Дуурийн театрын ихэр Кармен

611

Ч.ГАНТУЛГА

УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх ням гаригт Ж.Бизегийн “Кармен” дуурийг тоглоход бэлэн болжээ. УДБЭТ-ын тайзнаа цыган бүсгүйн дүрийг гоцлол дуучин, гавьяат жүжигчин Р.Доржхорол, Соёлын тэргүүний ажилтан М.Дариймаа нар бүтээж байгаа юм.

Урансайханчаас урлагт ирсэн Кармен

Түүнийг даашинзныхаа хормойг дэрвүүлэн гарч ирэхэд залуус шүүрс алдан, тэмүүлдэг. Дэрэвгэр сормууст нүдээрээ тас намжирдан өнгөрөхөд залуусын харц соронз мэт ээрнэ. Халуун цуст цыган бүсгүй бүжиглэж байна. Хайр сэтгэлийн дээдийг дуулж байна. Залуу нас, гоо үзэсгэлэнгээ үүрдийн юм шиг санаж байна. Тийм л гал цогтой, дэндүү эрх чөлөөтэй мөртлөө энхрий эмзэгхэн бүсгүйн түүх УДБЭТ-ын тайзнаа амьдарсаар олон жилийг үджээ.

Он цаг бүхэн өөр, өөрийн Карменыг төрүүлсэн байдаг. Тэгвэл энэ цагт халуун цуст цыган бүсгүйн дүрээр амьдарч буй нэг уран бүтээлч бол дуурийн дуучин Р.Доржхорол билээ. Тэрээр дүрийнхээ тухай “Кармен бол гал цогтой, дайчин бүсгүй. Тайзан дээр бүтээх бүртээ эрч хүч мэдэрдэг. Дуулалтын хувьд дуучнаас хоолойн чадвар, жүжиглэлт шаардсан хүнд бүтээл” гэж онцолсон юм. Р.Доржхорол жүдогоор хичээллэдэг, спортлог охин байсан гэдэг. Найман жилийн сургуулиа төгсөөд Архангайн багшийн сургуульд элсчээ. Сургуулийн дэргэдэх “Эрдмийн ундраа” чуулгын урансайханч, дуучин болсноор урлагийн хүн болох замаа нээсэн түүхтэй. Сургуулиа төгсөөд дуу хөгжмийн багш болжээ. Түүгээр ч зогсохгүй сумаасаа “Бүх ард түмний урлагийн наадам”-д оролцохоор шалгарч, хот руу ирсэн нь дуурийн дуучин болох хувь заяаных нь эхлэл байсан юм. Тэрээр театрт ажиллаж буй энэ хугацаандаа “Евгений Ониген”, “Чио Чио Сан”, “Кармен”, “Учиртай гурван толгой” гээд дэлхийн сонгодог бүтээлүүдийг “дуусгачихсан”. О.Доржхорол “Кармен” дуурийнхаа тухай “Дүрээ аль талаас нь гаргавал хүмүүст илүү хүрэх вэ гэдгийг их бодож бүтээдэг. Би шүүмжлэлээс айдаггүй. Шүүмжлэх тусам дараа, дараагийн гаралт бүртээ сайжруулахыг хүсдэг” гэсэн юм.

Дуурийн театрын найм дахь Кармен

Тамхины үйлдвэрийн ажилчин бүсгүйчүүд өдрийн цагаар салхилахаар үйлдвэрийн гадна цуглана. Тэгш гуалиг биетэй, үзэсгэлэнт бүсгүйчүүд гудамжинд суух франц цэрэг эрсийн нүдийг хужирлах аж. Тус тусын дүрээ бүтээж, дуучид дуурийн хэсгээс дуулах үед найруулагч заалнаас “Алив эргээд хараарай, Карменыг угтаарай” гэхэд тайзан дээрх дуучид найруулагчийнхаа заавраар гол дүрийг угтан авлаа.

Кармен ч ихэмсэг бардам байдалтайгаар гарч ирж, ганган бүжгээ сурмаг хийв. УДБЭТ-ын дараагийн онцлох Кармен бол гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан М.Даариймаа юм. Тэрээр 2007 оноос гоцлол дуучин болжээ. Харин сүүлийн жилүүдэд “Кармен” дуурьт гоцлох болсон гэнэ. Тэрээр халуун цуст цыган бүсгүйн дүрийг бүтээснээр Монголын найм дахь Кармен хэмээн өргөмжлөгдөх болжээ.

М.Даариймаа дүрийнхээ тухай “Гол дүрийн дуучин бараг гурван цагийн турш тайзан дээр байдаг. Зөвхөн дуулахгүй жүжиглэнэ, бүжиглэнэ, зарим үед ноцолдож, зодолдоно. Хажуугаар нь хайрлаж, дурлана, санаагаар унана. Үйл явдал өрнүүн байхын хэрээр сэтгэлийн хөдөлгөөн их шаарддаг дүр. Бүтээж буй дуучны төрөлхийн зан чанар ямар вэ гэдэг чухал. Би айлын бага охин, эрх, багаасаа нэлээд галзуу охидын тоонд ордог байлаа. Тиймээс өөрийгөө нэг их эвдэхгүй, найруулагчийн зааснаар тоглож ирсэн” гэжээ.

Түүний бүтээсэн дүрийг цухас дурьдвал “Үүлэн заяа” дуурийн Цурхай, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Амбагай хааны хатан  Сохтай болон Өүлэн эх, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа гээд урт жагсаалт бий. Харин дэлхийн сонгодгуудаас П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ольга ба түүний ээж Ларина , Ж.Вердийн “Аида” дуурийн Амнерис, Ж.Россинийн “Севилийн үсчин”-ий Розина гээд олон дүртэй. М.Даариймаа дунд сургууль төгстлөө хүмүүсийн өмнө дуулдаггүй байжээ. Харин бага байхдаа гэртээ ганцаараа байх үедээ радио сонсч, дагаж дуулдаг байснаа дурссан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.1 № 66 (6033)


URL:

Сэтгэгдэл бичих