Ким Жон Ун хайртай охиноо залгамжлагчаараа бэлдэж байна

8b10de5a-c6a1b250d08fd3c378f5c1ac6667ccb4 1Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун саяхнаас олны өмнө охинтойгоо хамт гарах болсон. Одоогоор олон улсын хэвлэлүүд охиных нь нэр болон насыг мэдэж чадаагүй, гэхдээ Ким олны өмнө охинтойгоо гарах болсон нь залгамжлагчаа бэлдэж байгааг илтгэж байж болзошгүй гэж NYT бичжээ.

Хойд Солонгосын төрийн хэвлэлүүдийн нийтэлсэн гэрэл зураг дээр Ким Жон Ун болон түүний охин пуужингийн туршилтын үеэр сууж байгаа нь дүрслэгдсэн байна. Энэ туршилтыг өнгөрсөн оны 11 дүгээр сард хийжээ.

Оны өмнөхөн Хойд Солонгосын хэвлэлүүд Ким болон түүний охин пуужин-цөмийн объектод очсоныг илтгэх зураг нийтэлсэн бөгөөд гэхдээ энэ зургийг хэзээ авсан нь тодорхойгүй байгаа юм. Охиныг хэн гэдэг, хэдэн настай талаарх мэдээлэл байхгүй, хэвлэлүүдээр түүнийг Ким Жон Уны “хамгийн хайртай охин” хэмээн л нэрлэж байна.

Гэхдээ “хамгийн хайртай охин” гэх энэ тодорхойлолт нь л сэтгүүлчдийн анхаарлыг татах, энэ охин Кимийн эзэнт гүрэнд ямар байр суурь эзлэх вэ гэдгийг тодруулах хангалттай гогцоо болж байгаа талаар NYT онцолжээ.

Хэдийгээр Хойд Солонгос хаант улс биш, удирдагчийг нь эрх баригч намын хурлаар сонгодог хэдий ч Кимүүд Дэлхийн II дайны төгсгөлөөр энэ улс үүсгэн байгуулагдахаас эхлэн яг л хувийн компаниа удирдаж байгаа мэт удирдан залах болсон юм.

Өвөө болон эцэг Ким нь насан эцэслэтлээ Хойд Солонгосыг удирдсан бол нэгдүгээр сарын наймны өдөр 40 нас хүрсэн Ким Жон Ун 11 жил төрийн эрхэнд байгаа бөгөөд ойрын үед түүний орыг хэн нэгэн залгана гэдэг юу л бол. Гэхдээ л түүний араас Хойд Солонгосыг хэн захирч, хурдацтай өсөн дэвжиж байгаа цөмийн хүчийг хэн хянах вэ гэдэг нь асуулт хэвээр байна.

Кимийн залгамж халааг хэн авах талаарх таамаглал 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хойд Солонгос тив алгасах баллистик пуужин хөөргөсний дараа л хүчтэй яригдаж эхэлсэн юм. Пуужингийн туршилт болсны маргааш нь Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд мэдээлэхдээ Ким Жон Ун энэ туршилтыг охины хамт ажигласан гээд Кимийн гараас барьсан, цагаан хүрэмтэй охины зургийг нийтлэж байв.

Үүнээс хэд хоногийн дараа Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын газар охиныг Ким Жу Э гэдэг хэмээн мэдэгдэж байв. Энэ охины талаар 2013 онд Хойд Солонгост очсон сагсан бөмбөгчин Деннис Родман ч өгүүлж байв. Родманы өгүүлснээр, тэрбээр Кимийн охинтой танилцаад зогсохгүй гар дээрээ өргөсөн гэнэ.

Жу Э олны өмнө гарч ирсэн нь Ким Жон Унд хүүхэд байдаг гэдгийг Хойд Солонгос батласан анхны тохиолдол болсон юм. Түүнийг төрийн хэвлэлүүдээр зураг нь гарахаас өмнө энгийн хойд солонгосчууд удирдагчийнхаа нэг ч хүүхдийг харж байгаагүй аж.

Өмнөд Солонгосын тагнуулынхны мэдээлснээр, Ким Жон Ун гурван хүүхэдтэй, том нь хүү, харин Жу Э дунд охин нь бөгөөд ойролцоогоор 10 настай гэнэ. Охиныг хэвлэлээр гаргахдаа “хайртай” хэмээн тодотгосон нь түүнийг Кимийн гэр бүлийн дараагийн үеийн төлөөлөгчөөр сонгогдсоныг гэрчилж байж болох юм гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн охиныг пуужингийн полигон дээр аваачин, олон нийтэд танилцуулж байгаа нь Кимийн гэр бүл болон Хойд Солонгосын зэвсэглэлийн хөтөлбөр хоорондын уялдаа холбоог тодотгох гэсэн хэрэг гэж шинжээчид үзжээ.

Үүний дараа, 11 дүгээр сард пуужингийн инженерүүдийн хамт эцэгтэйгээ зураг авахуулснаар Жу Э-г залгамжлагч нь болох нь гэсэн таамаглал улам хүчтэй яригдах болсон юм. Энэ зурган дээр охин албаны хувцасласан байх бөгөөд үслэг захтай урт хар пальтой өмсчээ. Түүний энэ пальто нагац эгч Ким Ё Жон нь Олимпын наадамд зочлохдоо өмссөн пальтотой ижил загварынх гэдгээрээ анхаарал татаж байна.

“Ким Жу Э бол залгамжлагч гэдгийг хойд солонгосчуудад харуулах нарийвчлан боловсруулсан хөтөлбөрийн нэгээхэн хэсэг нь эдгээр гэрэл зургууд болов уу” хэмээн Өмнөд Солонгос дахь Сэжонг хүрээлэнгийн судлаач, Кимийн гэр бүлийг эртнээс судалсан Чеонг Сон Чан өгүүлжээ.

Ким залгамжлагчаараа хүүгээ биш охиноо сонгосон нь эцгийн эрхэт ёстой Хойд Солонгосын хувьд ихээхэн өвөрмөц алхам болох юм. Гэхдээ Ким Жо Ун ч өөрөө санамсаргүй байдлаар удирдагч болж байв. Тэр гурван хөвгүүний хамгийн бага нь ч аав нь гагцхүү түүнийг залгамжлагчаараа сонгож байв.Мөн Хойд Солонгосын удирдлагад эрчүүд давамгайлдаг ч хөтлөгч Ри Чун Хи, Гадаад хэргийн сайд Чхве Сон Хи, Кимийн дүү Ким Ё Жон гээд хэд хэдэн нөлөө бүхий эмэгтэй Кимийг тойрон хүрээлдэг юм.

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Ким залгамжлагч болж магадгүй хүүхдээ эртнээс харуулж байгаа нь аавынхаа алдааг давтахаас зайлсхийсэнтэй холбоотой байж магадгүй аж. Ким Чен Ир бага хүүгээ залгамжлагчаар сонгосон ч энэ талаараа нууцалж байсан тул түүний ах нарын талаар янз бүрийн цуу яриа гарч байсны дээр Ким Чен Ир нас барсны дараа Хойд Солонгост үе залгамжлан төр барих байдал зогсоно гэсэн яриа ч гарч байв.

2008 онд Ким Чен Ир зүрхний шигдээс болсны дараа л Уныг залгамжлагчаар сонгогдсон гэх мэдээлэл гарч эхэлсэн юм. Энгийн хойд солонгосчууд Ким Жон Уныг 2010 онд төрийн хэвлэлийн эфирээр гарахаас өмнө огт харж байсангүй. 2011 онд эцэг нь нас барж, залгамжлагчаар тодорсон Ким Жон Ун улс орныг удирдаж чадах эсэхэд дотоодод нь төдийгүй хилийн чанадад эргэлзээ гарч байв. Ингээд Ким Жон Ун эрх мэдлээ баталгаажуулахын тулд нагац ахаа цаазлах, үеэл ахаа хөнөөх зэрэг цуст цэвэрлэгээ хийх замаар багагүй хугацаа шаардагдаж байв.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/546299


URL: