ШҮД ЦООРОХ ӨВЧИН БУЮУ КАРИЕС

Ерөнхий
     Кариес буюу шүд цоорох өвчнийг хамгийн эртний өвчнүүдийн нэг гэж үздэг. Гэвч 18-р зууны үеэс Америкт чихрийн нишингийн тариалан бий болж, олдоц муутай үнэтэй байсан сахар, чихэр нь хямд, хаа сайгүй таардаг болсон цагаас эхлэн шүд цоорох өвчин нь асар хурдацтайгаар тархаж эхэлсэн юм.
Кариес гэдэг нь шүдний гадаргуй дээр гэмтэл, цоорхой үүсдэг өвчин юм. Шүдний эмч нар шүд цооролтыг шүд цооролтын толбо үүсдэг эрт үе ба  шүдний хатуу эдэд согог үүсдэг хожуу үе гэсэн хоёр хэсэгт хувааж үздэг. Манайхан хар яриандаа энэ эмгэгийг шүд хорхойтох, хорхой идэх гэж яриад сурчихсан байдаг.

    Шалтгаан
    Шүд цооролт нь шүдний зөөлөн өнгөрт ихээр агуулагдах бактерийн үйл ажиллагааны үр дүнд үүснэ. Шүдний зөөлөн өнгөр нь чанах, шарах зэргээр дулаан боловсруулалт хийсэн нүүрс ус ихээр агуулдаг зөөлөн бүтээгдэхүүн хэрэглэх үед үүсдэг зүйлс хэрэглэх, нэр томъёоны хувьд хэлэхэд нүүрс ус (ба сахар) ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэснээр үүсдэг. Гэтэл орчин үеийн хүний хоол нь дийлэнхдээ ийм бүтээгдэхүүнээс бүрддэг.
Хэрэв шүдний өнгрийг цаг хугацаанд нь арилгахгүй бол бактерүүд эрчимтэй үржиж эхэлдэг. Тоо нь ихсэх тусам хүчил ялгаруулах ихэсч, шүдний пааланд агуулагддаг кальци, фторыг багасгана. Үүний үр дүнд шүдний паалан зөөлөрч бактерүүдад шүдний гүнд нэвтрэх боломж гарч ирнэ.
Шүд цоороход зөөлөн өнгөрийн хангалтгүй цэвэрлэгээнээс гадна шим тэжээлээр дутмаг хооллолт, стресс, чихэрлэг зүйлс ихээр хэрэглэх нь ихээхэн нөлөөлдөг.

     Явц
     Шүдний зөөлөн өнгөр нь хоол идэх тоолонд үүсдэг. Хоолны жижиг үлдэгдлийг агуулдаг бөгөөд гол төлөв нүүр уснаас тогтдог. Өнгөр үүссэнээс хойш 72 цагийн дотор шүдийг цэвэрлэхгүй бол зөөлөн өнгөр нь хатуурч шүдэнд бөх наалддаг.  Ийм өнгөр доторх бактериуд нь нүүр усыг хүчил болгон боловсруулах чадвартай. Харин шүдний паалан нь ийм хүчлийн нөлөөн дор зөөлөрдөг.  Ингэж зөөлрөхийг шүд цооролтын эхний шат буюу шүд цооролтын толбо үүсэх гэнэ.
Хоёр дахь шатанд явц улам гүнзгийрнэ. Гэмтэл нь паалангийн цаана байдаг шүдний үндсэн  эд хүрнэ. Дентин нь пааланг бодвол цооролтыг тэсвэрлэхдээ сул болохоор шүд илүү хурдацтайгаар эвдэрч эхэлнэ. Улмаар гүн цооролт үүснэ.
     Шинж тэмдэг
     Шүд цоорох өвчнийг таньж мэдэхэд хялбар. Юуны өмнө шүдний гадарга дээр хар цэгүүд бий болно. Дараа нь шүдний гадаргуй барзгар болно. Гуравт шүднүүд исэглэн, чихэрлэг, халуун хүйтэн юм идэх үед янгинаж өвддөг болно. Дөрөвт нь амнаас эвгүй үнэр гарна. Тавд нь шүдний гадаргуйд нүх гарсны хэлээрээ тэмтэрч болно.
      Үр дагавар
     Цоорсны улмаас шүд мэдрэл болон цусны судастай зөөлөн эд хүртлээ хүчтэй гэмтэх аюултай. Энэ нь маш хүчтэй өвдөлт өгдөг. Тэгэхээр шүд нь өвдөөд гэж яваа хүний шүдний зөөлөн эд нь гэмтсэн гэсэн үг.

      Оношлогоо
     Шүд цоорсон эсэхийг шүдний эмч үзэж оношилно. Шүдний гэмтэл хэр байгааг тодорхойлх ёстой тул амны хөндийн үзлэгээс гадна рентген зураг авах, радиовизиографийн шинжилгээ хийх шаардлага гарч магадгүй.
      Эмчилгээ
     Шүд цоорох өвчний эмчилгээ нь эдийн гэмтлийн зэргээс хамаарна. Шүд цооролтын толбоны үе шатанд нь тусгай уусмалын тусламжтайгаар дахин эрдэс бодисоор тэжээх эмчилгээ хийнэ. Өнгөц, дунд болон гүн шүд цооролтын үед цоорсон хөндийг өрөмдөн нүхлээд дараа нь ломбо тавина.

     Урьдчилан сэргийлэлт
     Шүд цоорох өвчнөөс сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авах хэрэгтэй, үүнд:
1. Зөв хооллолт. Шинэ ногоо, жимсийг ихээр хэрэглэж харин чихэр ба цагаан талх зэргийн хэрэглээг багасгах.
2. Шүдээ цэвэрлэхдээ доод тал нь 3 минутын турш угаах. Өглөө оройд заавал угаадаг байх. Өөрийн шүд, буйлны онцлогт тохиросон оо, сойзтой байх.
3. Шүдний чулууг цаг тухайд нь авахуулах хэрэгтэй.
4. Шүдний эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1-2 удаа орж байх хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих