныхан “хамгийн сүүлийн ахлагч” гэж нэрлэгддэг. Нэг насаараа ууланд амьдарч ирсэн түүний хувьд ой, цаа буга гэдэг бол бүхэл бүтэн амьдрал нь юм. Тэрээр:

-Их Хянган нурууны онгон ойд овгийн ахмадууд болон цаа буга байсан цагт цаа бугын эртний соёл иргэншил ч байх ёстой гэж хэлж байв. 2003 онд экологийн нүүдлийн дараа цаач Эвенкийн хэсэг хүмүүс 80 гаруй настай Мария Согийн хамт ууланд үлджээ.

Ийнхүү ахмад үеийн цаач эвенкчүүд эрхэм зорилгоо сонгож, эртний ан агнуурын соёлтой ойд үлдэн цаа бугатайгаа хамт оршин амьдарсан бол залуу үеийнхэн нь шинэ үеийн чиг хандлагыг дагаж орчин үеийн амьдралд нэгдсэн юм. Өдгөө Их Хянганы нурууны өвөрт орших бөглүү ойд цөөн тооны цаач эвенкчүүд нүүдэлчин амьдралаар аж төрсөөр байна. Тэд цаа буга тэжээж, цаа бугын соёлыг хадгалж үлдсэн Хятадын цорын ганц үндэстэн болжээ.

Цаа буга хүйтэн сэрүүн бүсэд амьдардаг амьтан. Хятадын Их Хянганы нурууны баруун бэл дэх хүйтэн, чийглэг газарт цаа буга ихэвчлэн амьдарч, ойд ургадаг хөвдөөр хооллодог. Цаа бугын идэш тэжээлийн асуудлыг шийдэхийн тулд цаач эвенкчүүд өнөөг хүртэл нүүдэллэж амьдарсаар байна. Улирал солигдох үеэр тэд тогтсон замаар нүүдэллэж, ихэвчлэн хөвд ихтэй, уулсаар хүрээлэгдсэн, урсгал голтой газрыг сонгодог. Одоо энэ тогтсон чиглэлд долоо, найман “анчдын төв” хуваарилагдсан. Эдгээр нь цаач эвенкчүүдийн нүүдэллэх үедээ оршин суух газар болсон байна.

2021 оны 03-р сард Цаач Эвенкийн Мани болон түүний охин Аонагийн гэр бүлийнхэн 

Их Хянган нурууны ард цаа бугаа хайж байгаа нь

Ойн цаа буга эрх чөлөөтөй байдаг. Заримдаа хөвд хайж гүйсээр хол явчихдаг бол зарим нь төөрнө, бас агнуурын багцад унадаг. Их Хянганы нурууны онгон ойд замын нөхцөл маш муу, сүлжээ дохио байхгүй. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад бугыг хайж олоход амаргүй.

Цаа буга нь цаач эвенкчүүдийн итгэл үнэмшил бөгөөд тахилгын үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн, мөн оршин амьдрах орлогын гол эх үүсвэр нь юм.  Даваа гэргийтэйгээ хоёул 200 гаруй цаа буга тэжээдэг. Өчнөөн олон жилийн турш тэд цаа бугатай хамт ойд тусгаарлагдмал амьдралын арга хэлбэрээр амьдарсаар иржээ.

“Гадны хүн”-ий хувьд тухайн үндэстний өдөр тутмын амьдралд зохицохын тулд бид бие биедээ хангалттай итгэлцлийг бий болгож, хэл ярианаас эхлээд судалгаа хийх хүртэл бид энэ нутгийн олон найз нарын дэмжлэгийг хүртсэн. Цаач эвенкчүүдэд зориулж дүрс бичлэг, зураг авалт хийхэд Хэ Ше бидэнд маш олон туслалцаа үзүүлсэн юм.

56 насыг шүргэж яваа Хэ Ше бол Мария Согийн хүү. Хэ Ше маш ажилсаг бөгөөд анчдын тэргүүлэгч юм. Тэрээр ээжтэйгээ адил ой болон цаа бугад маш гүн сэтгэлтэй хүн. Чөлөөт цагаараа аман хуураа гаргаж бидэнд уянгалаг сайхан аялгуу тоглож өгч байлаа. Өмнө нь ангийн буу болон аман хуур нь түүний биеэсээ салгадаггүй хоёр эрдэнэ байсан бол одоо буугаа буулгаснаар гагцхүү аман хуураа өвөртлөж явах болсон юм. Хэл яриа ойлголцоход хэцүү байсан ч түүний аман хуурын аялгуунаас тэдний сэтгэлгээг ойлгодог.

