Хүнсний талоныг хөрөнгөтэй нь авсан уу

imagesӨБӨБӨБЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс эмзэг давхаргын айл өрхөд хүнсний талон олгох ажил 2010 оноос эхэлсэн.

Ингэснээр насанд хүрсэн 16-аас дээш насны иргэнд 10 мянган төгрөг, харин түүнээс доош насны хүүхэд болон нярай хүүхдэд таван мянган төгрөгийн талон олгохоор болсон юм.

Мөн энэ халамжид олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон хөхүүл хүүхэдтэй эхчүүд, орон гэргүй нэн ядуу иргэд ч багтдаг байна. Энэ нь ч амьдрал дорой айл өрхүүдийн хувьд бодит тусламж болж чадсан хэмээн тухайн үедээ нэлээд магтагдсан даа. Бэлэн мөнгө тараахаар архи аваад уучихдаг бол энэ талоноор зөвхөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах журамтай. Архи, тамхи, ахуйн бараа авах нь хориотой.

Тэр байтугай гурилан бүтээгдэхүүнээс гэхэд л бялуу, махан бүтээгдэхүүнээс хиам авч болохгүй зэрэг нарийн заалтууд бий. Энэ журмыг бүх л аймаг, дүүрэг, сум, хороонд тараасан. Хүнс худалдаалах дэлгүүрүүдийг ч тендер шалгаруулалтаар сонгож байсан билээ.

Өнгөрсөн жил НХХЯ-ны Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөрийн мэргэжилтэн С.Цолмон “Хүнсний талон бодит тусламж болж чаддаг” гэсэн ярилцлага өгсөн нь сайтуудаар гарч байв.

Хүнсний талоныг мөн хөдөө орон нутгийн иргэдэд шуурхай хүргэх зорилгоор цахим хэлбэрээр тарааж байгаа аж. Цахим хэлбэрээр авч байгаа иргэд хоёр сард нэг удаа зөвшөөрөгдсөн мухлаг, дэлгүүрүүдээс картаараа хүнсээ авна.

Харин цаасан хэлбэрээр авч байгаа иргэд сард нэг удаа дэлгүүрээр үйлчлүүлэх эрхтэй аж. Түгээх нь ч яахав. Харин энэ хүнсний талоныг хэнд өгсөн бэ. Албаны тайлбараар бол “Азийн хөгжлийн банк”-ны буцалтгүй тусламжаар, Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн дагуу хүнс, тэжээлийн нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

Энэ хүрээнд 2008 оноос мэдээлэл цуглуулах ажил эхэлж 442882 гаруй мянган өрхийн 1.674.940 иргэний мэдээллийг нэгтгэн, өрхийн амьжиргааны түвшингээр нь эрэмбэлсэн мэдээллийн сан үүсгэсэн байна. Үүнд үндэслэн хамгийн доод түвшинд байгаа өрхөд хүнсний талоныг олгож эхэлжээ. Энэ жилийн хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас эхлэн талоныг тарааж эхэлсэн бөгөөд 16 мянган өрхийн 90 гаруй мянган иргэнийг хүнсний талонд хамруулахаар төлөвлөжээ. Гэхдээ талон тараахдаа өмнөх жилүүдэд авч байсан иргэдийг өөрчлөөгүй байна.

Шилжилт хөдөлгөөн хийсэн, зарим хүүхдүүд нь насанд хүрсэн гэх мэтчилэнгээр хасагдах тохиолдлууд байгаа гэнэ. Үнэхээр амьдралын түвшин бага бол өөрчлөх ч шаардлага байхгүй. Гэтэл тийм биш бололтой.

Хүнсний талон авсан эсэхийг нэгэн тааруу амьдралтай танилаасаа асуутал “МАН-ыг дагаж далдганадаггүйн хар гайгаар бидэнд олдохгүй юм билээ л дээ” гэсэн юм. Тиймээс энэ асуудлыг сонирхож Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд очлоо.

Тус хорооноос 15 хүн энэхүү хөнгөлөлтөд багтдаг аж. Энэ жил нэг айл гэр бүл тусгаарласан тул хүнсний талоноос хасагдсан гэнэ. 100 хувь гэр хорооллоос бүрддэг 2865 өрх, 10125 хүн амтай, ажилгүйдэл ихтэй энэ газар 15 өрхөд хүнсний талон өгнө гэдэг том нуур руу чулуу шидэхтэй ижил зүйл л дээ. Гэтэл тэр жаахан хэсэг нь зорилтот бүлэгтээ хүрээгүй талаар хорооных нь Засаг дарга н.Одонтуяа ч хэлж байна.

Хүнсний талон нь Нийгмийн халамж үйлчилгээний газрын мэдлийнх болохоор оролцох боломжгүй байдаг гэнэ. Тэрээр “Иргэд хорооноос өгч байгаа мэтээр ойлгоод уйлаад унжаад хасаад болохгүй байгаа юм шиг гардаг. Үнэхээрийн ядуу өрөвдөлтэй хүмүүс бий. Энэ жил тэднийг хамруулах гэхээр нэмж болохгүй. Солиод өгчихөж болохгүй нөхцөлтэй орж ирсэн. Манай дүүргийн бүх хороод Нийгмийн халамж үйлчилгээний газраас авч байсан айлуудыг солих боломжгүй. Харин хүнсний талон авч байгаа айлуудын амьжиргааг нь шалгаж нягтлах ажил хийж байгаа гэсэн мэдээлэлтэй байсан. Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас тэгсэн болов уу гэж ойлгосон” гэж ярьж байв.

Ингээд өмнө нь авч байсан хүмүүс хэвээрээ батлагдаад үргэлжлээд явсан байна. Гэтэл өмнө авч байсан хүмүүсийг солих боломжгүй гэж байснаа нэр нь батлагдсаны дараа дүүргийн хэлтсийн дарга нь сольж болох юм байна шүү, сольж болно л гэсэн ш дээ гэсэн гэнэ.

Тус хорооны Засаг дарга шалгалтын дагуу цуг явахад нэг айлаас бусдыг нь хасчихаар байсан тухайгаа ярьж байна лээ. “Тэрээр ороход тавган дээрээ зөөлөн чихэр тавьчихсан сууж байгаа. Бизнестэй, машин тэрэгтэй айлыг ядуу гэх үү” гэж байсан юм.

Нэг айл зургаан гишүүнтэй гэхэд хоёр нь арав, бусад нь тавыг авахад өрхөд 40 мянган төгрөг очно гэсэн үг. Энэ мөнгө хүрсэн айлдаа бол бага мөнгө биш юм. Нэг айлаас бусад нь машин тэрэгтэй, бизнестэй айлууд байж. Гол төлөв хорооны хэсгийн ахлагч нараа тойрон хүрээлсэн МАН намын харьяалалтай хүмүүс байсан гэнэ.

Өмнө нь Баянзүрх дүүрэг, хороо тэр чигээрээ нэг намынхан байсан учраас ямар ч шаардлагагүй танил талдаа өгсөн гэж хардах хүмүүс байгаа юм билээ. Тухайн хорооны иргэд МАН-ын сонгуулийн сурталчилгаанд нь явж байсан иргэнээ хараад таних учраас тийм л нөхдүүд байна лээ гэж байсан юм.

Хорооны хэсгийн ахлагч нар айлуудынхаа амьдралыг арван хуруу шигээ мэдэх ёстойн хувьд мэдээлэл гаргаж өгдөг. Харин үүнийгээ ашиглаж өөрсдийнхөө тойрон хүрээлэгчдийг уг хүнсний талоны хөнгөлөлтөд оруулсан байж магадгүй байгаа юм.

Хүнсний талонд хамрагдаж байгаа хүмүүсийн дотор жишээ нь Баатархүү гэдэг тэр хороондоо өмнө нь арваад жил хэсгийн ахлагчаар ажилласан хүн багтсан аж. Тэрээр зах дээр наймаа хийдэг, хувьдаа машинтай, гэр бүлийн хүн нь тогтсон ажилтай гэнэ.

Хорооны Засаг дарга нь “Түүнийг хорооны арын хэсгээр нийтдээ 15-20 айлын газар хорооны албан тушаалтнуудтай нийлж зарсан гэж барин тавин ярих хүн бий. Тэр нийлж газар зардаг байсан нөхөртөө л хүнсний талон өгчихсөн байх” гэж байсан юм.

Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас энэ талаар тодрууллаа. Хэлтсийн дарга н.Амгаланбаатар “Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар эсвэл Нийслэлийн халамжаас асуу. Хүнс тэжээлийн хөтөлбөр маягаар яваад энэ жил л нийгмийн халамжийн нэг үйлчилгээ болж хуулийн шинэчлэлтэй холбоотой манай руу орж ирж байна. Тэрнээс хөтөлбөр маягаар яамны харьяанд байсан. Дээрээс Баянзүрх дүүргийн ядуу гэсэн хүмүүсийг гар-гаж ирээд тэдэн хүнд өг гэсэн нэр ороод ирдэг. Манай дээр 312 өрх орж ирээд хасалт хийгээд 286 өрхөд эхний ээлжинд өгч байна. Мэдээлэл ихтэй газраас ав” гэлээ.

Ямар хүмүүст олгож байгаа талаар журам бий юү. Тэрийгээ үзүүлэхгүй юү гэхэд “Байгаа. Гэхдээ интернэтээс үз. Төрийн ажил хийж байна. Мэдээлэл цуглуулах гэж яваа чадвартай хүн юм бол өөрөө ол” гэлээ.

2010 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр батлагдсан Хүнсний талон олгох журамд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, түүнийг нь хаацайлсан албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцож, хохирлыг нөхөн төлүүлнэ гэсэн заалт байдаг юм билээ.

Ж.Баярсайхан

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих