Бужигнуулах технологи

Хүн бүхэнд хардах эрх бий. Тиймээс сэтгүүлчийнхээ үүргийн дагуу үүнийг бичиж байгаа нийтлэлийнхээ эхэнд дурдъя.

Нийгмийн санаа бодолд чиглэсэн нэгэн төрлийн PR сүүлийн үед дэлхийн улс төрд нийтлэг үзэгдэх болсон тухай олон улсын хэвлэлийн тоймчид өгүүлэх болжээ. Гэхдээ энэ нь бидний сайн мэдэх болсон хар, цагаан public relations-ээс /манайд бол хар нь л хөгжсөн/ арай өөр, үйл явдлыг зохиомлоор өрнүүлж, түүнийх нь дагуу олон нийтийн анхаарлыг өөр тийш залдаг учраас PR гэхээс технологи гэвэл зохистой юм шиг.

Бужигнуулах технологи гэвэл оновчтой бололтой. Энэ долоо хоногийн эхний өдөр алсын АНУ, манай хоёрт адилавтар буюу цаад агуулгаараа бараг ижил үйл явдал тохиолджээ. Эхлээд нэгдсэн улсад юу болсон тухай эргэн сөхье.

ДАХИАД Л АМЕРИКИЙН ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ

Дэлхий нийтийн нүд, чих Сирийн иргэний дайн болон түүнд нь цохилт өгч, ертөнцөд энхийг сахиулах эрмэлзлэлтэй АНУ-ын зүг анхааралтай ажиглаж байлаа. Дотооддоо үймээн самуунтай байгаа Сири улсын эрх баригчид иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн эсэхэд үнэн, худал хоёр хариулттай байгаа.

Ойрх Дорнодын бүс нутаг дахь 22.5 сая иргэнтэй энэ улсад АНУ тэгтлээ яагаад анхаарлаа хандуулж буй нь сонирхолтой. Сири бол нефть, байгалийн хийгээр баялаг. Википедиа-д тэмдэглэснээр 1995 оныг хүртэл 600 мянган баррель нефть импортлосон бол 2012 он гэхэд 140 мянга болж буурсан аж. Гэвч энэ улс нефтиэс гадна өдөрт 22 сая м3 байгалийн хий олборлож, нөөц нь 8,5 триллион м3-д хүрээд буй юм. Европын холбооны улсуудаас гадна Туркэд дээрх баялгуудаа экспортлосноор дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20, Засгийн газрын зардлынхаа 25 хувийг бүрдүүлдэг гэжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Башар Аль Ассад хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Бид эрх чөлөөтэй, хэний ч тусламж гадны оролцоо хэрэггүй. Ардчилсан орон байх албагүй. Ард түмэн энх тайван, чөлөөтэй, дураараа амьдрах нь бидний туйлын зорилго. Эвтэй, шударга, эрх чөлөөг эрхэмлэгч Сирийн ард түмний нэрийн өмнөөс тусгаар улс гэдгийг ойлгоосой гэж хэлмээр байна” гэжээ.

Ийм нөхцөл байдал дунд их гүрнийхэн Сирийн дотоод үйл хэрэгт оролцож, иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн учир цохилт өгнө гэдгээ дэлхий нийтэд мэдэгдсэн юм. Одоогоор Сирид өрнөсөн иргэний дайны улмаас хоёр сая иргэн нь дүрвэж, олон зуун мянган хүн амиа алджээ. Чухам энэ нь АНУ тус бүс нутагт цэргээ оруулж, энхийг сахиулах үндсэн шалтаг мөн эсэхэд эргэлзээтэй тайлбарыг шинжээчид гаргасан байдаг юм билээ. Байдал ийм, дэлхийн нүд АНУ зүг хараа сунган байтал нэгдсэн улсад Америкийн эмгэнэлт явдал дахиад тохиолдлоо. Вашингтон хотод байрлах Тэнгисийн цэргийн баазын ажилчид даваа гаригийн өглөө нэгнийхээ гарт олноороо амь үрэгдэнэ гэж бодоогүй байсан.

Гэнэт гал нээсэн тэнгисийн цэрэг Аарон Алексис гэгчийн террорист ажиллагааны улмаас 13 хүн амь үрэгдэж, 14 хүн эмнэлэгт хүргэгдсэн юм. Ямар ч гэмгүй хүмүүс ийм халдагад өртөж хохирно гэдэг аймшигтай. Энэ удаагийн эмгэнэлт явдлын буруутныг АНУ одоо хайж байна. Харин эсрэг талд нь Сири дэхь энхийг сахиулах ажиллагаагаа зөөллөх, дэлхийн анхаарлын чигийг өөрчлөх нэгэн шалтаг болсон АНУ-ын эмгэнэлт явдал байх магадлалтай гэж үзэх тоймч, шинжээчид хэлж байгаа юм. Гэхдээ энэ бол зүгээр л хардалт. Бодит үнэнээр нотлоогүй гэдгийг дахин дурдья.


МОНГОЛ ТЕРРОРИЗМ

Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт мэдэгдэхүйц буурч, төсөв алдагдаж, вальютын ханш чангарч, эдийн засагт сөрөг нөлөө гарч ирсэн өдрүүдэд иргэд асуудлаа шийдэх зорилготой УИХ-ын ээлжит бус чуулганд хараа сунгаж байна.

Хөрөнгө оруулагчдыг далласан, татварын орчноо тогтвортой байлгахаа амласан, өмнөхөөсөө буцсанхуулийн өөрчлөлтүүдийг бид хийх гэж байна. Нэгэнт бий болсон бодит нөхцлийг ойлгож, яаралтай арга хэмжээ авах нь Засгийн газар, УИХ-ын үүрэг. Үүнийхээ ч дагуу тэд хөдөлж,парламентаа ээлжит бусаар хуралдуулж, чухал зарим өөрчлөлтийг хийж байгаа нь зайлшгүй. Хэдий тийм боловч иргэдийнхээ үзэл бодлыг харгалзана гэдэг том зүйлийн ард шийдвэр гаргагчид гарах ёстой.

Тэд хөрөнгө оруулагчдад биш монголчуудад ашигтай хуулийн өөрчлөлт хийх, иргэд тийм хууль батлуулах нь туйлын зорилго болох учиртай юм. Яг ийм нөхцөл байдал дунд УИХ-ын чуулганы нээлттэй давхцан өнгөрсөн даваа гаригийн өглөө Улаанбаатарын төв цэгт буун дуу гарч, энэ тэнд тэсрэх бодис суурьлуулсан тухай мэдээ олныг түгшээлээ. Аз болж хэн нэгний эрүүл мэнд, амь насанд аюул учирсангүй.

Харин олон хүний ажлыг хийлгэлгүй, яамд, олон зуун хүнтэй оффисын барилга, Төрийн ордныг тэсрэх бөмбөгөөс “цэвэрлэх” ажиллагааг гүйцэтгэж, иргэдийн анхаарал энэ үйл явдал, дээрх сэдэв рүү хазайсан байх. Уг хэргийг үйлдсэн хүмүүсийн байгаль орчноо хамгаалсан агуулга нь зөв байсан ч, үүнийгээ илэрхийлэх арга нь буруу болсноос өдгөө гэмт хэрэгтэн болохдоо тулж, эрүүгийн хэрэгт татагдаж эхэлжээ.

Үйл явдал хуучирч, мартагдах хүртэл “Шалгаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг цагдаа, тагнуулынхан хэн, хэн яасан, хаашаа буудсан, хаана тэсрэх бөмбөг тавьсан тухай утсаар хэлсэн, хаанаас ямар маркийн гранат олсон гэх мэт монгол маягын терроризмийн тухай нарийвчлалтайгаар ярьж өгсөн юм.

Чухамдаа дээрх хоёр жишээг өнөөх PR-ийн нэгэн төрөл бужигнуулах технологи байх вий гэж хардсандаа уншигчиддаа сонирхууллаа. Алс холоос төрөл болох бүрийн аргачлал copy-дохдоо гярхай монголчууд бид өнөөх бужигнуулах технологийг ч бас нутагшуулчихсан юм биш биз хэмээн болгоомжилсон төдий.

Эцэст нь дахин тодотгоход энэ бол байж болох хувилбар л юм. Анхаарал хаана ч илүүдэхгүй гэдэг дээ.

Ө.Батхүү /ЗУУНЫ МЭДЭЭ /


URL:

Сэтгэгдэл бичих