Тулгуур төмрийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчгүйгээр шийдэв

p17s8nduj65hk1j2914t31tltbgm1Найзуудтайгаа кино үзэхээр “Тэнгис” кинотеатр руу орох гэж байсан 25 настай залуугийн дээрээс барилгын тулгуур төмөр унаж амь насыг нь авч одсон харамсалт хэргээс хойш нэг жил өнгөрчээ.

Энэ хэрэгт бүтэн нэг жилийн хугацаанд мөрдөн байцаалт хийсний эцэст өнгөрсөн баасан гаригт Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцлээ.

Үүнээс гадна хохирогчийн өмгөөлөгчийг байхгүйд хэлэлцэж, шүүхийн шийдвэр гаргажээ.

Анхан шатны шүүхээс тус барилгын гүйцэтгэгч болох “Модун стикал” компанийн захирал Т.Батбилэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлэх хэмжээгээр торгох, мөн барилгын хөдөлмөр хамгааллын инженер М.Цогтгэрэлд хоёр жилийн хорих ял, жил зургаан сарын тэнсэн харгалзах ял ногдууллаа.

Ийнхүү 25 настай залуугийн амь 13 сая төгрөгөөр үнэлэгдэж, барилгын инженер хоёр жил шоронд суугаад асуудал шийдэгдэхээр боллоо.

Хохирогчийн гэр бүлийнхэн өнгөрсөн хугацаанд хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан ч авч хэлэлцээгүй гэнэ. Тиймээс иргэний нэхэмжлэл гаргаж давж заалдахаар болсноо хэллээ.

“Бид хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг гаргасан юм. Гэтэл манай талаас хэнийг ч оролцуулалгүйгээр дээрх шийдвэрийг гаргасанд үнэхээр гомдолтой байна. Манай өмгөөлөгчийг очиход шүүх хурал нь аль хэдийнэ болоод дуусчихсан байсан гэсэн. Бид иргэний нэхэмжлэл гаргаж давж заалдана. Өнөөдөр хүний аминд хүрчихээд эрх мэдэл, мөнгөөр бүхнийг далайлгаж хуулийн өмнө ямар ч гэм буруу үүрэхгүй байгаад нь амь үрэгдсэн хүүгийнхээ өмнөөс харамсаж байна” гэж хохирогчийн ээж Х.Наранчимэг хэллээ.

С.Цэрэндэжид


URL:

Сэтгэгдэл бичих