Ц.ОЮУНГЭРЭЛ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЖ УИХ-ЫН ДАРГА НЯЦААЛТ ХИЙВ

АН-ын нэрээр улс төрд хөл тавьж, төрийн ордонд Ерөнхий сайдад зөвлөж, УИХ-ын гишүүн болж, сайдын алба хүртэл хашиж явсан хатагтай Ц.Оюунгэрэл гэнэт АН-аас гарч Иргэдийн оролцооны нэгдэл хэмээх нэртэй шинэ нам байгуулсан. Тэрээр шинэ намынхаа нэрээр улс төрд дахин орж ирэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа бололтой. Учир нь Ц.Оюунгэрэл цахим орчинд “МАН-ынхан 3 хоногийн дараа иргэдийг цуглуулж гоё юмаа ярина. Гэхдээ цаана нь Үндсэн хуулиас хамгийн чухал заалтуудыг хасахаар төслөө бэлдсэн байгаа. Сэрэмжлүүлэх үүднээс Л.Оюун-Эрдэнийн захиалгаар Үндсэн хуулиас хасахаар зэхэж байгаа зарим чухал заалтыг түүж бэлдлээ. Сэрэмжтэй байцгаая” гэсэн пост оруулж 19 зураг бүхий мэдээлэл түгээсэн.

 

Тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийг бүхлээр нь өөрчилж, “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтаас эхлээд “Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах улс мөн” гэсэн заалтуудыг хүртэл хасах гэж байгаа хэмээн бичиж буй. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Оюунгэрэлийн энэ мэдээлэл ор үндэслэлгүй гэдгийг баталж цахим хуудсаараа дамжуулан няцаалт хийжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Сүүлийн үед шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа мэт илт ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд 2 зүйлийг тодруулж байр сууриа илэрхийлье.

 

Нэгдүгээрт, энэ удаагийн “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь үе шатыг иргэний нийгэм, эрдэмтэд судлаачдаас хамгийн олон давтамжтай ирүүлсэн асуудлаар дараахь 4 сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хэлбэрээр энэ сарын 14-15-нд зохион байгуулах юм. Хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулгаас ямар нэгэн шийдвэр гарахгүй. Харин Зөвлөлдөх зөвлөл дүнг хэлэлцэж зөвлөмж гаргана. Энэ зөвлөмжийг УИХ харгалзан үзэж хэрхэн шийдвэрлэх талаархи мэдээллийг Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд танилцуулах юм.

 

Хоёрдугаарт, олон нийтийн сүлжээнд бичсэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний язгуур эрх ашиг, нэгдмэл байдал, төрийн эрх мэдэл, үндэсний баялаг болох мал сүрэг, газар, байгалийн баялаг, түүх, соёл, шашин, иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, улс төрийн намууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, сонгуультай холбоотой хамгийн чухал заалтуудыг Үндсэн хуулиас хасах тухай суртал ухуулга нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Ийм эмзэг сэдвээр улстөржих нь ард түмний эв нэгдэл, нийтлэг эрх ашигт нийцэхгүй гэж үзэж байна. Товчхондоо, энэ УИХ шинэ Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэхгүй” хэмээн мэдэгдлээ. Үүнээс харахад Ц.Оюунгэрэл иргэдийг өдөөн хатгасан, хуурамч мэдээлэл түгээж байгаа нь ил болов. Хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж явсан хүн өнөөдөр улс төрийн ашиг хонжоо хайж үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол руугаа хүртэл дайрахад бэлэн байгаад олон хүн эгдүүцэж байна.

 


URL: