Генсект нэр дэвшигчдийг “хаяг”-гүйгээр харахад…

Генсект нэр дэвшигчдийг “хаяг”-гүйгээр харахад...

Ардын намын лидерүүд гишүүдээ хайрцаглах дуртай. АН-д “Алтангадас”-ынхан, “Шонхор” фракцынхан гэж байдаг бол МАН-д М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүхийн гэсэн лидер дагасан хуваагдал бий. Их, Бага хурлынх нь өмнө энэ хуваагдал улам тодордог уу гэхээс бүдгэрч байсан удаа нэгээхэн ч үгүй.

“Урагшаа” уриатай МАН-ын XXVII их хурлын өмнө ч хуучин шигээ хуваагдал дахин давтагдлаа. Энэ хуваагдлыг намын даргын сунгаанаас бус генсекийн өрсөлдөөнөөс илүү тодоор харж болох юм.

Нэр дэвшигчид нь бараг бүгд ардаа хаягтай байгаа нь үүний нотолгоо. Уг нь ээлж дараалсан ялагдлын дараах МАН сэргэж, шинэчлэгдэж, уриа шигээ урагшлах нь XXVII их хурлаас шууд хамааралтай. Зөвхөн даргаа сольсноор Ардын нам нийгэмд шинэ харагдана гэдэг юу л бол. Үүнийгээ ч энэ намынхан гадарлаж байгаа бололтой.

Тиймээс л давхар солилцоо ямар байхаас МАН-ын ойрын ирээдүй хамаарна гэж ажиглагчид таамаглаж, сэтгүүлчид тоймлож байна. Иймд МАН-ын генсект нэр дэвшигчдийг хэн нэгнээр хаяглахгүйгээр, хэн нь хэн бэ гэдгээр нь харах гээд үзье. Нийгэмд нэгэнт танигдсан эдгээр хүмүүсийн сул хийгээд давуу талыг давхар тандъя.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшинэ гэдгээ хэвлэлээр зарласан эхний хүн нь Б.Энхмандах. Улс төрөөс, тэр тусмаа Ардын намаас хэсэг хугацаанд хөндийрсөн түүний ил захидал нэг л өглөө олон нийтэд хүрсэн. Намын генсект өрсөлдөнө гэсэн мэдэгдэлтэй нь зэрэгцээд янз бүрийн дайралтууд түүнд ирсэн байх.

Яагаад гэвэл түүнийг мэдэгдэл нь огцом байсан бол мэдрэмж нь “оносон” эсэх эргэлзээтэй. Ардын намын генсек болоход түүнд байгаа давуу тал, бусдаасаа ялгарах онцлог бол нас болон туршлага. Бусад нэр дэвшигчээ бодвол энэ намд орсон он цаг нь “эртнийх”. Гэхдээ МАН-ын шинэ төрх, “шинэчлэл”-ийн бамбай нь Б.Энхмандах болж чадах эсэх эргэлзээтэй юм. Хоёр ч яаманд дэд сайд байсан тэрээр хэзээ ч нэгдүгээр эгнээний улстөрч болж байсангүй. Олон нийт ч түүнийг тэгж л хүлээж авдаг.

Харин саяхныг хүртэл Шведэд Элчин сайдаар сууж байсан Б.Энхмандахыг цагтаа казиногийн хэргээр манаргаж явсан гэдгээр нь хүмүүс андахгүй. Дараагийн хүн бол МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар. Намын ажлын болон төрийн ажлын туршлага нь түүнийг МАНын генсекийн төлөөх өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч болгож байгаа. Багаасаа энэ намд, УИХ дахь бүлэгт нь ажиллаж байсан түүнд бусад нэр дэвшигчээ бодвол давуу тал их.

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан нь төрийн ажлынх нь туршлагыг харуулах байх. Түрүүчийн парламентад гишүүн, бүр Байнгын хорооны дарга байсан гээд тоочвол давуу тал олон. Өөлөх юм гэвэл өнгөрсөн сонгуулиар Дарханд нам нэгт нөхөртөө суудал “алдсан”. Хамгийн гол нь байнгын хорооны дарга байхдаа “хар машин”- ыг хуульчлуулсан гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Үнэндээ бол саналын хуудас тоолох автомат машин авах зориулалтаар улсын төсөвт 24 тэрбум төгрөг суулгах асуудлыг төсвийн байнгын хороон дээр АН-ынхан зүтгэсээр оруулчихсаныг байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар тэр чигт нь оруулаад батлуулчихсан, нэгэнт төсөвт ийм мөнгө суучихсан болохоор дараа дараагийн ажлууд хийгдсэн гэдэг.

Бас тендерийг нь АН-ынхан авчихаад байхад тухайн үеийн МАН-ын сайд дарга нар яагаад зүгээр хараад сууж байв гэсэн бодол ч хааяа төрдөг. Хэрвээ сонгуулийн ялагдал хар машинаас болсон гэж үзээд буруутан хайвал санал тоолох автомат машин худалдан авах, хэрэглэх төсвийн саналыг анх УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан ерөнхий сайд асан С.Батболд тэргүүтэй Засгийн газар, төсвийн байнгын хороо, ЗГХЭГ-ын дарга дарга асан Ч.Хүрэлбаатар нар болж таарах ч юм шиг.

Гэхдээ сонгуулийн хууль батлахад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан гэдэг утгаараа “хар машины” гай гавьяа Ж.Сүхбаатарт наалдсаар ирсэн юм.

Генсекийн өрсөлдөөнд орж байгаа хамгийн “жаахан хүүхэд” нь Ж.Мөнхбат. 1979 онд төрсөн түүнд Ардын нам итгэл хүлээлгэн Архангайд нэр дэвшүүлсэн нь хоосонгүйг нь илтгэнэ. Хоосонгүй гэдгээ ч сонгуулиар унасаныхаа дараа хэд хэдэн жагсаал, цуглаан зохион байгуулж харуулсан. Товчхондоо бол өөртөө бүрдүүлсэн эерэг имиж  нь “тэмцэгч” юм. Энэ бол Ж.Мөнхбатын давуу тал.

Яруу найрагч, олны өмнө аятайхан ярьчихдаг гээд түүнд давуу талууд бишгүй бий. Гэхдээ парламентад гурав сонгогдчихсон У.Хүрэлсүхтэй эрч хүчээр нь ижилхэн гэж харьцуулж ярихад бол үнэндээ тэр балчирдана. Ингээд яриад байвал Ж.Мөнхбатын давуу тал нь ч, сул тал нь ч нас болчихоод байгаа юм. Дөнгөж л 30 гарч яваа энэ залууд итгээд генсек болговол шинэчлэл болж чадаж ч мэдэх л юм. Нас залуу байх тусмаа шинэ, шинэчлэгдэж байгаа юм шиг харагддаг бол яах аргагүй Ж.Мөнхбат л эхний сонголт. Гэтэл “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч болоод сониноо ч шинэчилж чадаагүй хүн Ардын намыг шинэчилж чадах уу гэдэг бас л бодох зүйл биз. Зарим хүн хэтэрхий балчираасаа казинод донтож, Солонгост хүртэл зартай болсон түүнд Ардын намын санхүүгийн гарын үсгийг “хадгалуулах нь” эрсдэлтэй гэх юм билээ.

Ямар боловч нас залуу, цус шингэн дээрээ “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэрэгт холбогдож явсан нь Ж.Мөнхбатын улстөрийн карьерт үргэлж сөрөг оноо цуглуулдаг юм. МАН-ын генсект нэр дэвшигч дөрөв дэх хүн нь Д.Цогтбаатар. Энэ намыг удирдаж байсан зарим хүний нэгэн адил дипломатч мэргэжилтэй.

Одоогийн генсек Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайд байхад Төрийн нарийн бичгийн дарга нь байсан. Дараа нь Байгаль орчны сайд болсон. Өмнө нь МАН-ын үе үеийн дарга нарт зөвлөхөөр ажиллаж байсан хүн. Тэгэхээр Д.Цогтбаатарт ажлын туршлага бол байна аа. Хэнээс ч дутахгүй төрийн ажлын туршлагатай хүн гэвэл худлаа болохгүй байх. Тэр тусмаа гадаад харилцаа талдаа тэр Б.Энхмандахаас ч илүү дээр сонголт болно. Хэрэв Д.Цогтбаатарыг генсекээр сонгох юм бол МАН-ын гадаад харилцаанд мэдэгдэхүйц д э вши л г а р а х н ь эргэлзээгүй гэдэг нь үүнтэй холбоотой. Харин дотоодод бол хэлж мэдэхгүй юмаа. Ямар боловч тэрбээр албан тушаалд үргэлж томилогдож байснаас сонгогдож байсан удаа нэгээхэн ч үгүй. Дандаа л шууд дарга болчихож байсан хүн л дээ. Дээр ч тодорхой биччихлээ.

Одоо дахин нэг жишээ өгүүлье. УИХ-ын 2012 оны сонгуульд Дундговь аймагт нэр дэвшүүлэхээр сайд болгосон ч тэрээр улс төрийн өрсөлдөөнөөс нь айчихсан гэдэг. Уг нь түүнийг нийгэмд таниулах гэж, тэгж байж төрсөн нутаг Дундговьд нь нэр дэвшүүлэх гэж сайд болгосон юм билээ л дээ. Гэвч зүгээр л дэвшээгүй. Нам сонгуульд ялбал сайдаараа үлдэнэ гэж тооцсонтой нь холбоотой биз. Энэ өнцгөөс нь бодвол улс төрийн өрсөлдөөнөөс үргэлж зугтаж байдаг хүнд улс төрийн “гал тогоо”-гоо атгуулбал энэ нь Ардын намын л сул тал болно доо. Генсект нэр дэвшигчдийг “хаяг”- гүйгээр харахад нэг иймэрхүү л байна.

Д.Болд

/ЗУУНЫ МЭДЭЭ/

URL:

Сэтгэгдэл бичих