С.Чинзориг: Иргэд биднийг асуудлаа шийдүүлэх гэж сонгосон, гэтэл бид өөрсдөө АСУУДАЛ болчихлоо

15435674855c00f87dd9c76

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Чуулганы хуралдаан одоогийн байдлаар 97.3 хувийн ирцтэйгээр нийт 73 гишүүн  хуралд оролцож байна.

Гишүүд Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотойгоор асуулт асууж, хариулт авч дууссан бөгөөд яг одоо хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж эхэллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ”Би МАН-ын гишүүний хувьд, ард түмний итгэлээр 4 удаа сонгогдсон гишүүний хувьд өнөөдрийн улс төрийн дүр зургийг хараад ичиж байна. МАН ингэтлээ доройтож явсан түүх байгаагүй. Өнөөдөр Ерөнхий сайд намайг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүн муухай гэж яриад байх юм. Монголын төрд Засгийн газрыг огцруулах тухай ярьсаар ч ирсэн. Ярьсаар ч байх болно. Таны энэ хамгаалаад байгаа хүмүүс чинь бүгд үнэн гээд хэлчихсэн байхад та яагаад дэргэдэх хүмүүсээсээ хариуцлага тооцох тухай ярихгүй байсан юм бэ. Өнөөдөр та УИХ-ын гишүүдийг хууль бусаар хэлэх, сонин хэвлэлээр бичүүлэх зэрэг олон янзаар гүтгэж байна. Би Монгол, Кувейтын мөнгийг чинь би идээгүй. Гэтэл үүнийг намайг идэж уусан мэтээр ярих юм. Энэ асуудлаа болихгүй бол би хууль хяналтын байгууллагад хандана шүү. Өнгөрсөн хугацаанд хувийн өмчийн эрхийг баталгаажуулсан нь том ололт. Татвар төлдөг аж ахуйн нэгжүүдээ олигарх гэж дарамтлаад, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоох тухай яриад байна. Дэлхийн жишгээр том аж нэгжүүдийн татварыг аваад цалин, тэтгэврээ тавьдаг юм. Та эдгээр асуудлууддаа дүгнэлт хийгээд төрөөс төрсөн тэрбумтан, баялаг бүтээгээд хөрөнгөтэй болсон иргэдээ ялгаж салгаарай” гэж хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ”ЖДҮ-чин сайд нарын асуудлаар таныг хэр шударга юм бэ гэдгийг асуусан. Та хариулж чадаагүй, асуултанд унасан. Цагтаа таныг хүндэлж явсан залуу улстөрч. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байгаа асуудал, ЖДҮ-чин сайд нарын асуудлаа огцруулахчихаад шударга ёс гэдэг зүйлээ ярь. Өнөөдөр би улс төрд орсноор шударгаар ажил хөдөлмөрөө хийж яваа компанийн ажилчид худалч, хулгайч компани болоод нэр хүнд нь унаад байна. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа төрөөс тендэр аваагүй, өмч аваагүй. Харин өөрсдийнхөө мөнгөөр төрийн ажлыг хийж ирсэн. Та “Цагаан суваргын ордыг” буцааж өг гэж хэллээ. Үндсэн хуулийн дагуу газрын баялаг бол ард түмний өмч юм. Харин ашигт малтмалын тухай хуулийн дагуу тодорхой хугацаанд ашиглах эрхтэй байгаа. Энэ мэтээр маш их гүтгэж байна. Та бид хоёрын дараагийн уулзах цэг бол шүүх юм. Хоёулаа шүүх дээр уулзана. Өнөөдөр таны үнэн нүүр төрх илчлэгдлээ. Та ямар нийгмийн тогтолцоо руу яваад байгаа юм бэ. Ерөнхий сайдынхаа ажлыг ойлгоогүй юм байна. Буцаагаад тогтолцоогоо өөрчлөөд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа буцах хэрэгтэй. Таны хэлсэн хариуцлагагүй үгийн төлөө дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид “кардаанаа” татаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ”ЖДҮ-тэй холбоотойгоор Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байна. Өнөөдөр энд сууж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс нэг гишүүний авсан мөнгө нь ЖДҮ-гээс мөнгө авсан хүмүүсийн мөнгөнөөс илүү шүү. Ард түмэн Эрдэнэтийн луйвар, Дубайн гэрээний зууны дээрэм зэрэг асуудлууд байна. Бид Дубайн гэрээг зогсоож болох байсан. Гадны 15 банкинд Монголын баялагыг барьцаанд тавьсан юм. Тэр үед энд сууж байгаа олон гишүүд гарын үсгээ харамласан шүү дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар унахгүй. Унавал та бүхэнд ашигтай байгаа байх” гэлээ.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг ”Сонгуулиар бидэнд том итгэл өгсөн. Ард түмэн бидний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийд гэж сонгосон юм. Гэтэл бид өөрсдөө асуудал болчихоод хоёр талцчихаад суугаад байх юм. Энэ хэрүүлээ одоо зогсоогоод ард түмний өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэх зөв. Засгийн газарт зөв зүйл ч бий, буруу зүйл ч байгаа. Эв нэгдлийг сахиад олон түмний өмнө тулгамдаад буй асуудлыг шийдэх хэрэгтэй байна шүү дээ. Сүүлийн хоёр жилд эдийн засгийн бага зэрэг боломж гарч байна. Энэ боломжийг алдмааргүй байна шүү дээ. Намын эв нэгдлийг бэхжүүлэхийг тулд шаардлагатай гэвэл хувь хүнийхээ хувьд ямар нэгэн улс төрийн шийдвэр гаргахад бэлэн байна. Өнөөдрөөс эхлээд гишүүд хувь хүн рүү нь дайрсан зүйлээ одоо зогсоомоор байна. Сонгогчид дээрээ дөрвөн жил сайхан хэрэлдэж байгаад ирлээ гээд очих юм уу. Эргээд сонгогчидтойгоо уулзаад юу гэж хэлэх юм бэ. Одоо ажлаа хийж, асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж, гишүүд Засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор үг хэлж байна

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих