“Дусал” цалингийн гай

2b5547ea4251f62bbigТөсөв хэлэлцэх үеийг тааруулж багш, эмч нар жагсдаг уламжлалтай болоод багагүй хугацаа өнгөрчээ.

Нэг талаас нь харахад, ажлаа олигтой хийхгүй байж жагсахаа урьтал болгож, төсөв хэлэлцэх үеэр л цалингаа нэмүүлнэ гэж хашхиралддаг нь буруу мэт боловч бас зөвтгөх ч шалтгаан байна. Ерөнхийдөө багш нар жагсч байгааг зөв гэж үзэж, дэмжих хэрэгтэй. Тэр дундаа залуу багш нарын цалин хэд байгаа билээ.

Төр засгийнхан үүнийг сайн мэдэж байгаа байх. Тэд сая гаруй төгрөгийнхөө цалинг нэмүүлэх тухай ярьдаг байж залуу багш нар цалингаа нэмүүлэх гэхээр дүлий годил шиг суугаад байгаа нь ямар учиртай юм бол. Монгол Улс өнөөдөр залуучуудын орон болчихоод байгаа. 25-35 насны залуучууд нийт хүн амын ихэнх хувийг эзэлж байна.

Тэр утгаараа аль ч салбарт энэ насны залуучууд ажиллаж, хөдөлмөрлөж, улс орныг чирж яваа. Боловсролын салбарт ч ялгаагүй. Гэтэл цалингийнх нь тогтолцоо залуу багш нарыг дарсан, дарамталсан маягтай. Зэргийн нэмэгдэл энэ тэрээс авахуулаад олон жил ажилласан настай багш нар л арай дөнгүүр цалин авахаас биш дөнгөж багш болж байгаа, цөөн жил ажилласан залуучууд бол үгүй.

Саяхан болсон жагсаалын үеэр залуу багшийн цалин 250 хүрэхгүй мянган төгрөг байдгийг олон хүнд зурагт хуудас дээр бичиж харуулсан. Гар дээрээ авч байгаа цалин нь ердөө л тэр. Яах вэ, зарим нь 300, за болъё, 350 мянган төгрөг авдаг байх. Гэхдээ ийм хэмжээний цалинтай залуу хүн яаж амьдрах вэ. Ц алин гэдэг тухайн хүний амьжиргааны эх үүсвэр байхын хажуугаар ажил хийх хөдөлгүүр болдог гээд хэлчихвэл буруудсан болохгүй биз.

Өндөр цалин авдаг, түүнийхээ хэрээр хариуцлагатай, сайн ажилладаг нь зүй тогтол. Гэтэл өнөөдөр залуу багш 250 мянган төгрөгийн цалин авчихаад, сэтгэл амар хүүхдүүдэд хичээлээ зааж чадах уу. Ядаж байхад залуу хүмүүст үр хүүхэд, гэр орны асуудал их. Дээрээс нь сургуулийн багш нарын 80, 90 хувь нь ямар нэг байдлаар зээл авсан байдаг гэсэн судалгаа гарсан. Хөөрхийс, амьдрал ахуйгаа өөд нь татах гэж өр зээл тавьж, зүтгэж яваа нь мэдээж. Тийм байтал авдаг хэд нь дөмөгхөн айлын хүүхдийн сард РС тоглож үрдэг мөнгөнөөс бага байхаар чинь хэцүү биз дээ.

Хичээлээ заахын хажуугаар өр зээл, авч байгаа хэдэн төгрөгөө яаж зохицуулах, амьдралдаа хүргэх талаар бодсоор үс нь цайдаг биз. За тэгээд, багш нарын 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ядахад яр гэгчээр, жаахан ажил төрөл муутай нөхөртэй бол амьдрал хэцүүдлээ л гэсэн үг. Өнөөдөр залуу багш нарын байдал ийм байхад бид бусдын хүүхдэд хичээлээ чанартай заасангүй гээд харааж загнаад сууж байж таарах уу. Яах вэ, олон дунд хэнэггүй, чадвар муутай, хүний хүүхдийн толгой руу “хог” чихэж байгаа нөхдүүд байдаг л байх.

Гэхдээ бүгд тийм биш нь мэдээж, чадалтай, чансаатай, ур чадвар сайтай залуу багш олон байгаа. Харамсалтай нь 250 мянган төгрөгийн төлөө багш хийгээд, олон хүүхдэд хичээл заагаад, удаан тэсдэггүй байлгүй. Үнэхээр л сэтгэлтэй бол хаашаа юм гэхээс. Явж, явж багш нар муу байна, ажлаа хийж чадахгүй байна гэж хэлүүлж байгаагийн цаана цалин муу байгаа нь нөлөөлдөг. Үнэхээр чадвартай залуус нь 250 мянган төгрөгийн цалингаа голоод явж байгаа бол багш хийхээс өөр сонголтгүй, чадваргүй нөхдүүд нь үлдэж эхэлж байгаа. Цаашлаад, цалин энэ хэвээрээ, баян хүний 00-ийн цаасаа худалдаж авч байгаа мөнгөтэй дүйцэхээр, “дусал” цалин өгөөд байвал одоо сэтгэлээрээ ажиллаж, зүтгэж яваа чадвартай багш нар нэг л өдөр хаалгаа саваад гарчихвал яана.

Ингэсээр хамгийн муу гэсэн, багш нэр зүүсэн “алиа салбадай” нар сургуулиар дүүрэн болчихвол яах юм бэ. Харин залуу гэлтгүй багшийн цалин ядахын мууд 700-800 мянган төгрөг, түүнээс ч өндөр байвал хамгийн чадалтай, чадвартай багш нар хүүхдэд сайн хичээл заах юм биш үү. Үгүй ядаж л шалгаж, шүүгээд, шүүсийг нь шахаад, хамгийн чадвартай хүн л багш хийдэг болгосон ч болж л байна.

Одоо бол сургуулийн захирал, хичээлийн эрхлэгчийг хэн таньж байна, тэрний хамаатан садан л багш болдог болчихож. Ээ дээ, энэ залуу багшийн “дусал” цалин уу. Боловсролын салбарыг тэр чигт нь онхолдуулж ч магадгүй шүү.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих