Залуу дуучин Д.Найдандорж хуримлалаа /Фото/
“Эхийн сэтгэл”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлийн нандин” зэрэг дуугаараа эхчүүдийн хайрыг татсан залуу дуучин Д.Найдандорж СУИС-ийн оюутан байхдаа л хэд хэдэн дуутай болж клипжүүлэн, нутгийн зон олондоо анхны бие даасан тоглолтоо хүргэж байсан билээ. Багаасаа дуучин болохыг хүсэж, мөрөөдөж өдгөө дуучин болсон түүнийг хөдөлмөрч, хичээнгүй залуу уран бүтээлч гэдэг юм билээ. Тэрээр саяхан нутгийнхаа бүсгүй Д.Номинзул гэх эгэл даруухан басхүү үзэсгэлэнтэй бүсгүйтэй сүй тавьж байсан бол энэ сарын 14-ны билэгт сайн өдөр хуримлаж гал голомтоо бадраажээ.
Д.Номинзул Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан н.Жадамбын хамгийн том зээ охин ажээ. Ийнхүү Хөвсгөл аймгийн хүү өөрийн нутгийн охиныг эхнэрээ болголоо. Урлагийн салбарт хүчин зүтгэж яваа Найдандоржийг хүндэлж хуриманд нь урлаг соёлын олон алдартнууд хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн гэнэ. Тухайлбал МУГЖ Бат-Эрдэнэ, СТА Эрдэнэтунгалаг тэргүүтэй залуу дуучдаас гадна нэрт хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, МУГЖ Н.Банзрагч агсны гэргий н.Цэвээнсүрэн хүндтэй зочид иржээ.
Гал голомтоо бадрааж, амьдралын ханиа сонгосон хосууддаа аз жаргал хүсэн ерөөе.
URL: