Сарын дотор амжиж эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой болжээ

…Тиймээс л Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульдаа терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн тодорхойлолтыг олон улсын стандартын дагуу оруулах аж…

Өнгөрсөн оны зургадугаар сард УИХ-аар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталж, олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ миний улс биелүүлсэн. Ингэснээр Монгол Улс олон улсын хэмжээнд “хар жагсаалт”-д орохоос аврагдаж, саарал дээр тогтож байв. Харин энэ удаа тодотгох өнгөө цагаан болгох хуулийн төслийг Засгийн газар өргөн барьжээ. Өнгөрсөн пүрэв, баасан гаригт баярын амралт албан бусаар үргэлжилж, УИХ, Байнгын хороо, намын бүлгүүдийн аль аль нь хуралдаагүй. Эзгүй шахам парламентын ордонд З.Энхболд дарга л хэд хэдэн хуулийн төсөл хүлээн авсны нэг нь Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүдэг бараан өнгөө цагаан болгож хувиргах бас нэгэн оролдлого гараанаас гарлаа гэсэн үг.

Хэрэв Монгол Улс хар жагсаалтад орох юм бол дэлхийн банк санхүүгийн томоохон байгууллагууд манай орны энэ төрлийн байгууллага, хувь хүн, хуулийн этгээдийн хэнтэй нь ч харилцаа тогтоохоос татгалзах байлаа. Эсвэл санхүүгийн гүйлгээнд нь давхар хяналт тавьж, элдэв мэдээлэл нэмж шаардах, шаардлагаа өндөрсгөх, данс нээхгүй байх эрсдэлтэй байв. Тиймээс өнгөрсөн зургадугаар сараас хойш манай улс илт үндэслэлгүй, хэвийн бус их мөнгөн дүнтэй, улс төрийн нөлөө бүхий этгээдийн нэр дээр хийгдсэн, мөнгө угаах болон терроризмыг санхүүжуүлэх, тэмцэх талаарх хяналт хангалтгүй улс орноор дамжуулан хийгдэж буй гүйлгээнд тусгай хяналт тавьдаг болсон.

Улмаар 20 сая төгрөгөөс дээш сэжигтэй гүйлгээнд ч хяналт тавьдаг болсон юм. Харин энэ удаа бид нэг сарын дотор Эрүүгийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой болжээ. Тодруулбал, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульдаа хоёрдугаар сарын 10-ны дотор өөрчлөлт оруул гэх зөвлөмжийг олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас өгчээ. Учир нь ФАТФ байгууллага 2011 оны хагасаас хойш манайд тавьж буй хяналт дээрээ тулгуурлан, тохиролцсон төлөвлөгөөт ажлуудаас дээрх хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь дутуу байгаа гэж дүгнэсэн гэнэ. Улмаар мөнгө угаах, терроризмыг санхүүжуүлэхийн эсрэг ханталттай ажилладаггүй улс орнуудын жагсаалтад оруулахаар болсон аж.

Тиймээс л Эрүүгийн болон Эрүүгййн байцаан шийтгэх хуульдаа терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн тодорхойлолтыг олон улсын стандартын дагуу оруулах аж Өөрөөр хэлбэл, олон улсын санхүүгийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу шинээр гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт хэргийг томьёолох гэнэ. Түүнчлэн Эрүугийн хуульд хуулийн этгээдэд эрүугийн хариуцлага хүлээлгэдэг байх талаарх зохицуулалтыг нэмж тусгажээ. Мөн хуульд заасан терроризмыг санхүужүулэх гэмт хэргийн ялын бодлогыг ч өөрчлөх бололтой.

Б.СЭЛЭНГЭ


URL:

Сэтгэгдэл бичих