Улс төрчдийн сонгуулийн пиар эхэлжээ

1e9e03c6d0eb1625big
Сонгууль болоход бүхэл бүтэн нэг жилийн хугацаа байна.Сурталчилгааг тодорхой хуулийн хугацаандаа эхлүүлэх ёстой байтал ийнхүү эртнээс хууль бусаар эхлүүлжээ. Төр түшилцэж байгаа гишүүд гэх “сэтэр”-тэй эрхмүүд аль хэдийнэ сонгуулийн кампанит ажлын сурталчилгаагаа албан бусаар эхлүүлсэн нь илт харагдана. Дөрвөн жил төрд тухлахдаа хийсэн ажилгүй байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй бараа бологчид гэнэт хэлд орж, хөлд орон сонгогдсон тойрог руугаа гүйдэлтэй болжээ. Хамгийн гол нь сонгогчид дараагийн сонгуульд ямар сонголтод хэнийг сонгохоо аль хэдийнэ толгойдоо хийчихсэн байгаа нь лавтай.

Иргэд улс төрийн намуудад итгэх итгэл найдвар алдарсан нь үнэн. Чухамдаа тойрогтоо юу амлаж, ямар сайхан үгсээр ард түмний тархийг угааж, нүд, чихийг нь онгойлгож гарч ирсэн билээ.
Гэтэл 76-аас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн хүн бараг байдаггүй юм байна гэсэн судалгааг ч холбогдох байгууллагаас гаргаад амжсан байдаг. Үнэндээ тэд худал сайхан бүхнээр ард түмний сонголтыг үнэ төлбөргүй худалдаж авдаг гэдгээ харуулсан бас нотолсон. Одоо тэгвэл гандан буурахгүй гэгчээр нөгөө гайхалтай 76 эрхэм чинь сонгуулийн сурталчилгааны ажилдаа эрт өөрийн бие гар, оюун ухаанаараа оржээ.

Чуулган завсарласан эл өдрүүдэд тойргоо эргэж, таарсан уулзсан хүмүүстээ найр тавин хандаж, толгойг нь эргүүлэн дахин сонгогдож, төрийн зөөлөн сэнтийд суух аргаа хайж, “намайгаа дахиад сонгож, төрд суулгана шүү дээ” хэмээн шивнэх шахам хэлж ярьж, жаал зугаа юмаар гарыг нь цайлгаж, сэтгэлийг нь татаж явна. Түүнээс гадна сонгуулиар хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн нүдэнд өртчих санаатай, хэлгүй байгаа байхгүй нь мэдэгдэхгүй гишүүд хэлд орж өөрийн үгээ олон нийтэд хандуулан хэлчих санаатай сэмхий хайж, өөрөөр хэлбэл улстөрийн албаны сэтгүүлчдэд хөл алдах шахам гүйж, хөөрцөглөн, сайн рекламдаж, ажил албыг минь олонд таниулахад чухал нөлөө үзүүлээрэй хэмээн бөөрөнд наалдаж, бөгсийг нь долоох шахам явдаг болов.

Түүнээс гадна орон нутгаас сонгогдсон гишүүд зөвхөн нутаг уснаасаа гарсан, тодорсон сэтгүүлч, нэвтрүүлэгчийг томилолт нэрийдлээр авч явж, аймагтаа болон сумдад ажиллуулмаар байна гэдэг нь цаанаа улс төрийн ажил, сонгуулийн ухуулгаа л хийлгэх гэсэн гол санаатай аж. За тэгээд, эрхэм гишүүд сонгууль дөхөхөөр ямар нэгэн шоу хийхдээ тун гарамгай байдаг гэдэг нь. Тухайлбал, улс төрчид эмнэлэг цэвэрлэж, жүдо барилдаж, элдэв сэлфи дарж, ишиг хурга тэвэрч, цас ухаж, нам байгуулж, сонгуулийн кампанит ажлын сурталчилгаа албан бусаар эхлүүлсэн нь сошиал ертөнцөөр хүчтэй тархаж байна.

Жишээлбэл, Д.Арвин гишүүн эмнэлэг цэвэрлэж, О.Баасанхүү жүдо барилдаж, аварга Б.Бат-Эрдэнэ янз бүрийн үйлдлээрээ сэлфи хийж, шилийн сайн эр гэх М.Зоригт ишиг хурга тэвэрч, бие даагч С.Ганбаатар цас ухаж, Ц.Даваасүрэн ямаа самнаж, Боловсролын сайд Л.Гантөмөр гэхэд уран сайханч болж морин хуур тоглож үзүүлж, Орхон аймгийн сонгогчдын төлөөлөгч О.Содбилэг сөрөг хүчнээ хүчтэйхэн шүүмжилж хэлд оров, Дундговиос сонгогдсон Б.Наранхүү хөдөлгөөнд орж байн байн нутгаа зорьж, гурван сая дахь иргэний үе чацуутанд гурван өрөө байр бэлэглэн нүнжгээ гайхуулж, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Монгол хүний төлөө” нам байгуулах гэж зүтгэсэн ч амжилт олсонгүй.

Мөн О.Магнай дангаараа бие дааж нам байгуулж, ирэх жилийн сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр тэндээс сонгогдсон, ард түмний хайртай аварга Д.Сумъяабазарын суудлыг булаахаар битүүхэн өөрийгөө бэлтгэж, нууцхан сонгуулийн ажлаа нам жим эхлүүлсэн гэх.

Энэ мэтчилэн эрхэм гишүүд нэг жилийн хугацаанд хийх ажилтай, хэлэлцэх яриа хөөрөөтэй болж бүтэн жилийг нойроо хугаслаж, хоолоо сойн байж дахин сонгогдох, төрд тухлах аргаа хайж эхэлсэн гэх яриа газар авлаа. Түүнээс гадна эрхэм гишүүд цаг нь болоогүй сурталчилгаандаа их хэмжээний мөнгө зарцуулж байна. Энэ талаар сонирхуулахад, төрийн эрх барьж буй дээд байгууллагууд болон төрийн түшээдийн санхүүг хянаж байх ёстой “Шилэн дансны хууль” хэрэгжээд гурван сарын нүүрийг үзэв. Энэ хугацаанд төрийн байгууллагуудын санхүүгийн тайлан хангалттай сайн шивэгдэж ороогүй байна.

Шилэн дансны сайт руу ороход хамгийн анхаарал татсан хэсэг бол УИХ-ын гишүүд хичнээн төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодхон харагдана. Эдгээрийн ихэнх нь сонин хэвлэл, сурталчилгаа, хууль сурталчлахад зарцуулжээ. Уг нь сонгуулийн сурталчилгаа эхлэх хуулийн хугацаа болоогүй байгаа. Гэтэл хууль бус сурталчилгаа эхэлснийг энэхүү санхүүгийн тайлан бэлхнээ гэрчилж байна. Түүнээс бус сурталчилгаагаа хийлгэх гээгүй бол сонин, сэтгүүл хийх зардалд мөнгө шилжүүлмээргүй юм.

Тухайлбал, М.Энхболд “Монголын түшээ” нэртэй сэтгүүлээ гаргасан, С.Баярцогт гадаадад цаг тооллын бичиг хэвлүүлсэн бол гишүүн Я.Содбаатар сурталчилгааны зардалд 30 сая төгрөг, УИХ-ын гишүүн М.Зоригт хэвлэлтийн зардалд 90 сая төгрөг, Н.Номтойбаяр 6 сая 500 мянга, С.Ганбаатар гишүүн 17 сая 300 мянга, Ж.Батсуурь гишүүн 6 сая 370 мянган төгрөгийг зөвхөн сурталчилгаа болон хэвлэлд зарцуулжээ.

Мөн тойрогт ажиллах нэрийдлээр ихээхэн хэмжээний мөнгийг зарцуулсан байгаа байдал “Шилэн дансны” сайтад дурайж байна. Татвар төлөгчдийн хөрөнгөнөөс жил бүр тойрогтоо зарцуулаарай хэмээн 90 сая төгрөгийг гишүүн бүрт хаягладаг. Тэгвэл энэ мөнгөөр эрхэм түшээд юу хийдгийг шилэн данснаас цухас харж болно. Тухайлбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт энэ оны хоёрдугаар сарын 16-нд 11.4 сая төгрөгийг Б.Саранцэцэгийн данс руу уулзалт ярилцлага зохион байгуулахад зориулсны хөлс болгон шилжүүлжээ. Мөн тэрбээр хэлэлцүүлэг семинар зохион байгуулахад 43 сая төгрөгийг Р.Дэлгэрмаагийн данс руу энэ сарын 9-нд шилжүүлсэн байна. Төрөх эмнэлгийг цэвэрлэх аян өрнүүлсэн Д.Арвин гишүүн тойрогт ажиллах зардлаасаа 1000 ахмадтай уулзалт зохион байгуулахад 20 сая төгрөгийг О.Оргилмаагийн данс руу энэ оны хоёрдугаар сарын 16-нд шилжүүлжээ.

Мөн энэ сарын 9-ний өдөр уулзалтын зардалд 17.1 сая төгрөгийг өнөөх хүний данс руу шилжүүлсэн тухай мэдээлэл бий. Увс аймгийн томилолтын зардалд Б.Чойжилсүрэн гишүүн 10 сая төгрөгийг хоёрдугаар сарын 16-нд Я.Баттогтохын данс руу, мөн энэ сарын 9-нд сургалт зохион байгуулахад 19.5 сая төгрөгийг Б.Эрдэнэбаатарын данс руу хийжээ.

Гол нь түшээд ямар нэгэн байгууллагын бус хувийн данс руу мөнгө шилжүүлсэн нь анхаарал татаж байгаа юм. Уг нь сурталчилгааны хуулийн хугацаа эхлээгүй байхад хууль баталдаг хүмүүс хэрнээ эрхэм түшээд хуулиа зөрчсөөр байна. Сурталчилгаа болон тойрогтоо ажиллаж байгаа нэрийдлээр ихээхэн хэмжээний мөнгийг хайр найргүй зарцуулах болжээ. Үнэндээ 90 сая төгрөг гэдэг их хэмжээний мөнгө. Энэ мөнгөөр тойрогтоо их ажил , бүтээн байгуулалат хийж болно. Бүтэн сургууль, цэцэрлэг ч байгуулж болохоор. Гэтэл хэвлэлийн зардал, уулзалт, семинар мэтийн зүйлд зарцуулсан нэр зүүж, үлдсэнийг нь халаасалчихдаг тэдэнд энэ мөнгөний хэрэг байна уу?

УИХ-ын гишүүдийн гаргаж зарцуулж байгаа энэ мөнгийг хэрхэн юунд зарцуулж буйг Үндэсний аудитын газар шалгахад гэмгүй санагддаг. Энэ мөнгөөр уналтад орсон эдийн засгаа сэргээхэд бага ч гэсэн нэмэр болохоор байна. Гишүүд татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрж байгаа дүр зураг харагдана. “Шилэн данс”-ыг тунгалаг данс гэж байгаа бөгөөд ард иргэдэд их хэрэгтэй данс болж хувирав. Гэхдээ эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрч зөвтгөхгүй байгаа агаад мөнгө төгрөгөө нуухын тулд өөр хувилбараар хуулийн цоорхой хайж эхэлжээ. Уг нь өнгөрсөн 2012 оны сонгуулиар дараачийн сонгууль болох 2016 онд гишүүдийг хууль бусаар сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглох шийдвэр гарсан. Гэтэл эл хууль ёсны шийдвэр ч гишүүдэд үйлчлэхгүй нь бололтой. /викимон.мн/


URL:

Сэтгэгдэл бичих