“Хэмнэлтийн тухай хууль” хэвлэл мэдээлэлд л үйлчилж байна

f1e320338128f0fc836fd32b973756ba1655946803_3185Төрөөс өнгөрөгч дөрөвдүгээр сард “Хэмнэлтийн тухай хууль” баталж, газар агентлагийн дэд дарга нараас эхлээд хэвлэл мэдээллийн захиалга, сурталчилгааны зардал хүртэл танасан. Байгууллагын дарга нарын тансаглалд цэг хатгаж, бүхий л зүйлд томоохон хэмнэлт гаргах төсөөлөл ярьж байсан нь талаар болж байх шиг. Учир нь аливаа байгууллагын тэргүүн дэд, дэд орлогч дарга, яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн захирал, дарга нарыг хотын дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг юуны өмнө хориглосон.

Тодотгож хэлбэл, шатахуун түлш их хэмжээгээр зарцуулдаг том оврын суудлын автомашин хэрэглэхийг хориглосон. Гэтэл төрийн болон төрийн бус байгууллагын арга хэмжээнд морилон ирж байгаа дарга, захирлууд өнөөх л “Лексус-570”, “Ланд Крузейр” зэрэг авто машин хөлөглөн ирдэг хэвээрээ. Үүнээс гадна утасны хэрэглээ, дарга нарын тансаглал яг хэвээрээ байгааг алба хаагчид ярьж байна.

Өнөөх л гадаад дотоод томилгоог танасан гэх ч хурган дарга нар гадаад, дотоодгүй явж байгааг өдөр тутмын цахим хуудаснаас харж болно. Тэд нар нь ч хэсүүчилж яваагаа  гайхуулах дуртай юм даа. Мөн зарим сумдад барихаар төсөвлөсөн Соёлын төвийн барилгуудыг бүгдийг нь зогсоож, төсвийг нь царцаалаа хэмээсэн. Гэтэл УИХ-ын гишүүд тойргийнхоо сумдад баригдах Соёлын төвийн төсвийг авч үлдэхээр улайрч байгаа төдийгүй бүгд санал нэгдсэнээр 2023 оны төсөвт суух нь тодорхой харагдаж байна. Үнэн хэрэгтээ яам, тамгын газраас эхлээд гишүүд, сайд нарын бурууг дэлгэж, шүүмжлэл өрнүүлж байдаг хэвлэлийн зардалд ёстой цэг тавьсан бололтой. Хэвлэл мэдээллийнхэн төрийн аль ч байгууллагтай хамтран ажилладаг. Гэтэл ихэс дээдсээс эхлээд хурган дарга нар хүртэл хэвлэл мэдээллийнхэнг харахаараа “Хэмнэлтийн хууль” хэмээн ам тагладаг ч өөрсдөө хэмнэж байгаа зүйл огтхон ч алга. Нөгөө талаар өөрсдийг нь шүүмжилдэг хэвлэлийнхэнг хуулиар далимдуулан боож байгаа бололтой. Ерөөсөө энэ хууль зөвхөн хэвлэл мэдээллийнхэнд л үйлчилж байна гэхэд болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL: