“Өрөм”-өө тэдэнд үлдээж “хусам”-аар нь Баялгийн сан байгуулах уу

17102906825efac70c8c814e669bd4defb7271876eМонгол баян орон. Монголчууд ядуу ард түмэн. Энэ бидний тодорхойлолт. Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцийг хүн амын тоо, хуваарилалттай харьцуулахад шүү дээ. Уг нь манай оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн. Алтны 1619, мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая,хайлуур жоншны 122 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагджээ. Нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй. Эдүгээ 9.8 тэрбум тонн нөөц баталгаажсан. Гэхдээ энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэнэ. Нөөц ихтэй томоохон ордуудад зэсийн Эрдэнэт, Оюу толгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Тавт, мөнгөний Асгат, Мөнгөн өндөр, төмрийн хүдрийн Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт багтдаг. Харамсалтай нь 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс хойш баялгийн тэгш бус хуваарилалт явагдаж, өнөөдөр тэр нь нэгэнт тогтчихсон. Шууд утгаараа, нөөц ихтэй ордуудын дийлэнх нь цөөхөн хэдэн хүн, хэдхэн гэр бүлийн мэдэлд орчихсон.

Тэгвэл өнгөрсөн жилүүдэд бат бөх бүрэлдсэн “баялгийн тэгш бус хуваарилалт” гэх тогтолцооноос яаж ангижрах вэ. Толгой өвтгөсөн энэ асуудлыг төрийн түвшинд лав 16 жил ярьж байна. Төрийн хийгээд улс төрийн эрх мэдлүүд бидэнд “Баялгийн сан байгуулж баялгийн тэгш бус хуваарилалтыг үгүй хийнэ” гэсээр ирсэн.

МОНГОЛЫН БАЯЛГИЙН САН БА НОРВЕГИ МАЯГИЙН “МӨРӨӨДӨЛ”

сонин mn

 Дэлхийн 100 гаруй улс баялгийн сантай. Сайн, муу янз бүрийн үр дүнтэй ажилладаг. Манайхан бараг бүгдийг нь “судалсан” байдаг. Тэгж тэгж Норвегийн загвар дээр сангаа байгуулахаар болсон. Баялгийн сан байгуулахын тулд хамгийн эхэнд тухайн улс орны улс төрийн хүчнүүд тохиорох ёстой болдог байна. Энэ дагуу УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН намууд нэгдсэн шийдвэрт хүрч, хуулийн төслийг хамтран боловсруулахаа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд зарласан. УИХ-ын хаврын чуулган удахгүй нээлтээ хийнэ. Энэ чуулганаар Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барьж, улмаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Дуншиж буй хуулийн гол утга нь “Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасанд нийцнэ. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэнэ. Сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулна. “Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Оюу толгой”, цаашид ашиглах ордуудын ашиг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулна” гэж байна.

БАЯЛГИЙН ОРЛОГЫГ БАЯЛГИЙН САНД ДАМЖУУЛАХ “ЭРДЭНЭС МОНГОЛ”

сонин mn

Өмнөх нийгмийн үеийн Хүнд үйлдвэрийн яамыг 1991 онд буулгажээ. Ингээд Засгийн газрын дэргэд Уул уурхайн товчоо болон Улсын геологийн газрыг байгуулсан байна. Уул уурхайн товчооны дэргэдэх “Монгол эрдэнэ” төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулж, тухайн үеийн ашиглалтад байсан төрийн өмчит уул уурхайн үйлдвэрүүд, төслүүдийг хариуцуулжээ. “Мон эрдэнэ”-ийн мэдэлд:

  • “Эрдэнэт үйлдвэр”
  • “Монголросцветмет”
  • Улаан овооны гянтболд
  • Авдрантын хар тугалга
  • Хүжхаан
  • Модотын цагаан тугалга
  • Хайлааст
  • Их даширийн алтны уурхай
  • Бороогийн алтны үндсэн орд
  • Төмөртэй
  • Баянгол
  • Төмөртолгойн төмрийн ордууд
  • Төмөртэйн овоо
  • Улаан, Цавын полиметаллын ордууд
  • Цагаансуваргын зэс-молибден
  • Асгатын мөнгөний орд зэргийг багтаажээ.

Гэвч “Мон эрдэнэ”-ийг 1998 онд татан буулгасан байна. Ингээд уул уурхай, ашигт малтмалын талаарх бодлого, үйл ажиллагааг салбарын яам, түүний харьяа агентлаг хариуцаж байгаад 2007 онд “Монгол Эрдэнэ” компанитай ижил Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийг төлөөлөх “Эрдэнэс Монгол” компанийг байгуулсан байна. Учир нь 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудад төр хувь эзэмших заалт орсон. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн компаниуд дахь төрийн оролцоог хэрэгжүүлэх “Эрдэнэс Монгол”-ыг байгуулжээ. Тус компани нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад анхаарч ажиллаж иржээ. Өнөөдрийн байдлаар тус компани “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Мон-Атом”, “Эрдэнэс Шивээ Энержи”, “Эрдэнэс метан”, “Эрдэнэс ассет менежмент” компаниудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж ирсэн. Мөн “Оюу толгой” компанийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуунсухайт авто зам” компанийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулдаг.

Улмаар өнгөрсөн жилээс тус компанийг Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаатай уяхаар Нэгдэл болгож, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 компанийг нэгтгэсэн. Тус компанийн нэр дээр нийт 84 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас 63 нь ашиглалтынх, үлдсэн нь хайгуулын лиценз байна. Гэхдээ “Эрдэнэс Монгол”-ын эзэмшдэг лиценз, аж ахуйн нэгжийн “тоо ширхэг” бараг л жил бүр өөрчлөгддөг.

ГАНЦХАН ЖИШЭЭ: ТАВАНТОЛГОЙН ОРДЫН “ӨРӨМ”-ИЙГ ИНГЭЖ ХАМСАН

Тавантолгойн нүүрсний орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Улаан нуурын хөндийд Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км зайд байрлана. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос 98 км, Цогтцэций сумын төвөөс өмнө зүгт 16 км, Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 440 км, төмөр замын хамгийн ойрын цэг болох Хар Айраг өртөөнөөс 400 км, Гашуунсухайт боомтоос 270 км Монгол-Хятадын хилээс 170 гаруй км-т оршино. Тавантолгойн орд 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Түүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс гэдэг. Үүгээрээ дэлхийд коксжих нүүрсний нөөцөөрөө 10-т багтана. Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 хувийг нийлүүлдэг Хятадын хойд хэсгийн үйлдвэрүүдэд хамгийн ойр нь Тавантолгойн орд байдаг. Гээд бодохоор энэ ордын үнэ цэнэ улам өснө. Гэхдээ өнөөдөр Үндэсний баялгийн сангийн гол орлогыг “бүтээгч” энэ стратегийн орд нийтийн мэдэлд бүгдээрээ очоогүй. Улсад шилжүүлэхдээ “өрөм”-ийг нь аваад үлдчихсэн гэдэг.

Анх Тавантолгойн орд газ­рын 86 хувийг нь төр, 14 хувийг нь “Энержи ресурс” консерциум эзэмшиж бай­сан. 2007 онд С.Баяр Ерөн­хий сайд болонгуутаа тус консерциумын мэдлийн ху­вийг авсан. Тухайн үед энэ талаар “Энержи ресурс” консер­циумын 15 хувийг эзэмшиж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболд­ “Муу хэлүүлээд байгаа тэр “Энержи ресурс” нь Та­ван­толгойн лицензийг өнөөд­рийг хүртэл хадгалсаар, гад­ныхны зууш болохоос хам­гаалсаар ирсэн байгаа юм. Тэгэхээр аль нь эх оронч байна вэ гэдгийг цаг хугацаа, нөхцөл байдал харуулаад өгч байгаа юм биш үү. Хоёр­дугаарт, юм хийж бүтээж байгаа хүмүүс дандаа шүүмж­лэлийн бай болдог гэдгийг харууллаа. Нийгэмд нэг ч төгрөгийн баялаг бүтээ­гээгүй хүмүүс бидний нэр хүндийг аль болохоор гутаах, хийсэн бүтээснийг нь сүүдэр­түүлэх гэж хичээсээр ирлээ. Мэдээж энэ бүхний ард тодор­хой хүмүүсийн улс төр, эдийн засгийн сонирхол бай­на. Тэдний хажууд “Энержи ресурс” консерциумд нэгд­сэн компаниуд жинхэнэ эх орончид байжээ гэж бодож байна. Учир нь лицензийг нь хууль номын дагуу авсан уу гэвэл авсан. Гадаадын хү­мүүс сонирхож байсан уу, сонирхож байсан. Хамгийн гол үр дүн нь энэ лицензийг зарж үрэгдүүлж, богино хуга­цааны ашиг хийгээгүйд л байгаа юм. Бид лицензийг аваад найман жил хэнд ч өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, охиноо хадамд гаргах гэж байгаа эцэг шиг л лицензийг нь хадгалж, харамлаж, тат­варын мөнгийг нь төлөөд, өрөөлд ч ашиглуулалгүй, зарж наймаалахгүй явсаар өнөөдрийг хүргэлээ.

Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч, гадна дотныхон энэ ордыг сонир­хоод ирмэгц ёстой л нөгөө тамын тогооны үлгэр гээч болов. Ерөнхий сайд “Энержи ресурс”-ийнхэнд “сайхан хад­галж ирлээ, баярлалаа” гэж хэлсэнд нь талархаж байгаа” гэж байв. Гэвч Тавантолгойн орд тэр чигтээ улсад шилжээгүй талаар УИХ дээр ч ярьж байв. УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тэр үеэр ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт “УИХ-ын тогтоолд өнөөдөр “Эрдэнэс Монгол”-ын эзэмшиж байгаа Тавантолгойн лиценз нь өөрөө 100 хувь төрийн өмчит компанийн мэдэлд байна гэдгийг зориуд цохон тэмдэглэсэн. Тэр ч утгаараа энэ 100 хувь төрийн мэдэлд байгаа компанийхаа хувьцааг иргэддээ Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу эзэмшүүлэх, дээрээс нь Хөрөнгийн бирж дээр арилжаална. Ийм шийдвэрийг УИХ-ын тогтоолд тусгасан. Өнөөдрийн байдлаар “Тавантолгой” ХК Цанхийн талбай дээр яг төв хэсэгт нь үйл ажиллагаа явуулдаг. “Ажнай” групп хэд хэдэн хувьцаа эзэмшигчтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Өөр тэнд 2007 онд лиценз авсан “Дацэкү” гэсэн компани байгаа. 2007 онд энэ талбайг, Тавантолгой орд газрыг төрд буцааж авахдаа гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи ресурс” компани гэсэн ийм гурван аж ахуйн нэгж Тавантолгойн орд газар дээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ компаниуд бүгдээрээ 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу лиценз авсан. Шинэчилж авсан. Яг Ашигт малтмалын хуулийн үзэл баримтлалын дагуу бол төрийн өмчид байх ёстой. Тэр үзэл баримтлал яг өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол” компанийн эзэмшиж байгаа 70 мянга гаруй га дээр л бүрэн хэрэгжсэн. Энэ гэрээг “Ашигт малтмалын тухай хуулийн төрийн өмчид 50 хүртэл хувь нь байна” гэсэн заалтын дагуу бид нар гэрээнд гарын үсэг зурсан. 2007 онд С.Баяр даргын Засгийн газрын үед авсан. Яг энэ “Стратегийн ач холбогдолтой орд газрын 50 хүртэл хувь нь төрийн мэдэлд байна” гэсэн энэ заалтын дагуу авсан” гэж байв.

Тэгвэл энэ нь хуулийн зөрчилтэй болохыг Монголын Улсын төрийн аудит, хууль хяналтын байгууллагууд тогтоож, дүгнэлт гаргаж, зөвлөмж зааварчилгаа өгсөөр иржээ.

Үүнээс гадна “Стратегийн ач холбогдол бүхий нэг орд газарт дунджаар 1-8 хуулийн этгээд 2-26 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаа явуулах боломжийг хомс болгож, нэг нь нөгөөдөө саад болох нөхцөлийг бүрдүүлжээ. Тухайлбал, Шивээ-Овоо ХК-ний уурхайн одоогийн ашиглалтын талбай болох 91 га газрыг тойруулан “Шинэ Шивээ”, “Аргамаг трейд”, “Дуулгат халиун” зэрэг компаниудад хайгуулын лиценз олгосноос ашиглалтын талбайг өргөтгөх боломжгүй болсон байна. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”, “Багануур” ХК, “Тавантолгой” ХК-иуд цаашид үйл ажиллагаагаа өргөтгөхөд бэрхшээл учрах нөхцөл бүрджээ” гэх дүгнэлтийг ч хийж байжээ. Ганцхан жишээ хүргэе.

2006.2.9

Тавантолгойн нүүрсний ордын ……. солбицол бүхий газрыг Үйлдвэр худалдааны сайдын 17 дугаар тушаалаар зургаан сарын хугацаагаар нөөцөд авсан.

2006.7.8

Нөөцөд авсан тухайн талбайд “Энержи ресурс” ХХК ашиглалтын лиценз авахаар өргөдөл өгчээ. Түүнийг ГУУКА-ны өргөдлийн бүртгэлийн 17967А дугаарт бүртгэжээ. Тухайн үед ГУУКА-ны мэргэжилтэн тухайн өргөдөлд шүүлт хийж, хүсэлт гаргасан талбайн солбицол дээрх тушаалаар нөөцөд авсан болон 287А дугаартай лицензийн талбайтай хэсэгчлэн давхцаж байгааг тогтоож, энэ тухай тэмдэглэсэн байгаа юм.

2006.7.20

Гэвч ГУУКА-ны дарга 7-3194 дүгээр албан бичгээр “. . . дээрх талбайг танай компанид олгох боломжтой байна” гэсэн хариуг “Энержи ресурс” ХХК-д өгсөн байна.

2006.8.2

Аж ахуйн үйл ажиллагааны лицензийн тухай хуулийн дагуу Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах талаар Өмнөговь аймгийн тухайн үеийн удирдлагаас санал авахад 27 дугаар албан бичгээр ”Дэмжинэ” гэсэн саналыг ГУУКА-нд ирүүлжээ. Гэтэл Өмнөговь аймгийн ЗДТГын архивт “Дэмжихгүй” гэсэн утга бүхий албан бичиг хадгалагдаж байна.

2006.8.17 

“Дэмжинэ” гэсэн энэхүү санал болон компаний өргөдлийг үндэслэн ГУУКА-ны дарга Т.Занаширийн 805 дугаар шийдвэрээр “Энержи ресурс” компанид 2135 га талбайн 11943А дугаартай ашиглалтын лиценз олгосон нь “Тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хүсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцох” тухай 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 14.9.2 дахь заалтыг зөрчжээ.

2006.8.28

ГУУКА-ны даргын 855 дугаар шийдвэрээр уг талбайн солбицолд өөрчлөлт оруулж, давхацлыг арилгах зохицуулалт хийжээ.

2006.11.8 

Дээр дурдсан шийдвэрүүдийг УМХГ-ын ГУУХА-наас шалгаад “Ашигт малтмалын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж олгогдсон 11943А дугаар лицензийн талбайд уг хуулийн 48 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу өөрчлөлт оруулж хуульд нийцүүлэх нь зүйтэй” гэсэн улсын байцаагчийн 09/67/447 дугаар дүгнэлт бичигджээ. Үүний дагуу сонгон шалгаруулалт дахин хийх шаардлагатай байв.

2006.9.1

Тавантолгойн нүүрсний орд газарт “Энержи ресурс” ХХК-д хууль зөрчин олгосон 11943А дугаартай лицензийн талбайгаас 101 га талбайг “Дайцүки” ХХК-д ГУУКА-ны даргын 891 дүгээр шийдвэрээр шилжүүлжээ. Ийнхүү хууль зөрчиж “Энержи ресурс” ХХК, “Дайцүки” ХХК-д олгосон эдгээр ашиглалтын лицензийг хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг тухайн үед нь хууль, хяналтын байгууллагаас анхааруулж байжээ.

БАЯЛГИЙН САНД ПАДЛИЙГҮЙ СТРАТЕГИЙН ОРДУУД БУЮУ “САВНААСАА ХОЛДСОН СААЛЬ”

сонин mn

“Эрдэнэс Монгол” компанийг анх байгуулсан шалтгаан болох Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийг төлөөлөх үүргээ биелүүлж чадаж байна уу. Ер нь энэ компанийн дамжуулж ямар ямар ордоос Баялгийн санд орлог төвлөрөх вэ. Энэ маш бүрхэг харагдаж байна. Уг нь “Эрдэнэс монгол”-ын мэдэлд Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордууд бүгд байх ёстой.

УИХ-ын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 2007 оны 27 дугаар тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж үзсэн.

  1. Тавантолгойн чулуун нүүрсний орд
  2. Нарийнсухайтын нүүрсний орд
  3. Багануурын хүрэн нүүрсний орд
  4. Шивээ Овоогийн хүрэн нүүрсний орд
  5. Мардайн ураны орд
  6. Дорнодын ураны орд
  7. Гурванбулагийн ураны орд
  8. Төмөртэйн төмрийн хүдрийн орд
  9. Оюу толгойн зэс, алтны орд
  10. Цагаан суврагын зэс, молиб­дений орд
  11. Эрдэнэтийн зэс, молибдений орд
  12. Бүрэнхааны фосфоритын орд
  13. Бороогийн алтны орд
  14. Төмөртэйн овооны цайр, хар тугалганы орд
  15. Асгатын мөнгөний орд

Өдгөө “Эрдэнэс Монгол” компани эдгээр 15 ордоос Эрдэнэтийн зэс, молибдений орд, Төмөртэйн төмрийн хүдрийн орд, Асгатын мөнгөний ордыг 100 хувь, Багануурын хүрэн нүүрсний ордын 75 хувийг, Тавантолгойн чулуун нүүрсний ордын 81.5 хувийг, Оюу толгойн зэс, алтны ордын 34 хувийг, Шивээ овоогийн хүрэн нүүрсний ордын 90 хувийг эзэмшиж байна.

Харин фосфоритын 192 сая тн-ын нөөцтэй Бүрэнхааны орд, ураны 1 948.1 тн-ын нөөцтэй Мардайн орд, ураны 28 888 тн-ын нөөцтэй Дорнод орд, ураны 8 580.3 тн-ын нөөцтэй Гурванбулагийн орд, цайрын 7.8 сая тн-ын нөөцтэй Төмөртэйн овоо орд, зэсийн 1.7 сая тн, алтны 11.1 тн, молибдений 68 мянган тн нөөцтэй Цагаан суваргын орд, чулуун нүүрсний 587 585.1 тн-ын нөөцтэй Нарийн сухайтын орд “Эрдэнэс Монгол”-д хамааралгүй байна. “Монгол орны стратегийн 15 ордыг нэгэн дээвэр дор нэгтгэж, төр эзэмшилдээ оруулсан” гэх боловч өнөөдөр хэд хэдэн стратегийн ордын лиценз хувь хүний нэр дээр байна. Өөрөөр хэлбэл, Баялгийн сангийн эх үүсвэр болох баялгийн дийлэнх нь хэдэн хүн, хэдхэн гэр бүлийн мэдэлд очжээ. Харин удахгүй батлагдах Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар байгуулагдах баялгийн санд Эрдэнэт, Төмөртэй, Асгат, Багануур, Тавантолгой, Оюу толгой, Шивээ овоогийн ордоос л тодорхой орлого орж байхаар байна. Ялсангуяа Эрдэнэт, Тавантолгой хоёроо л өөд уруугүй мөлжсөн Баялгийн сан бий болох нигууртай болоод явчихлаа.

СУГА ТАТУУЛСАН СТРАТЕГИЙН ОРДУУДЫН БАС НЭГ ЖИШЭЭ: ЦАГААН СУВАРГЫН ОРД

Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га талбай бүхий газарт зэс, молибдений Цагаан суваргын орд газар байрладаг. Тус орд нь 240 сая тн хүдэр, 1.8 сая тн зэсийн нөөцтэй.

1964 он

Мандах сумын иргэн н.Насандэлгэр Геологи-хайгуулын удирдах газарт Цагаан суваргын ордыг зэсийн хүдэржилттэй байж болох талаар мэдэгджээ.

1965 он

Чойрын геологийн экспедиц хайгуулын ажлыг эхлүүлжээ. Түүгээр зэс, молибдений хүдэржилттэй болохыг тогтоожээ.

1967 он

Чойрын геологийн экспед эрэл-үнэлгээний ажлын дүгнэлтээрээ “Нөөцийн нь С2 зэргээр 1 357.2 мян.тн зэс, 31.55 мян.тн молибден байна” гэж тооцсон. Үүнээс хойш геологийн зураглал, геофизикийн ажил, уул өрмийн ажил, технологийн туршилт зэргийг гүйцэтгэжээ.

1977-1978 он

“Нөөцийг С1+С2 зэргээр 1280 мян.тн зэс, 43.9 мян.тн молибден байна” гэж тооцсон.

1980-1982 он

Нэмэлт хайгуул ажлын дүнд “Балансын нөөц В+С1+С2 зэргээр 1280.85 мян.тн зэс, 43.62 мян,тн молибден, балансын бус нөөц В+С1+С2 зэргээр 197.67 мян.тн зэс, 7.05 мян,тн молибден” гэж тооцжээ.

2001-2007 он

МАК ХХК хайгуулын ажлынхаа үр дүнг ЭБЭХЯ, АМГ-ын Эрдэс баялагийн зөвлөлөөр 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Цагаан суваргын ордын нөөцийг 21-01 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна.

2005.4.4

“Хөх тэнгэр тур” ХХК-иас Цагаан суваргын ордыг ашиглах хүсэлтийг гаргажээ. Тус компанийг иргэн Д.Хулан 2001 онд үүсгэн байгуулж, 2009 онд татан буулгасан байдаг.

2005.4.13

АМГТГ-ын ГУУКГ-ын дарга Х.Хэрлэнгийн 508 дугаартай шийдвэрээр 9630А лицензийг 60 жилийн хугацаагаар олгожээ.

2005.4.22

“Хөх тэнгэр тур” ХХК нь ашиглалтын лицензээ МАК ХХК-д шилжүүлэх хүсэлтийг гаргажээ.

2005.5.4

АМГТГ-ын Х.Хэрлэнгийн тушаалаар МАК ХХК-д шилжүүлэв.

2005.9.8

МАК ХХК-иас 1977-1978, 180-1982 онд хийгдсэн хайгуулын зардал 714 мянган ам.долларыг төлжээ.

2007.2.22

АМГТГ-ын дарга Лу.Болд Цагаан суваргын ордын шинэчилсэн бүртгэлийг хийж гэрчилгээг МАК ХХК дээр гаргав.

2009.7.29

МАК ХХК-иас Эрдэс баялгийн зөвлөлөөр Цагаан суваргын ордын нөөцийг тогтоолгов.

2014.4.7

МАК ХХК-иас Цагаан суваргын ордыг “Эрдэнэс Цагаан суварга” ХХК-д шилжүүлэх өргөдөл гаргажээ. “Эрдэнэс Цагаан суварга” ХХК нь 2014 оны дөрөвдүгээр сарын 3-нд байгуулагдсан. Гүйцэтгэх захирал нь Г.Цогт, эцсийн өмчлөгч нь МАК ХХК аж.

2014.4.8

АМГТГ-ын ГУУКГ-ын дарга Н.Чинбаатар 313 дугаартай шийдвэрээр тус ордыг “Эрдэнэс Цагаан суварга” ХХК-д шилжүүлэв.

2014.7.1

УИХ-ын 54 дүгээр тогтоолоор “Төр Цагаан суваргын ордод хувь эзэмших шаардлагагүй” гэж үзэв. Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай тус тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг үндэслэн УИХ-аас тогтоох нь: .”Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй” гэсэн байдаг. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд байсан. Мөн уг шийдвэрийг гаргасан УИХ-ын чуулганы хуралдаанд 53 гишүүн оролцож, 32 нь буюу 60.4 хувь нь дэмжсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Бакей, Сү.Батболд, Ж.Батсуурь, Д.Батцогт, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Зоригт, Д.Лүнджээжанцан, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, М.Сономпил, А.Тлейхан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, М.Энхболд, З.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нар дээрх тогтоолыг дэмжиэ санал өгсөн байдаг.

2015.10.13

Уул уурхайн сайд Р.Жигжид, МАК ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Эрдэнэс Цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт нар Цагаан суваргын ордын төсөл дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав. Уг гэрээнд “Улс орны нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий Цагаан суваргын төслийн батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу санхүүжилтийн хэмжээ нь 1 031.0 сая ам.доллар буюу 1 963.0 тэрбум төгрөг болох тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж байгаа”, “УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн 54 тоот тогтоолоор Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн”, “Хөрөнгө оруулагч нь 2014 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс Цагаан суваргын төслийн үйл ажиллагааг тусгаарлаж, өөрийн 100 хувийн эзэмшлийн “Эрдэнэс Цагаан суварга” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Цаашид төслийг “Эрдэнэс Цагаан суварга” ХХК хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

2015.5.20

Үндсэн хуулийн Цэц “Цагаан суваргын ордыг МАК-д өгсөн нь Үндсэн хуулийн зөрчилгүй” гэсэн дүгнэлтийг гаргав. Тодруулбал, УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж “УИХ-ын 2014 оны 54 дугаартай тогтоол Үндсэн хуулийн 6.1 дэх хэсэг дэх Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэснийг зөрчөөгүй байна” хэмээх 07 дугаартай дүгнэлтийг гаргажээ. Өөрөөр хэлбэл “УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтад хамрагдах буюу Цагаан суваргын ордыг улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй” хэмээсэн байна.

Ингэж стратегийн ордын 10 дээр бичигддэг Цагаан суваргын орд аажмаар, 2005-2014 оныг хүртэлх хугацаанд хувийн компанид шилжжээ. Гэвч өнөөдөр тэр орд Монгол Улсын стратегийн ордын жагсаалтад байсаар байна.

ТАРААСАН ОРДУУДАА “ХУРААХ”-ГҮЙГЭЭР БАЯЛГИЙН САН БҮРДЭХ ҮҮ

Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. “Өрөм”-өө тэдэнд үлдээж “хусам”-аар нь Баялгийн сан байгуулах гэвэл бүтэхгүй. Угаасаа Баялгийн сангийн концепц нь “Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэсэнд нийцэх ёстой” гэцгээж буй. Тэгээд “Эрдэнэс Монгол” дээр сангийн орлогыг бүрдүүлэх ордуудаа цуглуулж байна. Тэнд цуглах ордууд нь стратегийн ордууд байх ерөнхий шаардлага тавигдсан байна. Тэр утгаараа стратегийн 15 орд тэнд байх ёстой. Гэтэл долоо нь л байна. Найм нь байхгүй. Тэгэхээр алдчихсан найман ордоо авчрах талаар эрх баригчид, улс төрийн хүчнүүд нэгийг бодох шаардлага үүсэж байгаа юм. “Яаж алдсан, яг түүгээрээ…” гэж үг ч бий шүү дээ.

Түүнчлэн дээрх 15 ордыг 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан. Хоёрдугаар хавсралтад нь нэр бүхий 39 ордыг судалж нэмэхийг даалгасан байдаг. Ингэхдээ ашигт малтмалын төрлийн ач холбогдол, нөөц, баялгийн хэмжээ, нөөцийн үнэлгээний түвшин, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи судалгааны ажлын байдал, хүдрийн агуулга чанарын үзүүлэлт, ордын уул-геологи, уул-техникийн нөхцөл, тухайн бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, уурхайн хүчин чадал, жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ, жилийн борлуулалт, улс, орон нутгийн төсөвт шууд оруулах орлогын хэмжээ, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, Монгол Улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт гэсэн үзүүлэлтүүдийг харгалзахыг даалгажээ. Ажлын хэсэг гараад ажиллаж зохих дүгнэлтүүдийг гаргасан байдаг. Гэвч энэ нь ажил хэрэг болсонгүй.

Уг нь Улаан-Овоогийн нүүрсний орд, Өвдөг худагийн нүүрсний орд, Баянтээгийн нүүрсний орд, Нүүрст хотгорын хүрэн нүүрсний орд, Хар тарвагатайн орд, Адуунчулууны нүүрсний орд, Тэвшийн говийн хүрэн нүүрсний орд, Талбулагийн хүрэн нүүрсний орд, Чандгана талын нүүрсний орд, Хөөтийн хонхорын нүүрсний орд, Хөөтийн нүүрсний орд, Налайхын нүүрсний уурхай, Алаг тогоогийн чулуун нүүрсний орд, Зээгтийн хүрэн нүүрсний орд, Могойн голын нүүрсний орд, Сайхан-Овоогийн нүүрсний орд, Баргилтын төмрийн хүдрийн орд, Төгрөг нуурын нүүрсний орд, Нарантолгойн алтны орд орд, Тавтын алтны орд, Төмөртолгойн төмрийн хүдрийн орд, Баяндавааны цагаан тугалга, гянтболдын бүлэг орд, Улаан-Уулын цагаан тугалга, гянтболдын орд, Баяндавааны цагаан тугалга, гянтболдын бүлэг орд, Цагаан давааны цагаан тугалга, гянтболдын орд, Мөнгөн-Өндөрийн мөнгөний орд, Хөх адарын зэс, цайрын орд, Шаврын царамын пиропын орд, Шүдэн уулын чулуун давсны орд, Ширээ уулын гөлтгөнийн орд, Өвдөг худагийн хүрэн нүүрсний орд, Цайдам нуурын хүрэн нүүрсний орд, Цагаан цавын цеолитын орд,

Манхан уулын фосфоритын орд, Онгилог нуурын фосфоритын орд, Лугийн голын газрын ховор элементийн орд, Хонгорын жоншны орд, Улааны цайр, хар тугалгын орд, Цавын цайр, хар тугалгын орд зэрэг багтжээ. Эдгээрээс “ухвал” Баялгийн сан руу орлого цутгах ордууд ч гарч ирнэ. Түүнээс гадна сүүлийн үед огцом хүчтэй яригдаж буй газрын ховор элемент, ураны төслүүдийг ч оновчтой хэрэгжүүлээд эхэлбэл ч Баялгийн санд нэмэр тусаа өгнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: