Б. Бааст : Шаалуу ахын шар суран аргамж

Өвөл болов. Айлууд идшээ төхөөрч эхлэв. Нутгийн минь олны нэг сайхан хүн чанар байж уу! Аль хатуу хөтүү ажлаа хамжиж элбэж бүтээх нь гайхалтай. Яаж, нэгэндээ хэл ул болдог байсныг мэдэхгүй. Арав таван тагт арвайгаа тариалах болно уу, атга чимх өвс тоосоо хамах болно уу эсвэл эсгий ч хийнэ үү, өвөл идшээ ч төхөөрөх болно уу! Нэг харахад rap санаа нийлдэг хүмүүс цуглачихсан, ямар ажил хийх бол түүнийгээ элбэж хамжаад бүтээж байдаг. Манайх идшээ төхөөрөхөд, жилийн жилд ёс шиг ирдэг хүмүүс ирж аавд минь хамжаа дэмжээ болов. Хамт өвөлжиж буй Шаалуу ахад мөн л ирдэг хүмүүс нь ирж, хам дэм болов. Шаалуу ах ирсэн хүмүүстэй хамжаад төхөөрсөн үхрийнхээ нойтон ширний гэдэс, суга, цавины нимгэн арьсыг зүсч өөлж аваад дараа нь зузаан ширий нь гэрийн хошлон шиг нарийхан, жигд зүсэв.Тэр нарийхан зүссэн олои ширээ хоорондоо зайтай хоёр улиасанд тэд чадлаараа татаж сунган бэхэлж уяв. Нарийн зүссэн хэд хэдэн хэсгийг холбож зангидан уртасгаж татаж сунгаад хол зайтай улиасанд уясан хэрэг. Шир хэдий нарийн зүсэгдсэн ч түүнийг татаж сунгасан эрчүүд, тас татна гэдэг ёстой гонж юм даа. Ингээд хоёр улиасанд татаж сунган уясан нарийн шир хөлдөв. Шаалуу ах хутгаа сайтар ирлээд сунгаж татан хөлдөөсөн шириийхээ үсийг хусав.Тэр ширээ жаал гэсгээгээд хоёр талаас нь дотогшоо хумьж, хусан дөш дээр хусан мунаар өдөржин цохиж (магадгүй хоёр гурван ч өдөр цохиж) зөөлрүүлэн хэвшинжүүлэв. Яваандаа аргамж болох эхний алхам яг л эндээс эхэлж байна гэлтэй. Эр хүний эдэлдэг гялалзах шахуу өнгөтэй харагддаг шар суран аргамж гэдэг лаг их хөдөлмөрийн үр дүнд бүтдэг эд юм байна.
Манай өвөлжөөний гурван гэрийнхэн дотор идшээ төхөөрснөөс хойш Шаалуу ах шиг их ажилтай болсон хүн байхгүй.Тоолж, хэмжиж байсан биш. Шаалуу ах нэг суран аргамжтай болох гэж лав л өвлийн нэг сарыг барсан байх. Сурныхаа ширийг хэвшинжүүлж зөөлрүүлсэн нь үнэндээ элдүүрийнхээ ажлын голыг нь нугалсан хэрэг байв уу! Дараа нь газар зууханд аргамжаа хэд хоног аргал уугиулан утав. Шаалуу ахынд ороход утсан аргамжны нь утааны үнэр гэр дүүрэн ханхалж байх. Нэг харахад л зөөлөн эдээр гялалзтал өнгөлсөн шар суран аргамж бараг бэлэн болчихсон эвхээстэй харагдах болов. Тэгсэн чинь аргамжны ажил бас л бэлэн болоогүй байж. Аргамжны толгойн алга түүнд бэхлэж, оёж ширээх чагт, гогцоо хийх ажлууд үлдээд байж. Чагтыг хусаар биш бүр яргай чаргай мод юм уу эмгэлжээр урладаг юм байна. Энэ моддын аль нь ч хатуу! Хутга мэсэд үнэхээр халгаатай. Яг л чулуу гэсэн үг. Чагтны гогцоог чонын шөрмөсөөр ширээж, шилтэж оёно. Чонын шөрмөс тарваганы уруул хоёр шиг бөх бат юм ховор гэлцдэг. Энүүн шиг үнэн үг ховор биз! Тарвагыг уруулаас нь сэнжилж ганзагалаад хаа хол газар өдөржин шөнөжин өнжүүд хонууд явахад санжганаад, савлаад байж л байдаг. Нэг өдөр Шаалуу ах, Хар толгой эгч хоёр, аавыг орж ирж цай уу гэв. Айл хооронд аавдаа эрх хав шиг зүүгдэж явдаг би, аавыгаа дагаад л тэднийд оров. Би бол хүмүүсийн ойр зуурын яриаг ойлгоод байх насанд хүрсэн авч айлын хоол амттай гэдэгт болжаавыгаа дагасан хэрэг. Шаалуу ах аавтай тамхилав. Хартолгой эгч аавд цай барив. Намхан халтар модон ширээнцэр дээр арвайн гурил шар тос домбон саахар ааруул ээзгий тавив. Шаалуу ах:
-Би Бөх ах танаар аргамжаа мялаалгах гэсэн юм гээд эвхээстэй шар суран аргамжаа авч өгөв. Бугуйлыг л манай нутагт аргамж гээд байгаа хэрэг ш дээ. Малчин эр хүний гайхуулах зүйлийн нэг нь яах аргагүй аргамж.Унасан морь ялгуун тохсон эмээл хээнцэр за тэгээд эмээлдээ давшуурласан аргамж нь гялалзах шахуу харагдах шар суран аргамж байвал тэр хүнийг эр хүн шиг эр л гэлцдэг. Аав аргамжийг элдэвлэн үзлээ. Аав минь адуу малгүй насыг элээж яваа болохоор ийм шар суран аргамж давшуурлаж яваагүй нь мэдээж. Гэхдээ аргамжийн сайхан муухайг мэдэлгүй яахав. Аргамжийг дугуйлан эвхсэн нэг гогцоог нэг алд (манайхан уртыг алдаар л хэмжих) гэж үзвэл Шаалуу ахын шар суран аргамж есөн алд жаахан илүү байж. Аав аргамжны толгойд жаахан шар тос түрхээд,
-Миний хүүгийн аргамж есөн алд жаахан илүү юм байна. Чи сүрхий хүү юм даа. Өвлийн бараг нэг cap ноцолдсоор байгаад ийм сайхан гялалзсан шар суран аргамжтай болоод авлаа. Эр хүнд эрхий гурав ороох сур хэрэгтэй гэдэг. Тэгэхэд ийм аргамжтай хүнийг адуутай ч ажилтай ч хүн л гэнэ ш дээ. Бодоод байхнаа бид хоёроос арай түрүү үеийн эрчүүд арван нэгэн алд аргамж барьж байгаа юу даа. Тэднээс цаадах цагийн эрчүүд болохоор. За даа тэд өнөөх сайн эрчүүд нь байсан биз. Тэд арван гурван алд аргамж давшуурлаж явдаг байсан гэлцдэг. Шаалуу ах инээмсэглээд:
-Би ч аргамжтай болох нь боллоо.Харин үүнийгээ дааж хэдэн мориныхоо толгойд эргүүлж байгаад хаяж чадах л байгаа даа лам минь! гэв.
-Шинэ эд барихад барьцтай бүдүүн хүнд… бөх батынхаа хувьд тийм байлгүй яахав.Хийж чадсан юм чинь мориныхоо толгойд аргамжаа оруулж л таараа. Тэгэхгүй бол амьтны шившиг аяганы шавхруу болно ш дээ… гэж аав хэлтэл тэд инээлдэв. Шаалуу ах дахин инээмсэглээд:
-Ер нь хээр гарч хэдэн мориныхоо толгойд аргамжаа хаяж сургууль хийнэ байгаа гэтэл Хартолгой эгч:
-Пөөг айж байнам! Байчихаад, хэдэн адуугаараа одоо шагай шиг найрч наадам тохуу хийж байгаад ёстой амьтны шившиг болох нь дутаа юу та гэхэд аав Шаалуу ах бас инээлдэв.
-Урьдны сайн эрчүүд арван гурван алд шар аргамжаа заримдаа зуузай холбон зугатсан хоёр морины толгойд хамтад нь хаяад барьж байсан гэдэг. Ай хөөрхий ямар ч сайхан хийморьтой аавын хөвүүд байгаав дээ гэж аав хэлэв.
-Хоёр догшин адгуусны толгойд орсон аргамж тэсэх үү? гэж Шаалуу ах асуухад
-Хоёр морь аргамжинд орох нэг омголон мориноос амар гэдэг юм…
-Яагаад?
-Яахав. Хоёр морь хоёр тийш зүтгээд харин ч эрч хүчээ сулруулдаг гэдэг юм. Урьдны сайн эрчүүдийн шаг нь (сүүлч нь) одоо бараг чиний үеийнхэн болох байлгүй…
-Яагаад?
-Яахав. Ажаад бодоод хараад байхад урьдны юм маниасаа улам л холдоод байгаа юм биш үү! гэж аав бодлогоширонгуй хэлэв. Аавын минь тэр цагт ийн хэлсэн үг одоо бодоход нээрээ л олон уулыг давуулж харсан үг байдаг. Эр хар сур… Энэ сайхан эд малчин хүмүүст ямар их ач тустай яасан олон зүйлд нь буян болж байжив дээ! Аргамж, хазаар ногт, жолоо, цулбуур, олом жирэм, ташуур, татлага, найман салаа сугсалзсан ганзага… гээд тоолж баршгүй. Шаалуу ахын шар суран аргамжнаас хойш олон жил улирчээ. Өвөг монгол хэлний “Сүүлчийн Могикан” гэж хэлж болох манай Урианхайс аргамжийг лав л агт морь эдэлж хэрэглэдэг болсон тийм үеэс хэрэглэх болоо биз. Тэгж бодвол аргамж урт настай эд байж таарна.
Манайхаас бусад нутаг усныхан аргамжийг бугуйль гэдэг. Бугуйль нь аргамжийн “ах нь уу, дүү юу!” мэдэхгүй. Ямар ч болтугай аргамж бугуйль хоёулаа одоо уургад түрэгдсэн юм биш үү! Уурга гэснээс болоод бас нэг юм хэлмээр санагдах. Одоо гаднаас олс мяндас хаймар резинэн элдэв эрчилсэн томсон гөрсэн сүлжсэн бэлэн материал яасан их орж ирж байна вэ! Малтай хүмүүс тэр дундаа адуу малтай хүмүүс бэлэн амры нь бодоод гарын бугуй шиг бэлэн бүдүүн олсон зэл татаж унага уядаг болж. Зэлний гадас гэж бүдүүн хөндийдүү төмөр хоолойг салам үсэртэл цохиж газар шаагаад намаршиж унагаа тавихдаа зарим малчид өнөө орхисон зэлээ ч авахгүй орхих болж. Зарим нь газар шархалтал шаасан төмөр гадсаа ч суга татаж авахгүй орхих болж.
Тийм гадсанд хануулсан газрыг харахаар зүрхээр хатгалан өвдөх. Унага уяж гүү саалгадаг адуучдын зарим нь гаднаас орж ирдэг эрчилсэн нарийхан олсонцор бололтой эдийг эр хар суран уургын оронд хэрэглэх болж. Монгол малчин хүн агт мориныхоо толгойд олс байтугай дээс ч хүргэдэг бил үү! Ингээд ирэхээр л элдэв юм бодогдох. Ядахдаа дээр цагийн сайн эрчүүдийн хэрэглэж байсан арван гурван алд шар суран аргамж эс боловч, Шаалуу ахын шар суран аргамж шиг аргамж, тэр аргамжийн нэгэн төрөл болох жинхэнэ бугуйль хоёр манай хот хөдөөгийн монгол ардын зан үйлийн олон музейд хадгалагдсан болов уу гэж хүртэл бодогдох! Шаалуу ахын шар суран аргамжаа гэж!
biirbeh.mn

URL:

Сэтгэгдэл бичих