Хятадын төрөх эмнэлгүүд хаалгаа барьж эхлэв

china-baby-810x500Хятадын хүн амын тоо буурч байгаа тул төрөх эмнэлгүүдийн эрэлт ч багассан. Үүнтэй холбоотойгоор Хятад даяар төрөх эмнэлгүүд хаалгаа барьж эхлэв. Хаалгаа барьсан эмнэлгүүдийн тоо тодорхойгүй хэвээр байгаа ч ойрын хугацаанд “WeChat” сүлжээнд гурван мужийн дөрвөн эмнэлэг хаалгаа барьж байгаагаа зарлажээ.

Хятадын хүн амын тоо 2023 онд хоёр дахь жилдээ дараалан буурсан. Энэ нь төрөлтийн тоо урьд хожид байгаагүйгээр буурснаас гадна Covid-19-ийн шалтгаант нас баралт ихэссэнтэй холбоотой юм. Энэхүү бууралт цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт рүү зүтгэж яваа Бээжинд аюулын дохио болов.

Ийнхүү эмнэлгүүд хөгширч буй хүн амдаа илүү анхаарал тавихаас өөр аргагүй болж, нэгэн цагт чухал ач холбогдолтой байсан үйлчилгээгээ золиослоход хүрч байна.

Ажилгүйдлийн түвшин өндөр, цалингийн бууралт, эцгийн эрхт нийгэм зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хүүхэд төрүүлэхээс татгалзаж буй залуусын тоо нэмэгдэж буй. Засгийн газраас төрөлтийг дэмжсэн арга хэмжээнүүд авч буй ч төдийлөн амжилт олохгүй байна.

ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН САНХҮҮЖИЛТ ДУТМАГ

Хятадын эмнэлгүүд дундаас хөдөө орон нутгийн эмнэлгүүд онцгой хүнд үеийг туулж байна. Хөдөө орон нутагт аж төрөх цөөн тооны татвар төлөгч иргэн өндөр настай өвчтөнүүдийг эмчлэхэд шаардагдах үнэтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг төлж байна. Санхүүжилт, нөөцийн хомсдол зэрэг асуудлаас болоод тус эмнэлгийн удирдлагууд бага орлого авчирдаг хөтөлбөр, нэгжүүдээ цомхотгох болсон.

Тэр дундаа эх барихын салбарт орлого нь зарлагаасаа үргэлж давдаг гэдгийг Хятадын эрүүл мэндийн сэтгүүлд бичжээ.

Энэ нь бүх аймаг, мужид адилгүй ч ерөнхийдөө эх барихын үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Эх барихын салбарт санхүүжилт дутмаг бол эхийн эрүүл мэнд баталгаагүй болно гэсэн үг юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ОЛОН ХҮҮХЭДТЭЙ БОЛОХЫГ ЯТГАЖ ЧАДСАНГҮЙ

30 жил үргэлжилсэн “Нэг өрх нэг хүүхэд” бодлогыг 2016 онд зогсоосон. Үүнээс хойш төрөлт дорвитой нэмэгдэхгүй хэвээр байгаад Хятадын Коммунист нам эмэгтэйчүүдийг буруутгасан. Айл өрхүүдийг олон хүүхэдтэй болохыг шахаж буй ч эмэгтэйчүүд үүнд итгэлгүй байна.

Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн оны аравдугаар сард Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоонд хандаж, эмэгтэйчүүдийн салбарт гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, шийдвэрлэхийг уриалсан.

Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээс татгалзаж буй нь нийгмийн тогтвортой байдалд заналхийлж буй томоохон аюул юм. Эрүүл мэндийн сэтгүүлд ярилцлага өгсөн хятад эмэгтэйчүүд өөрсдийн эцэг, эхээ асарч халамжилдаг учир олон хүүхэдтэй болох эрч хүч, нөөц бололцоо байхгүй гэж хэлжээ. Ялангуяа засгийн газар хүүхэдтэй болохоор төлөвлөж буй гэр бүлүүдэд зориулсан хүүхдийн тэтгэмжийн томоохон төлөвлөгөө зарлаагүй учир энэ нь бүрхэг сонголт гэж тэд үзэж байна.

ӨМНӨД СОЛОНГОСТ Ч ЭХ БАРИХЫН САЛБАР МӨХӨХӨД ОЙРХОН БАЙНА

Өмнөд Солонгос бол төрөлтийн түвшингээрээ дэлхийд сүүл мушгидаг улс. Тус улсын төрөлтийн түвшин 0.78 хувьтай байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн анагаахын оюутнууд улам бүр цөөрсөөр эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт хүндхэн сорилттой тулгарчээ.

Өнгөрсөн жил л гэхэд дөнгөж 102-хон оюутан энэ мэргэжлээр элссэн. Тэдний ихэнх нь төрөлт биш эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн аж.

Хятадын нэгэн адилаар Өмнөд Солонгос даяар, ялангуяа хөдөө орон нутагт нь боловсон хүчний асуудлаас болж төрөх эмнэлгүүд хаалга үүдээ барьж байна. Тиймээс жирэмсэн эхчүүд амаржихын тулд хот хүрээг зорихоос өөр аргагүй болж байгаа талаар “Korea JoonAn Daily” хэвлэл мэдээлжээ.

Өмнөд Солонгос нь нэг өвчтөнд ногдох эмчийн хүртээмжээрээ Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын орнууд дунд хамгийн сүүлд ордог. Тиймээс тус улсын засгийн газар анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг. Энэхүү хүчин чармайлтын хүрээнд эмч нарын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргасан боловч эмч нар эсэргүүцлээ илэрхийлэн жагсч, ажил хаяад багагүй хугацаа өнгөрлөө.

Эмч нар анагаахын сургуульд элсэгчдийн квотыг нэмэгдүүлэхийн оронд илүү цагийн цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Хамгийн харамсалтай нь ажил хаялтын улмаас нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх үр дагавар нь дэндүү өргөн цар хүрээг хамрах юм. Эмч нар ажил хаясан тул эхчүүд зулбах, төрсний дараах хүндрэлтэй тулгарах зэрэг олон асуудалтай байна.

Эх сурвалж: SEMAFOR


URL: