Путин дэлхийн дайн эхлүүлж болзошгүй гэв

46d86428ba7c44b0276cd53affa97f0d-В.ПУТИН ЦЭРГИЙН ДАЙЧИЛГАА ЭХЛҮҮЛЖ, ДАЙН ЗАРЛАВ-

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлаж, зэвсгийн үйлдвэрлэлийг хурдасгах, санхүүжилтыг нэмэгдүүлэх тушаал өгч, Украин руу нэмэлт дайралт хийхээ зарласан. Өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын цэргүүд Украин руу цөмөрч орсноос хойш өнөөг хүртэл дайн зарлаагүй. Владимир Путины шинэ мэдэгдлийн хүрээнд шинжээчид Украины асуудлаар В.Путины өмнө нь дурдаж байсан цөмийн зэвсгийн асуудлаас шалтгаалан дэлхийн гуравдугаар дайн эхэлж ч болзошгүйг анхааруулж байна.

Харин цаг үеийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Барууныхан манай орныг устгахыг хүсэж байна. Тэд ОХУ-ын эсрэг Украины ард түмнийг их бууны дарь болгохыг оролдсон” гэсэн бөгөөд барууныхны заналхийлсэн үйлдэлд хариу өгөх олон зэвсэгтэй гэдгээ мэдэгдсэн байна.

-ДАЙЧИЛГААНЫ ХҮРЭЭНД 300 МЯНГАН ЦЭРГИЙН НӨӨЦ ЦУГЛУУЛНА ГЭВ-

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлийн дагуу тус улсын Батлан хамгаалах яамнаас дайчилгаанд зөвхөн цэргийн туршлагатай хүнийг оролцуулах талаар мэдээлсэн. Тэгвэл Батлах хамгаалахын сайд Сергей Шойгугийн хэлснээр дайчилгааны хүрээнд 300 мянга гаруй цэргийн нөөцтэй болох гэнэ.

Мөн ОХУ-ын парламентын доод танхим дайны үетэй холбоотой хэд хэдэн гэмт хэрэгт хатуу шийтгэл ногдуулах тухай хуулийн төсөл баталжээ. Тухайлбал, дайчилгаа, дайны бэлэн байдлаас оргон зайлсан тохиолдолд ногдуулах шийтгэлийг илүү чанга болгох хуулийн төсөл баталсан байна.

-ДОНЕЦК, ЛУГАНСКААС ГАДНА ЗАПОРОЖЬЕ, ХЕРСОН МУЖ ОХУ-Д НЭГДЭХ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ МЭДЭГДЭЛ ИЛГЭЭЖЭЭ-

ОХУ-аас Украины эзлэгдсэн газар нутгийг өөртөө нэгтгэх санал хураалт зарласан. Санал хураалтыг Украины зүүн хэсэгт ОХУ-ын дэмжлэгтэйгээр есдүгээр сарын 23-27-ны өдөр явуулна гэж Донецк, Луганск хотын баригчдын зүгээс мэдээлжээ. Мөн Запорожье болон Херсон мужаас санал хураалт явуулах мэдэгдэл ОХУ-ын эрх баригчдад хүргүүлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл гарчээ.

-ХЭН ЮУ ХЭЛЭВ-

НАТО: Украины эзлэгдсэн нутгийн ОХУ-д нэгтгэх нь олон улсын хууль зөрчсөн асуудал

Украины эзлэгдсэн нутгийг санал хураалтаар ОХУ-д нэгтгэх асуудлаар НАТО-гин Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэл хийжээ. Тэрбээр “ОХУ-аас явуулж байгаа бүх нийтийн санал асуулга нь олон улсын хуулийг зөрчиж байна. Энэ хуурамч санал асуулга хууль ёсоор хэрэгжихгүй бөгөөд Оросын түрэмгийллийн мөн чанарыг өөрчлөхгүй. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэг ОХУ-ын олон улсын хуулийг илт зөрчсөн үйлдлийг буруушааж, Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх ёстой” гэсэн байна. НАТО-гин Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэл хийснийхээ дараа өөрийн албан ёсны “Твиттер” хуудастаа “Путин дайныг улам хурцатгаж байна” гэжээ.

АНУ: Москва сул доройгоо илэрхийллээ

Цагаан ордноос ОХУ-ын санал хураалтаар Украины газар нутгийн өөртөө авах үйлдлийг эсэргүүцсэн мэдэгдэл хийв. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “ОХУ Украины газар нутгаас өөртөө нэгтгэвэл АНУ зөвшөөрөхгүй. Эцэст нь хийсэн нүүдлээрээ Москва сул дорой байгаагаа илэрхийллээ” гэсэн байна.

https://ergelt.mn/news/24/single/25368


URL: