БНХАУ-ын Сычуань муж эрчим хүчний хомсдолын улмаас I зэргийн онц байдал зарлав

22-15БНХАУ-ын баруун өмнөд хэсгийн Сычуань муж эрчим хүчний нийлүүлэлт буурч байгаатай холбоотойгоор нэгдүгээр зэргийн онц байдал зарлалаа.

Сычуань мужийн эрчим хүчний нийлүүлэлтийн 80 хувийг усан цахилгаан станцаас хангадаг. Хэдий тийм боловч тус мужид сүүлийн 60 жилд болоогүй ган гачиг нүүрлэснээс усан цахилгаан станц нь ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Тиймээс Сычуань мужийн 21 хотоос 19-д нь байрлах үйлдвэрүүд зургаан өдрийн турш үйл ажиллагаагаа зогсоосон байна. Энэ нь наймдугаар сарын 20-нд дуусгавар болжээ. Үйлдвэрүүдийн үйл ажиллагаа дахин эхэлснээр эрчим хүчээр хэрхэн хангах нь асуудал болж байна. Одоогоор бусад мужаас Сычуань муж руу эрчим хүч нийлүүлж байгаа аж.

Үүнээс гадна БНХАУ-д эрчим хүчний хэрэглээ оны эхний долоон сард 3.4 хувиар өссөн байна. Харин эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь долоодугаар сард өмнөх оны мөн үеэс найман хувиар өсөж, 2455 гигаватт болжээ. Тухайлбал: салхины суурилагдсан эрчим хүчний хүчин чадал 17.2 хувиар өссөн бол нарных 26.7 хувиар өссөн байна.

Оны эхний долоон сарын байдлаар БНХАУ томоохон эрчим хүчний төслүүдэд 39 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар өссөн дүн болж байна.

С.Өнөрсайхан | @unursaikhan_sor

Bloomberg Tv


URL: