Ч.Нямцэцэг: Сонгогчийн бүртгэлийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шуурхай баг хянана

5fa5030b734118fbec8cca20fbd22fccЕрөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулж буй ажлын талаар УБЕГ-ын Сургалт сурталчилгаа, гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн зогссон энэ хугацаанд хэчнээн иргэн сонгогчийн шилжих хөдөлгөөн хийлгэсэн бэ?
-Улсын бүртгэлийн ерөнхий газраас шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд зогсоосон. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нийцүүлэн анх удаа шинээр сонгогч шилжих тухай журмыг баталсан. Тодруулбал, өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсгийн хороонд санал өгөх боломжгүй иргэдийн сонгох, санал өгөх эрхийг уг журмаар хангаж өгсөн. Шилжилт хөдөлгөөн зогссон энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 40715 иргэн сонгогчийн шилжих хөдөлгөөн хийлгэсэн.

-Санал авах ажиллагаанд ашиглах техник хэрэгслийн бэлтгэл ажил хангагдсан уу?
-Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгуулийн санал авах ажиллагаанд ашиглах техник хэрэгсэл болох компьютер, принтер зэрэг 3754 тоног төхөөрөмжийг төв, орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтэс, нэгжүүддээ хүргүүлчихсэн байгаа. Сонгуулийн санал авах өдөр сонгогчийн бүртгэлийн тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай, тасралтгүй байдлыг хангах зорилгоор шуурхай баг ажиллуулах талаар бид анхаарч бэлтгэл ажлыг хангаад байгаа.

-Сонгуулиар ажиллах бүртгэлийн ажилтнуудад зориулсан сургалт явуулж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын хэмжээнд 1896 хэсэгт 2501 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтантай гэрээ байгуулан ажилд оруулаад байна. Үүнээс орон нутагт 1777 итгэмжлэгдсэн ажилтан ажиллах бөгөөд тэдэнд зориулсан эрх зүйн сургалт, семинар өнөөдөр /өчигдөр/ өндөрлөсөн. Харин нийслэлд энэ сарын 24, 25-ны өдрүүдэд энэхүү сургалт, семинар зохион байгуулж байгаа бөгөөд 368 хэсгийн 724 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан хамрагдсан.

Ж.Отгон /Монголын мэдээ /


URL:

Сэтгэгдэл бичих