Bloomberg: Хятадад өдөрт нэг сая COVID-19 халдварын тохиолдол, 5000 нас баралт бүртгэгдэж байна

hyatХятадад өдөр бүр нэг сая коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. Ийм тоон мэдээллийг Британийн Airfinity судалгааны компани Америкийн Блүмбергт агентлагт өгсөн аж.

Энэ мэдээллээр, Хятадад өдөр бүр ковидын улмаас 5000 хүн нас барж байгаа гэнэ. Цаашлаад, ирэх оны нэгдүгээр сард өдөр бүр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 3,7 сая болж өсөж болзошгүй аж. Гуравдугаар сард халдварын дахин нэг давалгаа гарч, энэ үеэр өдөрт бүртгэгдэх халдварын тоо 4,2 саяд хүрнэ гэж судлаачид тооцоолсон байна.

Харин Хятадын эрх баригчид 12 дугаар сарын 22-ны өдөр 3761 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдэгдсэн юм. Эрүүл мэндийн салбарын албан тушаалтнуудын мэдээлснээр, Бээжин хотод өвчлөлийн тоо буурч байгаа гэнэ. Мөн энэ сард ковидоос үүдэлтэй нас баралт ердөө ес бүртгэгдсэн хэмээн мэдэгдсэн. Гэтэл бодит байдал дээр Хятадын эмнэлгүүд өвчтөнүүдээр дүүрсэн, чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй, эмийн сангуудад эм бэлдмэл олдохгүй байгаа гэж Британийн судалгааны компанийн судлаачид мэдэгджээ.


URL: