Аврил Лавин: ”Нас чинь хэд байх нь хамаагүй, чи үргэлж залуу эрч хүчтэй байх хэрэгтэй”

Аврил Лавин буюу жинхэнэ нэр нь Аврил Рамона Лавин 1984 оны есдүгээр сарын 27-нд төрсөн, Канадын алдартай рок дуучин, ая зохиогч юм. Тэрбээр Онтариогийн Беллевиллед төрсөн боловч бага насаа Онтариогийн Напанед өнгөрүүлжээ. 15 настайдаа Шанайя Твейнтэй нэг тайзан дээр гарч байсан, 16 настайдаа Arista (одоогийн RCA) рекордстой гэрээ хийж уран бүтээл туурвиж эхэлжээ. Лавин 2002 онд 17 настайдаа “Let Go” цомгоороо дебют хийж гарч ирсэн. Уг цомог нь дэлхий даяар 16 сая, АНУ-д зургаан сая орчим хувь борлогдож байжээ. Түүнийг амжилтад хүргэсэн дуу болох “Complicated” нь дэлхийн олон орны топ арав жагсаалтад бичигдэж байв. Лавины хоёр дахь цомог болох “Under My Skin” нь 2004 онд гарч, Америкийн биллбоардын шилдэг 200 чартыг тэргүүлжээ. Гурав дахь цомог болох “The Best Damn Thing” нь 2007 онд гарч, Английн шилдэг цомгийн жагсаалтыг мөн тэргүүлсэн бөгөөд уг цомогт орсон “Girlfriend” дуу нь түүний шилдэг дуунууд болох “Complicated”, “Skater boy”, “I’m With You”, “My Happy Ending” зэргийн адил амжилт гаргаж дэлхийн шилдэг дуунуудыг тэргүүлж байв. Тэрбээр 2010 онд гарсан Тим Бартоны “Alice in Wonderland” (Алиса гайхамшгийн оронд) киноны дуу болох “Алис”-ыг дуулсан. Аврил энэ оны долдугаар сарын 1-нд сэтгэлт залуу, хөгжимчин Чед Крегертайгаа хуримласан юм. Сонирхолтой нь тэрбээр олны жишгийг дагалгүй хар өнгийн хуримын даашинз сонгосон байжээ. Канадын “Hello” сэтгүүл Аврил Лавины хуримын зургийг хамгийн түрүүнд нийтэлсэн нь олны анхаарлыг гойд татсан байна. Тэрбээр “Monique Lhuillier”-ийн хар даашинзаар гоёж, гартаа хар сарнай атгажээ. Чед ч гэсэн хар өнгөөр дагнан гоёжээ. Мөн Канадын үндэсний баярын өдөр тэд хуримаа хийсэн нь Аврилын гаралтай холбоотой юм. “Хар өнгөөр гоёвол содон сайхан байх болов уу гэж бодсон юм. Канадын баярын өдөр бид хоёрын баярт мөчийг байнга сануулж байх болно” гэж Крегер хэлжээ. “Би хуримаа эртнээс товлож, удаан хугацаанд бэлдсэн. Чед бид хоёр бие биенийхээ хүсэл эрмэлзлэлийг бодож, хоорондоо сайтар ярилцаж хуримдаа бэлдсэн” гэж Аврил Лавин өгүүлсэн байна. Энэ бол түүний хоёр дахь гэрлэлт юм. Түүний эхний нөхөр нь хөгжимчин, продюсер Дерик Уибли байсан бөгөөд тэд хамтдаа дөрвөн жил амьдраад салцгаажээ. Хамгийн сүүлд Аврил өөрийн нөхөр Чад Крегертэй хамтран “Let Me Go” нэртэй дуугаа гаргасан нь олны анхаарлыг ихээр татаж байгаа юм. Канадын дуучин Аврил Лавин тод хараар нүдээ будаж, панк стилээр хувцасладаг 17 настай охин байхаа больж одоо тэрбээр аль хэдийн 29 настай том бүсгүй болжээ. Түүний “Avril Lavigne” нэртэй тав дахь бие даасан цомог нь саяхан гарсан бөгөөд “Энэ бол маш өөр, бүхий л хөгжим болон хэв загвар нь өнгөрснөөс ирсэн” хэмээн хэлсэн байна. “Хэзээ ч өсч том болдоггүй дуучин” гэж түүнийг нэрлэдэг ч Аврил Лавин “Би одоо өсвөр насны охин байхаа больсон. Энэ бүхнийг миний шинэ цомгоос сонсч мэдрээрэй” хэмээн цомгийнхоо нээлтийн үеэр хэлсэн юм. Түүний “Роллинг Стоне” сэтгүүлд саяхан өгсөн ярилцлагыг хүргэж байна.


-Өөрийн нэрээр нэрлэсэн цомгоо яагаад яг одоо гаргахаар болов?

-Шинэ цомгийн минь дуу бүхэн утга, найруулгын хувьд өмнө нь гаргаж байсан уран бүтээлүүдээс шал өөр байсан. Цөөн үгээр илэрхийлж хэлж чадахгүй байна. Би зүгээр л яг одоо цаг нь болсон гэж үзсэн. Тэгээд ч өөрийн нэрээр нэрлэх уран бүтээл гаргахад бэлэн болсон гэж өөрийгөө дүгнэсэн.

-Нөхөртэйгөө хамт уран бүтээл туурвих ямар байна?
-Бид эхэндээ жирийн л найзууд байсан. Чад, Давид Ходгес бид хамтран уран бүтээлээ хийж эхэлсэн. Өөрсдийгөө гурван хөлтэй ширээтэй зүйрлэдэг байлаа. Нэг нь байхгүй бол бүх зүйл бүтэхгүй. Чад бид хоёр хамгийн анх студид уулзаж байлаа. Уран бүтээлээ хийж дуусаад нөхөртэйгөө болзож эхэлсэн. Миний бодлоор Чад хамгийн хөгжилтэй залуу. Тэгээд ч нэгнийхээ сэтгэл санааг ойлголцдог хүмүүс хамт уран бүтээл хийхэд илүү хялбар хөгжилтэй байдаг юм байна лээ.

- Марилин Мансонтой хамт ажиллах саналыг хэрхэн тавьсан бэ?
-Марилин Мансон миний хүндэлж явдаг уран бүтээлчдийн нэг. Би түүний дуунуудыг үргэлж сонсдог байлаа. Түүнтэй 18 настайгаасаа хойш нөхөрлөсөн. Торонтод болсон түүний тоглолтын тайзны ард бид анх танилцаж байсан юм. Тэр гайхалтай зураач. Түүнтэй хамт байхад цаг их хөгжилтэй өнгөрдөг шүү.

-Тэр таныг үсээ талалж хусахад тусалсан гэдэг үнэн үү?
-Үнэн. Тэр миний үсийг хуссан. Би Францад амьдарч байхдаа түүний оролцсон нэг телевизийн шоуг үзсэн юм. Тэр шоунаас өмнө би үсээ талалж хусаад түүнтэй адилхан харагдахыг хүссэн. Гэвч яг сайн шийдэж өгөхгүй байсан. Тэгээд тэр шоуг үзсэнийхээ дараа “Чөтгөр ав. Би үүнийг хийх ёстой” гэж өөртөө хэлээд үсээ талалж хуссан даа.

-Та одоо ч 17 настай охин шиг харагддаг. Аврил хувийн амьдралаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Зохицуулаад байх зүйл байхгүй шүү дээ. Би ямар дуу хөгжим бүтээх вэ гэж хэзээ ч санаа зовдоггүй. Би уран бүтээлээ өөртөө л зориулж хийдэг. Бас шүтэн бишрэгчдэдээ дуугаараа дамжуулж урам зориг өгөхийг хүсдэг. Гүнзгий утгатай, сэтгэл хөдөлгөсөн дуу зохиох нь надад илүү таалагддаг.

-Заримдаа хүмүүс таныг өсвөр насны охин шиг хүлээж авах нь залхаадаг уу?
-Энэ бол миний шүтэн бишрэгчдэдээ танигдсан брэнд гэж хэлж болно. Өсвөр насныхан шиг гэгээлэг байдал миний нэг хэсэг гэж би боддог. Чиний нас хэд байх нь хамаагүй, чи үргэлж залуу эрч хүчтэй байх хэрэгтэй.

-Та яг одоо өөрийгөө хэдэн настай юм шиг мэдэрч байна вэ?
-Сайн хэлж мэдэхгүй юм. 29 юм уу даа.

Хобби: загасчлал, ан хийх, хоккей, скейт, сноуборд
Орд: жинлүүр
Нүдний өнгө: ногоон цэнхэр
Өндөр:
161 см
Жин: 50 кг
Сайн найз: Пинк (Pink), Ванесса Карлтон, Фефе Добсон
Муу зуршил: хааяа архи уух, тамхи татах (заримдаа),
шүдээ угаахаа мартах
Сайн зуршил: ванндаа дуулах, хивсэн дээгүүр гуталтайгаа
явдаггүй
Хийж байсан ажил: түргэн хоолны газар зөөгч
Дуртай хувцас: майк, өвөрмөц оймс, жинс, богино банзал
Дуртай гутал: кээт, пүүз (Converse, Osiris, Dickies)
Дуртай тоглоом: шатар, видео тоглоом
Дуртай хоол: пицца, турк мах, бургер
Хайртай эмэгтэй жүжигчин: Сандра Буллок
Дуртай кино: “Найман миль”
Дуртай орон: Англи, Шинэ Зеланд, Сардини
Хайртай амьтан : коала
Үзэн яддаг зүйл: дайн, фонограммаар дуулах, элсэрхэг
наран шарлага
Айдас: харанхуйд ганцаараа унтах, хөгшрөх




URL:

Сэтгэгдэл бичих