Д.Ган-Очир: Би дуу үйлдвэрлэдэг мөнгөний машин биш

11668_264Сэтгүүлчдийн халуун тогоонд чанагдах гэж арван хэдэн жилийн тэртээ чөлөөт хэвлэлийн босгоор алхаж орсон хүн бол Д.Ган-Очир. “Сэтгүүлчийн ган үзгээ худалдаж дуу тэрлэх болсон өөдгүй амьтан” гээд түүнийг гоочлох хүн одоо ч бий.

Тэрээр “Бодролын цонх” номтойгоо хамт “Сонсохын жаргал” цомгийн нээлтээ рок-попынхны амьд хөгжмийн үүр гэж нэрлэгддэг “River Sounds”, монголчилбол “Голын аялгуу” хэмээх уянгалаг нэртэй клубт өнгөрсөн баасан гаригт хийсэн юм.

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очир шинэ номныхоо өмнөтгөлд “…Утга зохиолгүй амьдрахгүй юм байна гэдгээ ойлгосон цаг мөчөөс эхлэн хүнийг хайрлахын нинжин сэтгэлийн их сургуульд би суралцаж эхэлсэн. Дотор хүмүүн минь өөрийгөө бүү гол, бичээд л бай, бичээд л бай гэж цаг үргэлж надад хэлнэм. Иймийн тул би бээр зүрхлэн эмхтгэсэн анхны бодролын цонхны түгжээгээ мултлан таны нүдний салхийг оруулахаар өргөн барив…” гэжээ.

“Амьдралын тойрог” булангийнхаа ээлжит “баатар”-аар нэгэнт мэргэжил нэгт түүнийг сонгосон болохоор гэрт нь зочилж, яарч сандралгүй халуун яриа өрнүүлье гэж тооцоолон цэнгүүн төгсөхийг тэвчээртэйгээр хүлээн суулаа. Гэвч чадаагүй. Тийм боломж ч олдоогүй.

“River Sounds” клубт түүнийг хүлээж суухдаа нэг зүйл ойлгосон. За, энэ хүнийг эндээс “хулгайлах” худлаа юм байна даа гэж. Түүний дууны шүлгүүд Монголын дэндүү олон дуучин, хамтлагаар дамжин олны дунд тархсан гэдгийг хэзээнээс мэднэ л дээ. Гэтэл цэнгүүний төгсгөлд бүр “Мэднесс” хамтлаг, бас “Нисванис”-ын Амраа нар амьд тоглолтоороо дуунуудыг нь толилуулж, цугларсан олныг хөөрүүлсэн гэж жигтэйхэн.

Үнэндээ бид хоёр ярилцагчаа хүлээж уйдаагүй ээ, бараг мартсан. Тайзан дээр ээлжлэн гарах үе үеийн дуучид, хамтлагуудыг хараад хэн л сэтгэл хөдлөхгүй байв гэж. Түүнийг гэхдээ тэр мөчид зүгээр нэг дууны үг үйлдвэрлэгч бус, дууны шүлгийн мастер гэдгийг дахин мэдэрсэн.

Д.Ган-Очирын хоёр зуу гаруй дууны хэд нь хит болсон бус хэд нь хит болоогүй вэ гэсэн асуултад л хариу олох хэцүү аж. Цэнгүүн дууссаны дараа клубын хөөрүү уур амьсгал дунд Д.Ган-Очиртой гучин минут ярилцахаас өөр хувилбар бид хоёрт олдоогүй.

Диктофонд буусан бидний яриаг элдэв хачиргүйгээр уншигчдадаа хүргэе.

-Сэтгүүлч мэргэжил эзэмшин амьдралын гарааг эхэлж байсан цагаа өнөө үеийн сэтгүүл зүйтэй харьцуулбал давуу, бас ямар сул тал ажиглагдаж байна вэ?

-Би Монгол Улсын их сургуулийг 22 настайдаа сэтгүүлч мэргэжлээр төгсч 1996 онд “Толь” сонинг О.Чинбаяр, Ц.Цэдэн ах хоёртой Спортын ордны нэг өрөөнд суугаад гаргалцаж явлаа. Том том өдрийн сонингуудад ороогүй. Анхнаасаа чөлөөт сэтгүүл зүйг сонгосон. Тэр үед шар хэвлэл гээд янз бүрээр хэлүүлж явсан дөнгөж хөлд орох төдий байсан тийм л сэтгүүл зүйн салбар шүү дээ.

Хэрэв мэргэжлээрээ карьер, нэр төр хөөсөн бол “Ардын эрх” ч юм уу, “Засгийн газрын мэдээ” гээд том сонингуудад орох боломж байсан уу гэвэл байсан. Гэвч тэр үед нийгмийг цочроосон мундаг нийтлэлүүд том жижиг гэлтгүй олон сонинд гардаг байлаа.

Цахим гэхээсээ илүү цаасан сонингоор мэдээлэл хамгийн түрүүнд тархдаг байж.“Ил товчоо”, “Бодлын солбилцол”, “Монгол толбо”, “Дал” гээд оюунлаг, бас эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр лут бичлэгтэй сонингууд гардаг байлаа. Тэдгээрт хэвлэгдсэн нийтлэлүүдээс их ч зүйл сурч, ихийг ч мэдэж авдаг байж. Тэгээд уншсан, сонссон бүхнээ хоорондоо ярилцан хуваалцдаг байж.

Одоо мэдээллийн технологи хөгжих хэрээр сэтгүүл зүй гэлтгүй хүний амьдралын бүхий л хүрээнд бишгүй дэвшил гарч байгаа нь ойлгомжтой. Гэвч чухам үүний уршгаар хүмүүс хоорондоо нүүр тулж ярилцах нь улам багассаар. Товчдоо бол хүмүүс нэг нэгнээсээ дэндүү хөндий, дэндүү ядмаг сэтгэлгээтэй, бүр хэлгүй болж байна уу даа. Ялангуяа төрөлх монгол хэлнээсээ төсөөрөх нь манайд улам бүр газар авч байх шиг. Хүн болж төрчихөөд компьютерээс хэт хамааралтай, нэг ёсондоо робот болоод байгаа юм уу даа одоогийн залуу үеийнхэн.

-Таны хүн болж төрсөн нутаг ус гэвэл?

-Би Дорнод аймгийн хүн. Гэхдээ энэ аймгийн гурвын гурван суманд харъяалалтай гэх үү дээ. Учир нь аав маань Халхгол, ээж Цагаан-Овоо сумынх. Харин төрсний гэрчилгээгээрээ би Чулуунхороот сумын Эрээнцавынх. Яг унасан нутаг гэвэл ээжийн маань Цагаан-Овоо сум л даа. Аав маань хөдөө аж ахуйн их сургуулийг төгсч Эрээнцавын сангийн аж ахуйд мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр эвлэлийн илгээлтээр ажиллах болсон тул би тэнд өсч торнисон юм.

Ээж маань боловсролын салбарт түүх, газар зүйн багшаар 34 жил ажилласан. Аав бол 36 жил малын эмчээр улсдаа хөдөлмөрлөсөн. Миний өсч өндийсөн Эрээнцав гэж алсаас ёотон шиг харагдах хэдэн сайхан цагаан байшинтай цомхон мөртлөө цэмцгэр суурин газар байжээ. Бага байхад аав маань амралтын өдрөөр хуучны дамартай магнитофоныхоо яригчийг цонх руугаа харуулж Алла Пугачева, “АББА”-гийн дууг тавьдаг байлаа. Тэгэхээр би хар багаасаа тухайн үеийн гадаадын эстрадын дуу сонсч өссөн нь хожмоо намайг поп-роктой холбох гүүр болсон байж болох.

-Гэхдээ таныг эмээгийн хүүхэд байсан гэж ярьдаг юм билээ?

-Тийм. Аав, ээж хоёр ажил төрөл гээд намайг эмээ дээр орхичихдог. Эмээ маань 1945 оны чөлөөлөх дайнд оролцон төрөөс Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан хүн. Төрөлх Увс аймгийн Бөхмөрөн сумаасаа гарч сувилагчийн дамжаа дүүргээд дайнд мордсон юм билээ. Тэгээд фронтод офицер өвөөтэй маань танилцаж, дайн дуусахад нөхрөө даган Дорнодын Халхгол суманд ирж ханьссан гэдэг.

Хөөрхий эмээ маань намайг газар гишгүүлэхгүй үүрч явдаг байсан. Миний үзэл бодлыг ер нь эмээ маань л төлөвшүүлж өгсөн дөө. Эмээг өөд болоход би түүнгүй хорвоод дасах гэж нэлээд юм болсон юм.

-Хэтэрхий эрх байсан болоод уу?

-Тэгтлээ эрх дураараа байсангүй. Харин ч эмээгийнхээ нөлөөгөөр үе тэнгийнхнээсээ илүү ихийг мэдэж, мэдэрдэг байж. Тэгээд эмээгээсээ хойш бүр ч ихийг ойлгож ухаарсан. Аав, ээжээс өөр хүн, бүр үеийн хүүхэд надад гар хүрч болохыг ойлгосон тэр мөч мартагддаггүй. Орцны атамануудад зодуулаад ном авах гэж байсан гурван төгрөгөө дээрэмдүүлж байснаа их тод санадаг. Тэгээд хожим оюутан болчихоод аав, ээжээсээ хол оюутны байранд өлсч, даарна гэж юу болохыг биеэрээ мэдэрч билээ. Ер нь амьдралын их сургууль ямар ч номын дуу сонсохоос илүүтэйгээр хүнийг хүмүүжүүлж, ухааруулдаг байх шүү. Ийм болохоор хүүхдийг ер нь аль болох багаас нь бие даалгаж сургах, хэрсүү өсгөх нь илүүдэхгүй гэж боддог.

-Та айлын ганц хүүхэд үү?

-Яалаа гэж. Би харин ч айлын том хүү. Хоёр дүүтэй. Аав маань энд тэнд малын өвчин гарлаа гээд өдөр, шөнийн хэдэн цагт ч хамаагүй дуудагдаад явдаг байлаа. Гэрт ээж, тэгээд би хоёр дүүтэй өнжих нь бишгүй. Айлын том юм хойно хоол унд хийхээс авахуулаад гэрийн бүхий л ажлыг хийдэг байлаа.

-Харин та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?

-Хүү, охинтой. Эхнэр маань хөл хүнд. Удахгүй дахиад үрийн зулай үнэрлэх нь гээд баярлаж явна.

-Хүүхдүүдээ хэрсүү өсгөх гээд нэлээд хатуурхдаг уу?

-Үгүй дээ. Хүүхэд нас ганц шүү дээ. Инээж, эрхэлж явах ганц насанд нь хэтэрхий их шаардлага тавиад яах вэ. Харин ч эрхлүүлчих гээд байдаг шүү. Хүүхдийг бие даалгаж сургана гэдэг заавал хатуурхна гэсэн үг биш. Амьдралыг ойлгуулна гээд хүүхдүүдээ дарангуйлж болохгүй биз дээ.

Би ямар ч ажилтай байсан ч гэр бүл, хүүхдүүддээ зав гаргахыг эрмэлздэг. Тэднийгээ сонсч, мэдэрч, тэд нартаа зөв үлгэр дууриал болохыг хичээдэг. Хүнлэг нинжин сэтгэлтэй болгохын тулд ер нь л хүүхэдтэй зөөлөн харилцах нь зөв юм шиг ээ.

-Олон сайхан бүсгүйчүүдэд дурлалаа нээсэн “Үүлсийн галбир” номоо та эхнэрээсээ зөвшөөрөл авч гаргасан гэдэг?

-“Үүлсийн галбир” яруу найргийн түүвэр ном маань яруу найрагч Д.Нямаа ахын хэлсэн нэгэн үгнээс үүдэлтэй. Би нэг номоо үзүүлэхэд тэр надад “Чамд философи дутагдаж байна“ гэсэн юм. Товч бөгөөд тодорхой шүүмжлэл байгаа биз. Тэгээд би бүтэн жил философийн чиглэлтэй ямар л ном олдоно, уншиж байлаа. Тэгээд “Үүлсийн галбир” номоо хэвлүүлээд үзүүлэхэд Д.Нямаа ах намайгфилософийн хувьд магистрын зэрэг хамгаалахаар болчихжээ гэж их тоосон. Бүр “Чамд баярлалаа, ах нь чамд ингэж их нөлөөлсөн хэрэг үү” гэж асууж байсан. Энэ номонд олон сайхан эмэгтэйд дурласан тухайгаа бичсэн. Тэд бүгд хийсвэрлэсэн дурлал гэх үү дээ. Харин амьдрал дээрх цорын ганц үнэн дурлал маань миний хань. Миний хамгийн гярхай шүүмжлэгч, үнэнч уншигч минь юм даа.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?

-Эхнэр бид хоёр Дорнодын нэгдүгээр арван жилд хамт сурдаг байлаа. Миний хань надаас хоёр насаар дүү. Есдүгээр ангид сурч байхдаа эхнэртэйгээ анх танилцсан. Эхнэр маань тэгэхэд долдугаар ангид байсан. Сурагч насны үерхэл явсаар байгаад бид хоёр нэг гэрт орж ханилсан. Эхнэр маань хувиараа бизнес эрхэлдэг, зөв хооллолтын клуб ажиллуулдаг юм.

-Багадаа ямар мэргэжлийн хүн болно гэж мөрөөддөг байв?

-Би багаасаа л зурагтаар гардаг мундаг сэтгүүлч болно гэж баттай шийдсэн. Тэр дагуу сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн юм. Тэгээд угийн хөгжим сонирхдог тул дууны үг бичдэг болсон доо. Хоёр зуу гаруй дууны шүлэг бичсэнээс дийлэнх нь рок попынхноор дамжин олон түмэнд хүрчээ. Тав орчим хувь нь харин зохиолын дуу. Намайг дуу хөгжмийн уран бүтээлчид хит дууны даллагатай гээд их тоодогт үнэн сэтгэлээсээ баярлаж явдаг шүү.

-Таныг мөн дуу үйлдвэрлэгч мөнгөний машин гэх нь ч сонсогддог?

-Би хийдэг зүйлдээ сэтгэл хангалуун явдаг. Түүнээс мөнгөний машин биш. Өрөөл бусад миний дуунуудыг муулж, сайлж, элдвээр хэлбэл яахав дээ. Хэлж л байг. Харин дуугаар олсон мөнгийг минь тоолж хэтэвч рүү шагайх утгаар хэлээд байвал би уучлаарай л гэнэ. Өөрсдөө дууны үг бичээд яваг л дээ. Хэн саад болоод байгаа юм. Чөлөөтэй шүү дээ.

-1990-ээд оны эхээр Монголын утга зохиол, яруу найрагт шинэ залуучуудын хүчтэй түрлэг орж ирсэн. Тэр түрлэгт өөрийгөө хамаатуулдаг уу?

-1990-ээд оны эхээр манай яруу найрагт намуун уянгын урсгал хүч түрэн орж ирсэн шүү дээ.  Тэднээс манай үеийнхэн арай хожуу гарч ирсэн л дээ. Тэгээд ч хүмүүсийг дагаж урсана гэж юу байхав, тийм ээ. Ямарч уран бүтээлч өөрийнхөөрөө л явдаг, урсдаг. Гэхдээ их урлагийн аугаа урсгал дунд өөрийгөө модны жижигхэн боловч зомгол мэт явна гэж бодох сайхан шүү.

-Галсансүх өөрийгөө постмодернист гэж тодорхойлдог. Тэгвэл таныг пост намуун уянгын яруу найрагч гээд хэлчихвэл?

-Би ямар нэг урсгал чиглэл хатуу баримталдаггүй, хэлбэр дагадаггүй гэх үү дээ. Надад пост гэнэ үү, панк гэнэ үү тэр тодорхойлолтын нэр сонин биш. Би хөгжмөөс, гоо сайхнаас кайф авч уран бүтээлээ хийдгээ л харин сайн мэдэх юм. Түүнээс биш утга зохиолын шүүмжийн мэс заслын ширээн дээр миний уран бүтээл яг ямар оноштой гарахыг мэдэхгүй. Энэ нь миний ч хийдэг ажил биш.

-Утга зохиолоос өөр чухам юу сонирхдог вэ. Хобби тань юу бол?

-Би сонины хайчилбар цуглуулдаг. Бас өөрийн бүх захидлаа багаасаа хадгалан цуглуулсаар өнөөг хүрсэн. Мөн суут хүмүүсийн амьдралын тухай ном цуглуулна. Ер нь хэн хүний амьдралыг давтагдашгүй сонирхолтой романтай зүйрлэж болмоор санагддаг. Суут хүмүүсийн намтрыг уншихад их ухаарлыг олж авдаг юм.

-Хорьхон настай цэл залуугаараа цалгиж явсан өөртэйгээ одоогийн өөрийгөө харьцуулж харж байв уу? 

-Нэг их нас өндөр болсон биш, энэ талаар тэгтлээ бодож байсангүй. Харин тэр цагийн өөрийгөө торгон ирэн дээгүүр зөнгөөрөө явж, сайхан амьдрал туулсан гэж боддог.

-Дахиад тэр насандаа очвол өөрөөр амьдарч, өөр жимээр явахгүй гэсэн үг үү?

-Хэзээ ч үгүй. Туулсан амьдралдаа сэтгэл хангалуун явдаг учраас тэр.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байгааг тань сонирхоод “байцаалтаа” дуусгая?

- Хэзээнээс бодсон нэг санаа бий. Одоо түүнийгээ хэрэгжүүлье гэж бодоод байгаа. Цаг нь болсон санагдах юм.

-Тэр нь?

-Хүүхдийн илбэ шидний зохиол бичдэг юм уу. Манайд тийм зохиол үнэндээ алга байна шүү дээ. Гэтэл дэлхий даяар “Бөгжний эзэн”, “Харри Поттер” гээд ямар их сайхан илбэ шидний ном гарч байна аа. Хүүхдүүд ямар ихээр шимтэн уншиж, эргээд номтой нөхөрлөж байна аа.Монголд хүүхдүүдэд зориулсан илбэ шидний ном гарвал сайхан шүү дээ. Үүнд л өөрийгөө зориулахаар шийдээд байгаа.

Б.БАРС, Д.ЖАВХЛАН


URL:

Сэтгэгдэл бичих