- Цаа бугыг амьд үлдээхийн тулд ууландаа шийдэмгий буцаж ирсэн тэдгээр ахмадууд мартагдашгүйгээр сэтгэлийг минь хөдөлгөсөн гэж Хэ Ше хэлж байв.

2019 оны 10-р сард Цаач Эвенк хүмүүс онгон ойд цаа буганд буурцагтай хоол өгч байна

Эрт үед тэмдэглэж үлдээсэн цаатан эвенкчүүдийн зургаас тэдний агнуурын зориулалттай буу, зэрлэг бугын шүгэл, хус холтостой завь зэргийг харж байсан юм. Тэр бүхэн түүхэнд булагдсан хэдий ч үндэсний соёлыг дүрсээр дамжуулан ойлгох нь бодит, үнэн зөв, өвөрмөц онцлогтой. Энэ нь хойч үедээ маш сайн түүхийн баримт бичиг, эрдэм шинжилгээний материалаар хангах боломж олгох юм. Цаач эвенкчүүдийн олон мянган жилийн үйлдвэрлэлийн практикт бий болгосон ан агнуурын соёл, бөө мөргөлийн соёл маш өвөрмөц бөгөөд үндэсний соёлын гайхамшигт баялаг болов.

Миний хувьд олон жилийн өмнөх тэрхүү айлчлал надад соёлын үнэт өвийг үлдээхэд видео мэдээллийн хэрэгслийг ашиглах санаа өгч, боломж олгосон. Том форматтай камер болон сонгодог нойтон хавтангийн тусламжтайгаар цаач эвенкчүүдийн хамгийн том төлөөлөл болсон 34 хөрөг зургийг авч, тэдний өвөрмөц соёл, амьдралын уламжлалыг үлдээж авсан. Энэхүү видео бүтээл хүн судлаач, түүхчдийн цаашдын судалгаа, соёлын биет бус өвийг өвлүүлэх, хамгаалахад бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

2021 оны байдлаар Аолугуя Эвенк үндэстний сууринд 316 Эвенк хүн, цаач Эвенк овгийн 211 хүн, 1200 гаруй цаа бугатай байсан.

Аолугуя Эвенк үндэстний суурин мөн л цаач Эвенк овгийг ойлгох цонх болсон юм. Энд амьдарч буй эвенкчүүдийн зарим нь тус үндэстний аялал жуулчлалыг хөгжүүлж, үндэсний соёлоо өөр хэлбэрээр түгээн дэлгэрүүлэн үргэлжлүүлж байна.

2021 онд дахин Аолугуяд хүрэхэд энэ газрын дүр байдал өмнөхтэй адил хэвээр байсан ч ярилцлагын гол хүн нь “Шинэ үеийн цаач Эвенк хүн” байв. Онгон ойгоос орчин үеийн амьдрал хүртэл, түүхээс орчин үе хүртэл том хэмжээний хөрөг зургуудыг ашиглан хагас зуун жилийн хугацаанд цаач эвенкчүүдийн дотоод өөрчлөлтийг харуулахыг хүсч байна.

1950 онд төрсөн Мани бол Аолугуя Эвенк үндэстний суурингийн хамгийн эртний үндэстний боловсон хүчний нэг юм. Түүний хүү Шелука 1981 онд үндэстний тосгонд төрсөн. Бага наснаасаа амжилтанд хүрч байсан учир их сургуулиа төгсөөд Жянсү мужийн Сүжөү хотын улс дамнасан компанид ахлах захирлаар ажиллаж байна. Ажиллахын зэрэгцээ Шелука ээж Манитайгаа хамт Аолугуя Эвенкийн үндсэн үгсийн санг цуглуулах зэрэг хамгаалалтын ажил хийж эхлэв.

Үндэстнийхээ төлөө зүтгэж байгаа Шелука шиг залуучууд олон бий. Цаач Эвенкийн ахмад үеийнхнээс ялгаатай эдгээр шинэ үеийн хүмүүс онгон дагшин ойд цаа бугатайгаа байхаа больсон ч цаач Эвенкийн соёлын өвийг уламжилсаар байгаа юм.

Нийтлэлийн зургийг 2013-2021 он хүртэл авч цуглуулав.

Зураг авалтын газар нь ӨМӨЗО-ны Их Хянганы нурууд

Зохиогч: ВАН ВЭЙ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: smt

URL: