Метро үлгэр болов !

original-sbeЗасгийн газар өнгөрсөн онд метро байгуулах шийдвэр гаргаж, 2028 онд ашиглалтад оруулахаар цаг хугацааг тодорхойлсон ч  эрдэмтэн судлаачдын зүгээс “цахилгааны эх үүсвэрээ шийдвэрлээгүй цагт Улаанбаатар хотод метро байгуулах боломжгүй” гэдгийг мэдэгдсэн удаатай.

Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр ирэх өвөл Улаанбаатар хотын хэмжээнд эрчим хүч хязгаарлахаас аргагүй нөхцөл байдал үүссэнийг сануулсан нь метро байгуулах төлөвлөгөө үлгэр болж буйг илтгэсэн хэрэг болов.

Энэ тухай тэрбээр “Ирэх оны өвлийн улиралд эрчим хүчний хүндрэлтэй нүүр тулна. Ирэх жил 50, 50 хувийн хязгаарлалт хийхээс аргагүй нөхцөлд байна. Бидэнд өгсөн холболтын зөвшөөрөл, гэр хорооллын айлууд цахилгаан зуух руу шилжиж байгааг харахад ийм нөхцөл байдал руу явлаа. Би удахгүй Засгийн газрын хуралдаанд энэ мэдээллийг танилцуулахаар бэлтгэж байна. Хэрэв бид ирэх гурав, дөрөвдүгээр сард яаралтай экстрим шийдвэр гаргаж, эрчим хүчний хангамжийн чиглэлээр аравдугаар сараас өмнө шинэ эх үүсвэрүүдийг шийдэж чадахгүй бол том бүтээн байгуулалт болон бусад ажлыг хийж чадахгүй” гэв.

Зөвхөн метрогоор тогтохгүй гэр хорооллыг барилгажуулах төлөвлөгөө ч эрчим хүчний эх үүсвэргүйгээс шалтгаалж, “будаа болж” мэдэхээр байна.

Гэтэл нийслэлийн 2024 оны төсөвт тодотгол хийх хүрээнд метроны зөвлөх үйлчилгээнд шаардлагатай 54.6 тэрбум төгрөгийг тусгаж буй.  Энэ төслийг хэрэгжүүлэхэд нийт 566 тэрбум төгрөг зарцуулна. Ингэхдээ зөвлөх үйлчилгээ авсны дараа тендерийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Урьдчилсан байдлаар зургаагаас есдүгээр сарын хооронд метро барих гүйцэтгэгч компанийг шалгаруулж, суурь судалгаануудыг хийсний дараа есдүгээр сар гэхэд барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн нь татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэх вий гэдэг болгоомжлол төрүүлж эхлээд байна.

Учир нь, Монгол Улсад хэрэгжээгүй 20, 30 жил болж буй маш олон төслүүдэд яг л дээрх шиг алдаанууд гарч ирсэн. Нэг үгээр хэлбэл, аль төслийг хамгийн тэргүүнд хэрэгжүүлэх вэ гэдэг эрэмбээ зөв гаргадаггүй.  Гаргалаа гэхэд түүнийг тууштай мөрддөггүй. Засгийн газар солигдох бүрийд бодлого нь өөрчлөгддөг, цаг хугацаа алдахын хэрээр ТЭЗҮ-ийг дахин шинээр боловсруулах шаардлага үүсдэг. Эргээд ТЭЗҮ нь хэдэн цүнхчдийн мөнгө хийдэг арга хэрэгсэл болж хувирсан гээд тоочвол төсөл дагасан бүтэлгүйтэл олон.

Үүнээс шалтгаалж,  Эгийн голын усан цахилгаан станцаас эхлээд Улаанбаатар хотод V цахилгаан станцыг барьж байгуулах асуудал яригдсаар 20, 30 жилийг элээж байгаа гэж хэлж болно.

Иймээс нийслэл метро байгуулахаасаа өмнө эрчим хүчний шинэ эх үүсвэр барихад анхаарлаа хандуулж, хүчээ хаяхгүй бол метро ч үгүй, гэр хорооллоо ч барилгажуулж чадахгүй, юу, юу ч үгүй сууж байх вий.

Эрчим хүчний эх үүсвэртэй болохын тулд шийдвэрлэх маш том асуудлын нэг нь газар. Хаа дуртай газраа цахилгаан станц байгуулах боломжгүй. Өмнө нь Сү.Батболдын Засгийн газрын үед буюу 2009 онд Улаанбаатар хотод эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулах асуудал яригдахад Багануур дүүрэгт газар шийдвэрлэсэн ч судалгаагаар боломжгүй гэдэг дүгнэлт гарч, энэхүү төсөл гацсан.

Тиймээс түгжрэлээ шийдэхэд метро барихаас аргагүй юм бол метрог ажиллуулах тэжээл нь болсон цахилгаан станц байгуулахад л ханцуй шамлан орохоос аргагүй болж байна.

Г.ХОРОЛ

https://news.mn/r/2704712/


URL: