“Эрдэнэт” үйлдвэрийнхэн Ерөнхий эмчээ таалахгүй байна

Монгол Улсын “Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт” Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр ХХК нь1978 онд хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдан Монгол Улсын эдийн засагт тасралтгүй жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Эрдэнэт үйлдвэр нь жилдээ 26 сая тонн хvдэр боловсруулж  530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм.

Энэ том үйлдвэрийг ажиллуулахын тулд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 6000 гаруй ажилчинтай бүтээлч хамт олон өдөр шөнийг үл харгалзан ажиллаж байдаг. Үйлдвэрийн үнэт зүйлс болсон ажиллагсадынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө эмнэлэг сувилалын 30 гаруй их эмч, 40 орчим дунд мэргэжилтнээс бүрдсэн баг ажилладаг.

Эмнэлэг сувилал нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 6000 гаруй ажиллагсад, анхдагч, ахмадууд, МШӨ-ний учир хувь тогтоолгосон хүмүүсийг оношлох, эмчлэх, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг. Мөн жил бүр компанийн 6000 ажилтныг нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хүчин чадал бүхий орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон өөрсдийн сайт дээр дурдсан байна. Гэсэн хэдий ч сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын дунд “Бид ч бэлгийн замын халдварт өвчин тусахгүй юм байна” хэмээн яригдах болсон юм. Уг яриа нь саяхан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий эмчээр ДОХ, Бэлгийн замын халдварт өвчний баклаврийн зэрэгтэй эмч ирсэнтэй холбоотой юм байна.

Шинэ Ерөнхий эмч Ж.Ганчимэг нь анх “Эрдэнэт” үйлдвэрийн спорт цогцолборт ажиллаж байгаад улмаар спорт цогцолборын орлогч дарга болсон хэдий ч ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч албан тушаалаасаа буусан байна. Тэгээд хоёр сарын өмнөөс “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий эмчээр ажиллах болжээ. Энэ явдалд эгдүүцсэн “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид дээрх ёжилсан яриаг гаргасан бололтой. 35 жилийн түүхтэй эмнэлэг сувилалын хамт олонд мэргэжлээс шалгаалсан өвчин болон бусад нарийн мэргэжлээр мэргэшсэн  анагаах ухааны проффесорууд, доктор, магиструуд байсаар байтал  бакалавр зэрэгтэй, мэргэжлийн туршлага багатай хүнийг гаднаас урьж авчран Ерөнхий эмч болгосон нь Эрүүл мэндийн салбарын ёс зүйг уландаа гишгэж, Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа ажилчдын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулах нь хэн гэгч эрх мэдэлтэнд ашигтай болохыг таамаглан хэлэх хүн олон ч, талхны таван төгрөгөөсөө салчихгүйн тулд нүдэн балай чихэн дүлий мэт явж байна.

Т.Болор


URL:

Сэтгэгдэл бичих