Түгжрэл үүсгэдэг гэрлэн дохио

Түгжрэл үүсгэдэг гэрлэн дохио

Улаанбаатар хотын иргэдийн хийх ёстой нэг ажил байдаг нь түгжрэл тооцоолох. Тэгэхдээ бүр маш нарийн тооцоолж байж зорьсон газраа болзсон цагтаа хүрнэ гэж байгаа. Бүр зарим ухаан сайтай хүмүүс нь хэд дэх өдөр түгжрэл ямар байдаг, хэдэн цагаас ажилдаа явбал амжих талаар маш нарийн тооцдог болсон цаг.

Үндсэндээ нийслэлийн иргэд бүгдээрээ тооцооны мэргэжилтэн болж хувирах дээрээ тулчихсан гэхэд болно. Ер нь нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилвэл цаашид тооцооны чиглэлийн мэргэжилтэн бэлтгээд байх шаардлагагүй болж хувирах нь.

Гэтэл сүүлийн үед тооцоонд байгаагүй түгжрэл гэнэт үүсч, олон хүнийг ажлаас хоцроож, баллах дөхөв. Учир нь Хорооллын эцэс, Баянбүрдийн уулзвар зэрэг олон газрын гэрэл дохио гэнэт ажиллахаа больсоноос үүдэж түгжрэл тооцоолсноос хэдэн хувиар нэмэгдэхгүй юу.

Хорооллын эцсийн уулзварын гэрлэн дохио бүр 2-3 өдөр ажиллахгүй болж, хүмүүсийн тооцоо төөрсөн. Манай жолооч нар гэрлэн дохио ажиллаад, улаан гэрэл асчихаад байхад дайрдаг юм чинь ажиллахгүй үед нь бол бүр хамраа чихээд зүтгээд байна биз дээ.

Уг нь бүгдийнх нь зөв л дөө, хөөрхийс. Хэн нь ч гэсэн минутын өмнө ажилдаа очихыг хүснэ шүү дээ. Тэр хүсэл нь давамгайлаад, зохицоод явах талаар огт бодохгүй байгаа юм. Ингээд л бүгдээрээ түгжрээд, бөөгнөрөөд, хорчихож байгаа юм даа. Явж явж ингэж түгжирч байгаа нь жолооч нарын буруу биш эвдэрсэн гэрэл дохионоос болсон хэрэг. Эвдэрсэн ч гэж дээ, яг тийм онош гаргах нь зөв үү, буруу юу гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Бүх гэрэл дохио нь ээлж ээлжээр эвдэрнэ ч гэж юу байх вэ дээ. Зарим нэг нь эвдэрсэн байх. Харин зарим хэсэг нь цахилгааны хязгаарлалтад өртчихсөн юм шиг байна билээ.

Ямар шалтгаанаар ажиллахаа больсон нь гол биш. Ямар ч тохиолдолд ажиллаж байх талаас нь улс анхаармаар байна. Амархан эвдэрчихээд байгаа бол жаахан чанартай гэрэл авчраад суурилуулчихмаар юм. Харин цахилгааны хязгаарлалтаас болж тасраад байгаа бол гэрэл дохиотой хэсгийг нь салгахгүй байх талаас нь арга хэмжээ авч байх хэрэгтэй байна. Тэгэхгүй цахилгааны хязгаарлалт хийж байгаа нь энэ гээд тасалчихдаг. Өнөөх хязгаарлалт нь заримдаа хэдэн цагаар үргэлжилдэг.

Гэтэл цаана нь замын түгжрэл үүсээд, ард түмэн тооцооллоо алдаж, түгжрэл дунд хамаг үр бүтээлтэй цагаа өнгөрөөж байна. Сүржигнүүлэхэд, нэг өдрийн улсын ажил цалгардаж байгаа гэхэд болно. Тиймээс л түгжрэл үүсгээд байгаа гэрлэн дохионыхоо учрыг олох хэрэгтэй байна. Нийслэлийнхэн мэддэг байна уу, замын цагдаагийнхан нь зохицуулдаг уу, ямар ч байсан жаахан сэтгэл гаргах хэрэгтэй байгаа юм. Одоо бүр сүүлдээ маргааш өглөө босч ирээд ажилдаа явах замд аль уулзварынх нь гэрэл дохио ажиллахаа больчихсон байх бол гэж бодоод, гардаг цагаа урагшлуулдаг боллоо. Тооцооллоо шинээр хийдэг болсон гэсэн үг.

Ядаж байхад 2-3 уулзварын гэрлэн дохио ажиллахгүй байхад замын цагдаа ч ирж зохицуулчихгүй байгаа юм. Уг нь өнөөх зам дээр суурилуулсан камераар нь гэрлэн дохио ажиллахгүй байгааг хараад, замын цагдаа нь гүйгээд ирэх ёстой баймаар. Гэтэл тийм ч юмгүй байх жишээтэй. Гэхдээ бүх тохиолдолд биш л дээ. Ямар ч байсан 2-3 удаа нүдэнд өртөж, ажлаас нь хоцроосон юм даг. Тиймээс л асуудлыг мэддэг хүмүүсийнх нь чихэнд хүргэж, хонх уях гэж хичээж байгаа хэрэг.

Ер нь гэрлэн дохиог заавал төвийн цахилгаан эрчим хүчээр ажиллуулахгүйгээр өөр арга бодож олох цаг болсон. Тухайлбал, нарын энергиэр ажилладаг гэрлэн дохио байж яагаад болохгүй гэж. Нарны энерги хуримтлуулах толь тавиад л гудамжны гэрэлтүүлэг асаадаг жишиг байдаг л юм билээ. Түүнийг гэрлэн дохион дээр хэрэглэж болно шүү дээ. Тэгвэл цахилгааны хязгаарлалтад өртөөд байхгүй амар.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих