Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдөрт

К.Зардыхан: 1990-ээд оны үйл явдлуудын нэг амьд гэрчийнхээ хувьд  түүний сургамжуудыг ахин сануулах үүднээс энэ номыг хэвлүүллээ
Тэртээх 23 жилийн өмнө  Монгол Улсад өрнөсөн ардчиллын үйл явцын талаар  тэр үеийн Улсын Бага Хурлын орлогч даргаар ажиллаж байсан Кинаятын Зардыхан “Ардчилал өрнөсөн анхны жилүүд” нэртэй номыг хэдэн жилийн өмнө хэвлэн гаргажээ.
Улс төрийн шуурганы ид үеэр нийгэм, хамт олны дунд бие, сэтгэлээрээн туулсан энэ эрхмийн гуравхан жилийн амьдралаас төрсөн гэх энэ ном  өргөн олны хүртээл болж чадаагүй гэж хэлж болно. Цөөн тоогоор хэвлүүлсэн төдийгүй ном зохиогч нь өөрөө хилийн чанадад гарч амьдарч байгаа нь үүнд нөлөөлсөн гэлтэй.
Улсын Бага Хурлын орлогч дарга асан Кинаятын Зардыхан энэ бүтээлдээ, тэр үеийн он жилүүдийн  улс төрийн  халуун уур амьсгал, тэмцлийн хурц өрнөл, шинэ сэтгэлгээг илэрхийлэхийн зэрэгцээ ардчиллын эхний хонхыг дэлдсэн  залуухан улс төрчдийн  хүсэл эрмэлзлэл, ухаарал бодрол, алдаа, онооны талаарх өөрийн эргэцүүллээ энэхүү данслан үлдээсэн байна.
Тэрээр энэ номондоо, “ Ардчилсан хувьсгалын анхны гал дөл дунд явж магтаал хийгээд хараал, зүхэл олныг сонсч алдаж, онож явсан хүний хувьд өнөөдөр хэлэхэд аль ч тал өнгөрснөөс сургамж авахгүй л байна уу даа. 1990-ээд оны үйл явдлуудын нэг амьд гэрчийнхээ хувьд  түүний сургамжуудыг монголын уншигч олонд ахин сануулах үүднээс эл номыг хэвлүүлэх нь зүйтэй “ гэж үзсэнээ тэмдэглэжээ.
Энэ ном “Ээдрээ тайлагдаагүй далан жил буюу “цусгүй хувьсгал”,”Ардчилсан хувьсгалтай  нэр холбогдсон минь”, “Ардчиллын салхийг залуучууд хагалсан: дутуудсан хувьсгал”, “МАХН-ын сүүлийн ээдрээтэй жилүүд”, “ Монгол Улсын шинэ Үндсэн хууль:Социализмын төгсгөл”,” Хариуцлага нь нэрнээсээ томдсон хурал”, “Өгүүллүүддээ хэлж амжаагүй зарим бодол буюу төгсгөл” өгүүллээс бүрдсэн байна.
“Монголд ардчилсан хөдөлгөөн цаг үеийн урсгалаар төрж мэндэлсэн болохоор анхандаа түүний эгнээ тийм ч цэвэр ариун байгаагүй. Өөрийгөө коммунистэд тооцож явдаг зарим хүний хэлж байсанчлан ардчилсан залуучууд гэдэг маань дандаа ч “зүггүйчүүд” байгаагүй хэдий ч түүний эгнээнд хувийн ашиг хонжоо хайсан, залуучуудын хүчээр өрсөлдөгчдөөсөө урьдын өшөө хонзонгоо авахыг санаархсан зүсэн зүйлийн хүмүүс ч байсан бөгөөд тийм хүмүүс уг зорилгоо биелүүлсний дараа ардчилсан хөдөлгөөнөөс аяндаа  нүүр бууруулцгаасан билээ. Зарим нь зүгээр нэг нүүр бууруулаад зогсохгүй ардчиллын гол дайсан нь болцгоосон баримт ч бий .
Би эл бүтээлдээ тийм зарим хуурамч хүмүүсийн улс төрийн бачийг бахь байснаар нь бичих болно. Олон хүн далдын хар буруу санаагүйгээр цагийн аясыг дагаж өөрчлөн байгуулалтын гольдрилд татагдан орцгоосон. Тэдний дотор өөрчлөн байгуулалт, шинэтгэлээс бэлэн хишиг горилогсод ч цөөнгүй байсныг хэлэх нь зүйтэй” гэж тэрээр эл номондоо дурджээ.
Энэхүү ардчилсан хөдөлгөөний анхны алхмууд, түүний хөгжлийн  явцад  улс төрийн хүчин, зүтгэлтнүүдийн үзүүлсэн нөлөө, хандлага, оролцоо  ямар байсан талаар тодорхой баримт, үйл явдал дээр тулгуурлан бичсэний сацуу  ардчилсан  шинэ төрт ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэх түүний дотор шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэж батлах, байнгын ажиллагаатай анхны парламент-Улсын Бага Хурлыг хэрхэн үүсгэн байгуулсан, түүний хууль тогтоох үйл ажиллагааны анхны  үүх түүх зэргийг уншигчид толилуулжээ.

URL:

Сэтгэгдэл бичих