Малчин ч бол доо…

зуд-810x483Хэдэн мянган жил тал нутгийн хатуу шалгуурыг давж, түүндээ дасан зохицож нүүдэлчдийн оршихуйн талаар мах идэж мэдэхээс мал хариулж мэдэхгүй мань мэт нь энэхүү бичвэрээр малчин Болдоог шүүмлэхгээгүй тэмдэглээд харин ч өмөөрөхийг хичээх болно.

Сталин монголчуудад хайртайдаа бус малыг нь өсгөх малчин хэрэгтэй учраас хядлагаасаа ухарчээ. Түүний даалгавар Монголын малыг 200 саяд хүргэх байв. Бэлчээрийн мал аж ахуйтны хувьд энэ нь боломжгүй зүйл бөгөөд түүний гайгаар мал дагавал ам тостоно гэдэг монголчууд анх удаагаа “ялтай мал” гэж малчин болохоос татгалзах болжээ. Учир нь, ямар ч төлийн гарзгүй малаа өсгөхөөс гадна ноос, ноолуур тогтсон нормоор тусаах ёстой. Хэрэвзээ төл алдвал амиа алдах ч эрсдэл бодитоор нүүрлэж байв. Оросын заавраар 70 жил мал дагасан монголчууд 1944 онд эхний бөгөөд эцсийн удаа 27 саяд хүрэн малаа өсгөжээ. Үүнээс хойш улсын аварга малчин шалгаруулах өдий төдий уралдаан зарласан ч нийтээрээ малаа өсгөж чадсангүй. Харин Ардчилсан хувьсгалаас хориодхон жилийн дараа буюу 2014 онд 60 орчим саяд хүргэн түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд түүнээс хойш жилээс жилд энэхүү амжилтаа эвдсээр ирэв. Хувийн өмч ийм хүчтэй ажээ. Гэхдээ…

Гэхдээ МАН, АН нь ялгаагүй малчдыг малжуулах бодлого барьж хүнийг нь орхигдуулснаас өнөөдөр Монголын малчид малаас ч дор “тэжээвэр” болон хувирчээ. Малчдын хүүхдийг сургууль сургах нэрийдлээр сум, сууринд сургууль барьж, ноолуурын мөнгө өгч, татвараас чөлөөлж, тэр ч бүү хэл нийгмийн даатгалын шимтгэлийг нь бусдынх нь хураасан татвараас төлүүлэх шийдвэрийг малтангууд уухайлан дэмжив. Өнөөдөр малчин залуус охидтой танилцахын тулд хонь амлах болсон бөгөөд тэдэнд тогооны хүн олж өгөх гэсэн шоу нэвтрүүлгүүд хүртэл шил шилээ даган мэндлэх болжээ. Гэтэл малчин гэр бүлийн аль нэг нь хүүхдүүдээ сургуульд сургахын тулд сумын төвд байдаг болсон төдийгүй эрчүүд голдуу малаа харан үлдэж, үүнээс улбаалан гэр бүл салахдаа тулдаг болжээ. Мянгат биш гэхэд мянга дөхсөн малтай малчдын ажил барагдахаа байв. Хэрэвзээ малчны эхнэр болвол үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл борви бохис хийх чөлөөгүй зүтгэх хэрэгтэй агаад үр, хүүхэддээ анхаарал тавих чөлөө ч олдохгүй тийм хүнд хөдөлмөр эрхлэх болов. Хүмүүнлэг иргэний гэх ардчилсан нийгэмд хүний эрхийг дээд зэргээр зөрчдөг зүйл нь малчны оршихуй болон хувирав.

Дагаад бэлчээрийн даац аль 2009 оноос эхлэн алдагдсан бөгөөд өнөөдөр бэлчээрээс болж сум, аймгийн Засаг дарга нар тангараг тасархад хүрсэн бол малчид биедээ халдах нь энүүхэнд болжээ. Хөдөлмөрийн баатар нь хүртэл машинаар адуучин залууг “алахаар” хөөж яваа бичлэг өнгөрсөн намар цацагдаад амжив.

“Монголын соёлын өвийг тээгч” хуурамч шошго малчдад зүүн, тэднийг элдэв байдлаар дэмжиж буй мэт хорлох бодлогыг Монголын төр барьж байна. Яг сайн анзаарвал малчдад чиглэсэн бодлого огтоос байхгүй бөгөөд малыг нь л өөрөөс нь өндөрт тавих тухай өнөөдөр ярьцгааж байна.

Мал хэцүүдлээ гэх суртал ухуулгыг бүгд хэлж буй ч малчны асуудлыг хөндөн тавьсан нь тун чиг ховор. Торго, дурдан болсон дээлтэй, кракуль малгай духлуулсан улстөрчид дотор нь юу ч байгаа нь мэдэгдэхгүй хайрцагтай зүйл малчдад тарааж гишүүд адаглаад тусламж тээвэрлэж буй машинаа анзаарсангүй. Монголын сул тал нь тэдний давуу байдал болон хувирчээ. Биднийг аюул тулгарахад батлан хамгаалах салбарын техник ХХ зууны хуучин хэрэгсэлтэйгээ хамт хоцрогдсоныг ч харсангүй.

Өнөөдөр хүртэл эшлээд буй улсын аварга малчдын бодит амьдрал ямар байсныг бид ухаарсангүй. Хүүхдээсээ илүү малаа хайрлан өсгөсөн алдааг өнөөдөр алдаршуулж байна. Туслах малчин байгаад ч малын тоо толгой нь хэтэрсэн болохоор монголын малчид хаанаа ч хүрэлцэхгүй зудтай, зудгүй зутрахад хүрчээ. Анзаарвал зуд болохыг мэдээд төл бага авахаар зохицуулалт хийж, малаа мах болгосон малчид зудыг зовлонгүй давж байна. Гэтэл Монголын төр улсын аварга малчин гэх утгагүй тэмдлэгээ УИХ-ын гишүүдээр дамжуулан цагаан сарын өмнө цацсаар л байсан. Тоо биш чанар, мал биш хүнийг бодсон бодлого Монголд үгүйлэгдэж байна. Монгол малчныг муухай харагдуулах бодлогыг Монголын төр барьж байна.

Малчдад хүн ёсны дагуу хандах төрийн бодлого үгүйлэгдэж байна. Тэр нь тэжээл, өвс тарааж, хашаа хороонд нь стандарт тогтоох тухай ойлголт огтоос биш юм. Тооны араас хөөцөлдсөн тэнэглэлээ зогсоох тов хийсэн амьдралаа босгоход нь тус дэм болох үүднээс мянгат малчны утгагүй шагналаа зогсоож, тэдэн рүү чиглэсэн хавхны бодлогоо зогсоох нь хамгийн том тус дэм болно. Нэмнээ цуглуулж хандивлах нэг хэрэг. Нийтээрээ малчныг хорлоод буйгаа ухаарах нь өөр хэрэг билээ. Зуд болдгоороо л болно. Зудыг хэзээ болтол тусламжаар гэтэлгэх билээ. Малын тоо толгой бус сүргийн бүтэц, чанартаа анхаарвал зуун дамжин өртөөлөг өв соёл нь тэр байх болов уу? Мал мэдэхгүй мань мэтээр иймхэн юм заалгаж суудаг тэд маань малчин ч бол доо…

https://news.mn/r/2705214/


URL: