Г.Түвшинжаргал: Харвалт залуужиж байна

-27032014-1395886843-307710452-harvaltЦусны даралт ихдэх өвчнөөр манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Уг өвчин болон харвалтын талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн эмч Г.Түвшинжаргалтай ярилцлаа.

Сүүлийн үед 35-55 насны хүмүүс харвах нь элбэг болсон

-Цусны даралт ихдэх өвчин, харвалт Монголд яагаад түгээмэл тохиолддог вэ?
-Тархины судасны өөрчлөлтөөс болж цусан хангамжийн дутагдалд орохыг харвалт гэдэг. Тархины судас хагарч харвалт өгөх, бөглөрөх гэсэн хоёр төрлөөр илэрдэг. Манай улсад цусны даралт ихэдсэний улмаас үүдсэн харвалт илүү тохиолдож байна.

Зүрх, бөөрний архаг өвчнөөс болж даралт ихэсдэг. Хэрэв зүрх, бөөрний эмгэгээс шалтгаалсан даралттай бол өрх, дүүргийнхээ эмнэлэгт байнга хянуулж, тогтмол эм уух хэрэгтэй. Цусны даралт ихдэх өвчин нэгдүгээрт бичигдэж байгаагийн гол шалтгаан нь иргэдийн эрүүл мэндийн боловсролтой холбоотой. Урьдчилан сэргийлж чаддаггүй.

Даралтаа байнга хянадаггүйгээс болоод эцэстээ цус харвадаг. Зуны улиралд даралт өндөртэй хүмүүс харвалт өгөх үзэгдэл илүү тохиолдож байна. Энэ нь цаг уурын байдалтай холбоотой байх.

-Танай эмнэлгийн харвалтын төвд жилд дунджаар хэчнээн хүн ханддаг вэ?
-Манай эмнэлэгт харвалтын төв байгуулаад хоёр жил болж байна. 2014 онд 1098 хүн эмчлүүлсэн. 2015 оны эхний зургаан сарын байдлаар 600 гаруй хүн эмчлүүлээд байна.

-Даралт ихдэхэд бөөр, зүрхний архаг эмгэг нөлөөлдөг гэлээ. Хоол, архи тамхины хэрэглээ бас нөлөөлнө биз?
-Монголчууд өөх, тос ихтэй хоол иддэг. Цусан дахь өөх, тос, сахраа хянадаггүйгээс болоод аажимдаа даралт ихдэх өвчтэй болдог. Харвалтын эрсдэлт хүчин зүйлийг засч болдог, болдоггүй гэж хоёр ангилж байна. Өвчний нас, удамшил, өмнө нь харвалт өгсөн байдлыг засч болдоггүй эрсдэлт хүчин зүйл гэж үзнэ. Харин буруу хооллолт, таргалалт, хөдөлгөөний дутагдал, тамхидалт, стресс зэргийн хүн өөрөө засч болно.

-Харвалтын өмнөх шинж тэмдэг яаж илэрдэг вэ?
-Тархины цусан хангамжийн түр дутагдал гэж бий. Толгой эргэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илрээд маргааш нь хэвийн байдалдаа ордог. Энэ бол харвалт өгөхийн дохио. Тиймээс даралт ихэддэг хүмүүс хоолны дэглэм барих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх, жингээ хасах зэргээр харвалтаас сэргийлэх хэрэгтэй.

-Энэ хүн харвасан байна гэдгийг гэр бүлийнхэн нь яаж мэдэх вэ?
-Харвалтын голомт үүсэх шинж тэмдгийг энгийн хүмүүс хараад ажиглаж мэдэх ёстой. Гэтэл манайхан мэддэггүй. Өрөөсөн гар, хөл нь мэдээ алдах, ам мурийх, гэнэт нүд нь харанхуйлах, татах, толгой хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрвэл харвасны дохио. Гэр бүлийн гишүүн эсвэл ажлын газрынхан нь хэн нэгэнд ийм шинж тэмдэг илэрвэл ойр орчмынх нь хүмүүс Яаралтай түргэн тусламжийн төвд хандах хэрэгтэй. Түргэний эмч үзээд тухайн хүн харвасан байвал цаг алдалгүй эмнэлэгт аваачих үүрэгтэй.

-Харвалтыг бүрэн эмчлэгддэггүй гэж иргэд ярьдаг. Харвасан хүний хөл, гар яагаад мэдээгүй болдог вэ?
-Тархины эд үхжил явагддаг учраас гар, хөлийн сулрал аажимдаа л засарна. Манай төв эмчилгээг эмийн болон нөхөн сэргээх эмчилгээтэй хавсарч хийдэг. Харвалтын эхний гурав хоног дотор яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Ямар нөхцөлд амь насанд аюултай байдаг вэ?
-Олон улсын харвалтын үнэлгээ гэж бий. Үүнийг бид баримталдаг. Тархины судас бөглөрч харвасан тохиолдолд бүлэн хайлуулах эмчилгээ хийдэг. Энэ бол сүүлийн үед олон улсад нэвтэрсэн эмчилгээний шинэ арга. Харвалт өгсний эхний таван цаг дотор ийм эмчилгээ хийнэ. Ингэснээр тархи үхжихээс хамгаалдаг. Мөн судасжуулах мэс засал хийдэг. Нарийсч бөглөрсөн судсыг эрүүл судастай холбодог гэсэн үг.

-Та зуны цагт цусны даралт ихэдсэнээс харвах тохиолдол нэмэгддэг гэж хэлсэн. Ямар учирай юм вэ?
-Даралт өндөртэй хүмүүс аялал зугаалгаар явахдаа өрхийн эмчдээ үзүүлж, эрүүл мэндээ хянуулаад зөвлөгөө авах хэрэгтэй. Даралтны аппарат, эмийг тогтмол биедээ авч явах ёстой. Согтууруулах ундаа хэрэглэх хамгийн аюултай. Тархины судасны тонусын зохицуулалтыг алдагдуулдаг. Судасны ханыг агшааж, цусны бүлэгнэлийг алдагдуулдаг учраас харвалт өгөх эрсдэл нэмэгддэг.

-Хөл, гар бадайраад, харвалт өгч мэдэх нь гээд архи уулгадаг. Энэ нь хэр зөв арга вэ?
-Харвалтын шинж тэмдэг илэрвэл архи уулгах нь хамгийн буруу. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдоогүй зүйл.

Архи уулгаснаар буруу оношлуулах эрсдэлтэй. Архи уулгачихаад эмнэлэгт авчрахаар биеийн болоод ухаан санааны байдлыг нь үнэлэхэд бэрхшээлтэй болдог.

-Даралт ихдэх өвчин залуужиж байна гэж эмч нар ярьдаг. Энэ юунаас шалтгаалдаг вэ?
-Даралт ихдэх өвчин залуужиж байгаа нь үнэн. Манай эмнэлэгт л гэхэд 35- 55 насны хүмүүс илүү ирж байна. Илүүдэл жинтэй, хөдөлгөөний дутагдлаас болоод даралт ихдэх өвчтэй болсон.

Өвчнөө хянадаггүй, эмээ тогтмол уугаагүйгээс болоод харвачихдаг. Тиймээс залуучууд бөөр, зүрхний эмчид жилдээ нэг удаа хандаж, нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Даралт ихэсгээд байгаа суурь өвчнөө эмчлүүлэхгүйгээр удаан хугацаанд явж болохгүй. Таамгаар эм ууж ерөөсөө болохгүй. Цусны даралт ихдэх өвчин удамшдаг. Тиймээс аав, ээж, эмээ өвөө нь даралт ихэддэг эмгэгтэй бол залуучууд урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

-Сүүлийн үед тархины даралттай хүүхдүүд төрдөг болсон. Энэ нь нас ахисан хойноо цусны даралт ихдэхэд нөлөөлөх үү?
-Хүүхдийн тархины даралт цусны даралт ихдэх өвчинтэй холбоогүй. Энэ талаар нарийн судалгаа хийгээгүй учраас хэлж мэдэхгүй байна.

-Цусны даралт ихэддэг бол насан туршдаа эм уух шаардлагатай биз дээ?
-Тийм. Таарсан эмийг тодорхой тунгаар тогтмол цагт уух ёстой. Ингэснээр харвахаас өөрийгөө хамгаална. Сүүлийн үед 24 цагийн үйлчилгээний шинэ эм гарсан. Өдөрт нэг удаа уудаг болохоор шантрах хэрэггүй.

Б.Гандолгор

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих