Бүртгэлгүй ломбардыг торгож, учирсан хохирлыг төлүүлнэ

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29.2-т “Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор харьяалах бүртгэх байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан шилжилтийн үеийн зохицуулалт өнөөдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байна. Тиймээс эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгч нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс хамааран харьяа бүртгэх байгууллагад шуурхай бүртгүүлэх шаардлага үүсээд байна.

Дээр дурдсан хугацаанд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй тохиолдолд цаашид барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэх эрхгүй бөгөөд бүртгэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, мөн бүртгүүлээгүй этгээд нэрэндээ “барьцаалан зээлдүүлэх газар”, “зээлийн үйлчилгээ” гэсэн тэмдэглэгээ, эсхүл түүнтэй төсөөтэй тэмдэглэгээ хэрэглэсэн, зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа явуулсан бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргаж, зөрчил тус бүрд мөнгөн торгуулийн шийтгэл хүлээхээс гадна зээлдэгчээс зээлийн хүү авах эрхээ алдах нөхцөл бүрдэхийг анхаарна уу.

Эх сурвалж: СЗХ


URL: