МАНАН-гийн “хошин шог” хийгээд улс төрийн эмгэнэл
Нам гэдэг нь сумаараа талцахын нэр гэж хэн хэлснийг мэдэхгүй ч өнгөрсөн өдрүүдэд улс төрийн нам эвслүүдийн дунд утаа, хярвас үнэртэж, цөөхөн хэдэн монголчууд намаараа талцан хэрэлдэж эхлээд байна. Энэ хэрүүл хаана хүрч, ямар үр дүн дагуулах бол. Ямартай ч ялсан, ялагдсан хоёр хүчний тэмцэл байраа солихдоо хүрсэн “содон сонин” басхүү түүхэн үйл явц олны нүдийг орой дээр нь гаргаж, сар, жилээр ярих юмтай болголоо. Өмнө нь тулгамдаад байгаа улс төрийн нөхцөл байдал, орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, эх захаа алдсан төсөв, эдийн засгийн хямрал гэсэн нэн тэргүүний асуудлууд сандал, суудлаа булаацалдсан нам, эвслүүдэд огтхон ч падлийгүй болжээ.
МАН-ын удирдлагууд ардчиллын үнэ цэнийг ухаарч, ардчиллын төлөө тууштай тэмцсэн нь содон үйл явдал байлаа гэж нэрлэхээс яахав. Нэгэн цагт түүхтэй зангарагтай гэдгээр гайхуулж, ардчиллын тэмцлийг ад үзэж явсан Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж тэмцэл зарлан, хоолой мэдэн эсэргүүцлээ илэрхийлж, монгол төрийн нэгэн багана болж явсан Ерөнхий сайд асан нь сандалд тухлан “тавьтиргүйтэх”-ийг харсан монголчуудын нүд орой дээрээ гарч, олны дургүйцэл төрөх нь ч аргагүй биз. Тиймдээ ч өнгөрөгч долоо хоногт 20 настай ардчилал, 90 настай Ардын намын гишүүд дэмжигчид талцан хэрэлдэж, эх толгойгоо алдаж, эмх замбараагүй боллоо. Төрийн ордонг тойрсон Ардын намын гишүүд дэмжигчид “Хонхны дуу”-г хоолой мэдэн дуулж, ардчилал шударга ёсыг эрж хайсан нь түүх эргэсэн хэрэг боллоо. “Гүнбалай” нэрэндээ таарсан тэнэгийн хийж байгаа үйлдэл нь “хошин шог” хэмээн даапаалж байсан эрхмүүд өнөөдөр эсрэгээрээ эргэлт хийж Гүндалайдаж суугаа нь үнэхээр улс төрийн соёл, ялж, ялахын ухаанд суралцаагүй улстөрчдийн эмгэнэл гэхээс яахав. Хэзээ мөдгүй дөхсөн орон нутагт хэн юугаа хийх нь огтоос хамааралгүй мэт загнаж, сандал ширээний төлөө үхэн хатан тэмцэлдэх Ардын намын “хошин жүжиг” цаашаа үргэлжлэх нь тодорхой. Жагсаал цуглааныг бүрдүүлсэн олонхи нь ирэх сард болох орон нутгийн сонгуульд Ардын намаас өрсөлдөх нэр дэвшигчид байсан юм. Ардын нам өнгөрсөн мягмар гарагт нэр дэвшигчдээ зарласан бөгөөд аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд 8000 нэр дэвшигч өрсөлдөх нь тодорхой болсон.
Орон нутгийн сонгуулийн бэлтгэлдээ хэдийнэ гарсан тэд сонгуулийн пиарыг содон бөгөөд санамсаргүй байдлаар тун чадамгай хийлээ. АН хэмээх байг онилсон тэдэнд нэг зүтгэснээрээ зүтгээд эцсийн үр дүнг харахаас өөр зам үлдсэнгүй. МАХН-тай нэгдэнэ гэсэн явуургүй мессежээс илүү шударга ёс, ардчиллын төлөө тэмцэл гэсэн “өрөвдүүлэх тактик” нь үр дүнгээ өгөх эсэх нь ирэх өдрүүдээс харах биз ээ. Монголын улс төрийн хамгийн том хоёр хүчний тэмцэл АН-ын баруун солгойгүй халаа, сэлгээнээс болсон хэмээн дүгнэх хүмүүс ч олон байна. Бид олон шинэчлэл хийж, энэ нь тодорхой хүмүүст таалагдахгүй, цочирдуулж байгаа. Саад бэрхшээл байгаа ч бид өөрчлөлтөө тэвчээртэй үргэлжлүүлнэ хэмээн АН-ынхан мэдэгдэж байгаа ч шинэчлэл гэдэг нь шинэ хүн тавихын нэр биш гэдгийг бодолцож үзмээр байгаа. Эр бяр, шинэчлэлээ их л дээрэнгүй байдлаар гаргаж, шинэчлэл нэрээр увайгүй зан гаргаад байгаа нь өөрсдөд нь муугаар нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Орон нутгийн сонгуульд энэ маргаан нөлөөлөх магадлал ч ихэсчээ. Шүүх засаглал, СЕХ-ны шийдвэр, АН-ын талд үйлчилсэн албан тушаалтнуудын хараат бус байдал гэсэн ойлголт нийгэмд хүчтэй тархсан энэ нөхцөл байдал цаашдаа бусад улс төрийн хүчинд эерэгээр нөлөөлөх магадлал өнгөрөгч долоо хоногт тун тодорхой байлаа. АН-ынхан уг нь асуудалд хүлээцтэй хандаж болох байсан ч хүлээцтэй зан гаргахыг хүсээгүй нь төсөөлөөгүй үр дүн үзүүлнэ гэдгийг учир мэдэх нэгэн хэлж байна. “Ардчилал” гэгчийг Ардын намынхан дуулж байна хэмээн элэглэхээс илүүтэй энэ үйлдэл нь энгийн сонгогчдод юу бодогдуулж, ямар үр дүн үзүүлэх вэ гэдгийг хаа хаанаа бололцмоор байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд ялсанд нь төр, засгаа ноён нуруутай залж, сөрөг хүчнээ хүндэтгэх наад захын ухамсар дутагдаж байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Сөрөг хүчинд үүд хаалгаа эзлүүлчихээд ажлаа хийж чадахгүй суугаа АН-д өгөх дүнг ард түмэн гаргасан нь мэдээж. Сандал суудлын төлөө төрийн эрхийг барьчихсан мэт аашилж аяглах нь ард түмэнд таалагдах уу, үгүй юу гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Чоно борооноор гэгчийн үлгэрээр хоёр намын дүйвээнээр “Шударга ёс” эвслийнхэн хөдөлгөөнд орж, орон нутгийн сонгуулийн сурталчилгааг эвтэйхэн хийгээд амжлаа. Чуулганы танхимын хаалганд “ээлжийн жижүүртэй” Ардын намын нөхдүүдэд хандсан гэхээсээ илүүтэй намынхаа нэр хүнд, намын даргынхаа пиарыг хийхээ “Шударга ёс” эвслийн гишүүд мартаагүй. Бас болоогүй хоёр намын маргаанаас үүдэн хоорондоо талцаад амжсан. “Шударга ёс” эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Та нарыг яагаад Н.Энхбаяр даргын үед ингэж дуугараагүйг гайхаад байна. Өнөөдрийн МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг шүүх хурал хийлгүйгээр СЕХ-нд бичиг өгсөн. Тэр үед ХЗДХ-ийн сайд байсан Ц.Нямдорж та яагаад дуугараагүй юм. Юм гэж ээлжтэй байдаг юм байна. Та нарын дарга байсан хүн. Бидний дарга байгаагүй. Бид хоёр жил л нөхөрлөсөн. Яагаад тэр үед та нар дуугараагүй юм. Өчигдөр танай найзыг оролдоход дуугараагүй бол, өглөө танай ахыг оролдоход дуугараагүй бол өнөөдөр та нарыг оролдоход хэн ч дуугарахгүй” хэмээн даапаалж, намын даргынхаа пиарыг хийгээд амжсан. Ээлж дараалан эргэж тойрон, элэглэн шоолохдоо ч намынхаа сурталчилгаа хийсээр байлаа. Намдаа хүн элсүүлэхээр улайран тэмцэж, уралдаж тоглоогүй ч эрх баригч, сөрөг хүчний сонирхолтой тэмцэлд хошуу нэмэрлэж, шударга ёс ярьж, сургааль айлдсан гээд сонирхолтой долоо хоногийг нам, эвслүүд үлдлээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: