Тахлыг дурсахуй

Screenshot 2024-02-22 111719“Тахлаас тарга л үлдэж” гэж бид хошигнон ярьж байна. Гэхдээ бид юуг, яаж, хэрхэн туулснаа мартчихаж…

Э.Адъяатунгалаг

Аавтайгаа уулзсан сүүлчийн уулзалт ингэж болсон. Би айлын том болохоор бүхнийг ойлгож байсан. Аав минь л бидэнтэй уулзаж чадаагүйдээ их шаналсан байхдаа гэж бодогддог.

Түүний аав тусгаарлалтад байх хугацаандаа хорвоогийн мөнх бусыг үзэв. Гурван удаагийн шинжилгээ нь сөрөг гарсан түүний эцсийн хүсэл хүүхдүүдтэйгээ уулзах байв. Харийн нутгийг зорьж “Эмчилгээгүй” хэмээх хариу сонссон тэр нислэгт багтахаа хүлээн 45 хоногийн турш гудамжинд хоног төөрүүлж эх орондоо ирсэн юм. Харин өнөө маргаашгүй гэдгийг гадарласан эмч нар “коридорт гарахыг хориглосон хориг”-ийг хүн ёсны хувьд зөрчихийг зөвшөөрч, хүүхдүүдтэйгээ уулзах боломж олгов. Эмнэлгийн арын контейнер дээрээс хүүхдүүд нь аавыгаа сүүлчийн удаа цонхоор харсан юм.

Эмээ нь 62 насалж, 7 ач зээтэй болохдоо ийм хагацал үзнэ гэж санасангүй. Миний 10-хан настай балчир зээ хамгийн сүүлд “Ам цангаад байна. Ундаа ууя” гэж хэлсэн гэсэн. Хагацал үзсэн ээжийг нь, үлдсэн ихрийн өрөөснийг нь харахаар байж суух газраа олохгүй юм даа, эмээ нь. Яасан ч хатуу хорвоо, яасан ч хатуу дүрэм журам байж вэ…

С.Мөнхтуяа

Сэлэнгэ аймгаас ээжийнхээ хамт ирсэн, 10 настай охин 22-ын товчоонд хоёр цаг гаруй хүлээн зогсож, ЭХЭМҮТ-д хүргэгдээд эмчилгээ хийлгэх явцдаа нас барсан. Шинжилгээнийх нь хариу гараагүй гэж ээжээс нь тусад нь байлгасан. Охин ээжтэйгээ хамт байхыг хэчнээн гуйсан ч зөвшөөрөөгүй.

Мөнхтуяаг минь багад нь Бүжин туулай гэдэг байв. Хүүхдэд зориулсан номоо хэвлэлтэд өгөх боллоо гэхэд хязгааргүй баярлаж, туулай шиг дэвхцэж байсан нь одоо ч нүдэнд харагддаг. Охин минь таван сар гаран хугацаанд нутагтаа ирэхээ хүлээсэн. Ирээд нялх охинтойгоо уулзах гэж маш их хүссэн. Бүтэн биеэ скочдуулсан охин нь ээжтэйгэээ уулзана гэж баяртай байсан ч, гялгар уутны цаанаас хальт хараад л тэр уулзалт дууссан. Хүнд өвчтэй, халдвар аваагүй хүмүүс яагаад хайртай хүмүүстэйгээ уулзаж болоогүйг би одоо ч гайхаж, гомддог.

Д.Амарбаясгалан

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байсан Б.Мөнхтуяа бүсгүй БНСУ-д эмчлүүлээд, эх орондоо ирсэн ч тусгаарлалтад байх хугацаандаа бурхан болсон юм.

Энэ бүх үйл явдал өнгөрөөд 1000 хоног ч хүрээгүй. Тэдний нулимс эгшиж амжаагүй. Бид үүнийг яасан хурдан мартаа вэ.

Тусгай хамгаалалтын хувцастай эмч нар, цагдаагийн хамгаалалт, эл хуль гудамж, хатгуулахаас зүрхлэм сорьцын бамбар, шинжилгээний цэг, Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн мэдээ, УОК-ын Шуурхай штабын шуурхай мэдээ, тусгай үүргийн нислэг гээд бүгдийг мартжээ. Бидэнтэй өдөр бүхэн ээлж дараалан уулздаг байсан ХӨСҮТ-ийн Д.Нямхүү, А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Д.Нарангэрэл, Онцгой байдлын Б.Ууганбаяр генералаа ч мартаж. “Анх-Отгон” гэж хэн билээ гэх болж. ХӨСҮТ-д нэг өвчтөнийг дунджаар 9,867,923.61 төгрөгөөр эмчилж байсныг одоо санах хүнгүй…

Эцэс төгсгөлгүй хорио

Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хэсэгчлэн шилжиж, 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр цуцлах хүртэлх хоёр жилийн хугацаанд гамшгаас хамгаалах зэргийг дөрвөн удаа ахиулан, бүх нийтийн бэлэн байдал зарлаж, 79 хоног хатуу хөл хорио тогтоосон.

Мөн гаднаас ирсэн иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 27- нд тусгаарлах байранд 21 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног, 2020 оны арванхоёрдугаар сарын 9-нд тусгаарлах байранд 14 хоног, гэрийн тусгаарлалтад долоо хоног, 2021 оны хоёрдугаар сарын 18- нд тусгаарлах байранд 10 хоног, гэрийн тусгаарлалтад дөрөв хоног байлгасан. Дэлхийн хаана ч байхгүй ийм тусгаарлалтыг бид туулж, олон ч монголчуудынхаа хагацал гунигийн нулимсыг үзсэн.

Хорио цээрийн дэглэмийг уртасга, сунга хэмээн бие биенээсээ сэжиглэж, гаднаас ирснийг хүлээж авахгүй, дотооддоо хөдөлснийг дээд зэргээр хорионд байлгахыг тулгаж байв. Хүний мөсийг таниулсан, хүн чанарыг сорьсон өдрүүд байлаа.

Байрныхаа дэлгүүр ч орох боломжгүй галзуурах шахсан өдрүүдийг өнгөрүүлсэн. Тэр л үед гэртээ өдөржин суудаг ээж, аавыгаа ойлгохын дээдээр ойлгож, хайрлаж байсан ч одоо бас л мартаж, зэмлэх нь эхэлсэн.

Давлагаа, зардал, вакцин

2022 оны гуравдугаар сарыг хүртэл Ковид19 халдварын дөрвөн давлагаа бий болсон гэж ХӨСҮТ-ээс үздэг. Гурав дахь давлагаанд хамгийн их хүн өртсөн бөгөөд 2021 оны наймдугаар сард эхэлж, энэ үед 490569 хүн халдвар авсан.

SARS-Cov-2 вирусын халдвар, нас баралтын дэлгэрэнгүй мэдээлэл

Тахлыг дурсахуй

SARS-Cov-2 вирусын халдвар, нас баралтын дэлгэрэнгүй мэдээлэл (үргэлжлэл)

Тахлыг дурсахуй

Ковид-19 цар тахлын үед эрүүл мэндийн салбарт 1.2 их наяд төгрөг зарцуулсан гэсэн тоо бий.

(2020-2022 онд нийт 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдсэн гэх мэдээллийг ЭМЯ-наас 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн)

Гэхдээ эрүүл мэндийн салбарт хийсэн бодит хөрөнгө оруулалтын хэмжээ батлагдсан төсвөөс ихээхэн зөрүүтэй байна хэмээн Үндэсний аудитын газраас дүгнэсэн. Эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халдваргүйтлийн бодис, хамгаалах хэрэгсэл авахад 20.6 тэрбум төгрөг төлөвлөсөн бол гүйцэтгэл нь 3.5 тэрбум төгрөг, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжид 159 тэрбум төгрөг төлөвлөсөн бол гүйцэтгэл нь 54.8 тэрбум төгрөг байгааг тогтоожээ. Цар тахлын төсвийг ингэж шамшигдуулжээ.

КОВИД-19 цар тахлын үед эрүүл мэндийн салбарт зарцуулсан төсөв (тэрбумаар)

Тахлыг дурсахуй

2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 2272084 хүн буюу зорилтот бүлгийн хүн амын 96.4 хувь нь 1 дүгээр тунд, 2173713 хүн буюу 92.2 хувь нь 2 дугаар тунд, 1028562 хүн буюу 53 хувь нь 3 дугаар тунд, 109808 хүн буюу 3.4 хувь нь 4 дүгээр тунд хамрагдсан. Манай улс цар тахлыг хохирол багатай даван туулахад дархлаажуулалт нөлөөлсөн гэх нь бий ч үүнээс үүдсэн хор уршгийн тухай асуудал ч эн тэнцүү яригдаж байгаа билээ.

Монгол Улсад коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт явагдсан үе шат

Тахлыг дурсахуй

Тахал яваагүй

Гэхдээ тахал одоо ч биднийг орхиогүй. Монгол Улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 1010194 болж, энэ халдвараар 2138 хүн энджээ. Дэлхийн статистикийг covid19.who.int сайтад мэдээлснээс үзвэл 772 138818 тохиолдол батлагдаж, 6 985964 хүн нас баржээ. Одоо ч нэмэгдсээр байна.

Тахлыг дурсахуй

Тахлын үлдэц

Ковид19 биднээс алсарсан ч үлдээсэн бүхний уршгийг одоо ч хүртсээр буй. Хувийн аж ахуйн нэгжүүд туйлдаа хүртэл хямарч, зарим нь энэхүү хямралаас гарч чадахгүй дампуурлаа зарлах цуваа одоо ч үргэлжилсээр байна.

Ковидын дараах нойргүйдэл, сэтгэл гутрал гэсэн шинэ нэр томьёо хүртэл бий болжээ. Коронавируст халдвараар өвдөж, эдгэрсний дараа хүний эрүүл мэндэд урт хугацааны сөрөг нөлөө илрэх тохиолдол түгээмэл гарч ХЭҮК-оос судалгаа хийхэд судалгаанд оролцсон иргэдийн 51.5 хувь нь ядрах, 41.3 хувь нь мартах, 30.2 хувь нь булчин сулрах, 20.7 хувь нь сэтгэл гутрал, түгшүүр илэрч байгаа гэсэн байв.

Монгол Улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг 110 хоног хязгаарлаж, 686.3 мянган хүүхэд, 147.3 мянган оюутан залуус хичээлийн хоцрогдолтой болсон. Энэ хоцрогдол одоо ч боловсролын салбарын зовлон хэвээр байна. Хичээлийн хоцрогдлоос гадна сургууль завсардалт нэмэгдэж, хүүхэд залуусын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаж, хүнс тэжээлийн доройтол, гэр бүлийн хүчирхийлэл, цахим төхөөрөмжид донтох эрсдэл бий болсон.

Халдвар авсан зарим хүний мэдээллийг орон даяар хайр найргүй цацсан явдал нь хувийн нууцыг хамгаалах, мэдээлэлтэй харьцах хандлага төрийн албан хаагч болоод бидэнд ч суугаагүй гэдгийг энэ хугацаанд мөн харлаа.

Гэхдээ дээр дурдсан бүх үлдцийг бид удаанаар ч гэсэн хэвийн байдалд эргэн оруулж болно. Харин цар тахлын улмаас болоод хатуу хөл хорионы улмаас амиа алдсан хүмүүс эргэж ирэхгүй. Тахал байсан учраас хүмүүс нас барах нь ойлгомжтой. Гэхдээ төр засгийн уялдаагүй, төлөвлөгөөгүй, хүнээ хайрлаагүй шийдвэрээс болж гэмгүй олон хүн амь насаараа хохирсон юм. Нийтлэлийн эхэнд эргэн очвол тухайн үед хэрэгжүүлж байсан бодлогыг санаж болно.

Эрүүл мэнд, аюулгүй байдал нь эрсдэж болзошгүй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийнхэнд учрах эрсдэлийг огт тооцоогүй, дэндүү хүнлэг бус шийдвэрүүд гаргаж байсан. Төр засгийн эрх мэдэлтнүүдээс дутахгүй, иргэд бид өөрсдөө ч дэндүү хүмүүнлэг бус байсан.

Тахлыг дурсахуйОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр

“Өнгөрсөн цаг хугацаа их том түүх болж үлдсэн. Ямар их бэрхшээл, алдаа оноо гарсан бэ гэдгийг би биеэрээ туулсан хүн. Манай улсын эдийн засгийн чадавх, ямар зохион байгуулалттай, төрийн байгууллагын ажлын уялдаа нөөц юу билээ. Бид цар тахлын үед Солонгост нас бараад Японоор дамжиж ирсэн цогцсыг хүлээж авсан. Бидэнд байгаа уут 170 см-ын багтаамжтай. Гэтэл тэр хүн 190 см. Шуурхай штаб 05.00 хүртэл хуралдсаны эцэст уутанд хийгээд скочдож байсан. Энд хэн нэгнийг буруутгах гээд байгаа юм биш. Чадсан л гэж яриад байгаа… Монгол Улс хохирол багатай туулсан л даа. Гэхдээ бидэнд бодох зүйл олон бий.”

Ковид19 дандаа муухайг үлдээгээгүй. Сайныг ч бас бидэнд үлдээсэн. Эцэст нь бид эндээс юунд хамгийн их суралцаж үлдэх ёстой вэ гэдэгт ХЭҮК-ын өгүүлснээр нийтлэлээ төгсгөе.

“Төрийн бодлогыг хүнд ээлтэй боловсруулах, хэрэгжүүлэх нь гамшиг, ноцтой байдлыг хохирол багатай даван туулах үндэс бөгөөд ийнхүү бий болсон төр ба иргэний бат бөх итгэлцэл нь илүү ухаалаг, тогтвортой ирээдүйг бүтээх суурь болж чадахыг Ковид19 цар тахал тод харууллаа”

Эх сурвалж: Үндэстнй ТОЙМ сэтгүүл


URL: