Угандад 200 ижил хүйстнийг нийтэд зарлажээ

ef30e89f435af9e05cb52fc3392be597_LКАМПАЛА. /AP/. Уганда улсын “Red Pepper” сонины энэ сарын 25-ны өдрийн дугаарт 200 ижил хүйстний нэрсийн жагсаалтыг зурагтай нь нийтэлсэн байна.

Энэ үйлдэл нь тус улсын Ерөнхийлөгч Йовери Мусевени АНУ зэрэг өрнөдийн орнуудын эсэргүүцлийг үл тоон ижил хүйстнийг хатуу шийтгэх хууль батлан гаргасны дараа өдөр болж байгаа юм. Уг жагсаалтад алдар нэртэй хүний эрхийн төлөө тэмцэгч, урлаг соёлын хүмүүс, христийн сүмийн номлогчид зэрэг олонд танигдсан хүмүүс цөөнгүй оржээ.

Түүнчлэн зарим ижил хүйстнийг дэмжиж байсан христийн сүмийн номлогчид зэрэг хүмүүсийг “ижил хүйстнүүдтэй санаа нэгдэгч” гэсэн тодотголтойгоор оруулсан аж. Харин сонин уг жагсаалтын эх сурвалжийг дурдаагүй байна. Хүний эрхийн байгууллагууд уг нэрсийн жагсаалтаас болж нийгэмд хүчирхийлэл гарах эрсдэл өндөр байна гэж үзэж байгаа бөгөөд жагсаалтад орсон зарим хүн гадаад оронд цагаачлах хүсэлтээ гаргаад байгаа аж. Шинээр батлагдсан хуулийн дагуу ижил хүйстний үйлдэл гаргасан хүнд бүх насаар нь хорих шийтгэл оногдуулах ба тэдэнтэй харилцаа холбоотой, дэмжсэн үйлдэл гаргавал долоо хүртэлх жилийн хорих ял оноох юм.

А.Цацралт

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих