Хохирогчоор 13 жил “тоглосон” хуулийнханд хэн хариуцлага тооцох вэ

uuganbayar-eejteigee-middleМонгол Улсаа манах эр цэрэг нь болж, ардын армийг зорьсон хүү нь хүнд зодуулаад, ухаан дутуу болчихсон ганц хоёрхон хоногийн дараа эргээд ирнэ гэж ямар ч эх хүн санахгүй биз.

Тэгвэл ийм зовлон А.Ууганбаяр гэх залуу, түүний ээж Ц.Алтанцэцэг нарт тохиолдсон юм.

Тохиолдох тохиолдохдоо хэрэг хийсэн Б.Бат-Оргил гэдэг нөхөр өнөөдрийг хүртэл ял шийтгэл хүлээхгүй Солонгос руу зугтаж алга болсон. Хуулийнхан түүний толгойг илж, шоронд суух ёстой хүн хорооны цагдаа хийгээд явж байсан гэдгийг хохирогч Ц.Алтанцэцэг батлан ярьж байгаа.

Тэр дундаа тухайн үед хэргийг хянаж, яллах дүгнэлт үйлдэж байсан прокурор С.Алимаад багагүй учир байгаа гэдгийг ч хэлж байгаа.

Цаашлаад энэ хэрэгт маш олон хууль хяналтын байгууллагын ажилтнууд холбоотой байж болохоор байгаа юм. Үндсэндээ хуулийнхэн хохирогчийн ээж Ц.Алтанцэцэгийн сэтгэлзүйгээр 13 жил “тоглож”, одоо хаана хандаж, хэнтэй уулзахаа ч мэдэхгүй явна.

Уг нь манайхаас өөр оронд бол хэрэгт нэр холбогдоод байгаа хууль хяналтын нөхдүүдийг ч гэсэн шалгаж, буруутай бол хариуцлага тооцдог. Харамсалтай нь Монголд тийм зүйл байхгүй юм даа.

Ямар ч байсан хэрэг одоо ямар шатандаа яваа болон өмгөөлөгч нарын байр суурийг хүргэе.

Ц.Алтанцэцэг: Хуулийнхан хуйвалдаад, надаар тоглож байна

2014.01.27: Хүүг нь хэвтэрт ортол нь зодсон Б.Бат-Оргил гэгчийг хуулийн дагуу шийтгүүлэхээр хөлөө хүрэх хүртэл заргалдаж, явж байгаа Ц.Алтанцэцэг гэдэг эмэгтэй өнөөдөр аргаа барчихаад байна. Түүний хэл, хөл энэ хэргийг шийдэхэд хүрэхгүй гэдэг тодорхой болчихсон. Худалч хүнд өдөр болгон шахуу өмгөөлөгч нь солигдож байгаа энэ хэрэг дахиад л сунжирч эхэллээ. Ойрын хоёр өдөрт л гэхэд гурван өмгөөлөгч солигдлоо.

Энэ талаар хохирогч Ц.Алтанцэцэг “Хөөцөлдөж байж Ч.Содончимэг гэдэг өмгөөлөгчтэй болсон. Гэтэл тэр хүн нь солигдоод н.Базаррагчаа гэдэг өмгөөлөгчийг томилсон. Энэ хүн нь манай хэрэг дээр хяналтын прокуророор ажиллаж байсан. Гэтэл хоёр цагийн дараа буцаагаад, н.Энхбат гэдэг хүнийг томилсон. Надаар тоглоом хийгээд байна. Тэгээд ч томилогдсон өмгөөлөгч нар нь хэргийг өмгөөлөхөөс татгалзаад байх юм. Ч.Содончимэг гэхэд л биеийн байдал муу байна гэж хэлээд татгалзсан. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу. Энэ мэтээр л өмгөөлөгч нар хэргийг өмгөөлөхөөс татгалзаад байх юм. Өмнө нь Х.Номинцэцэг өмгөөлөгч бас татгалзсан. Ингэсээр байтал хэрэг улам л сунжрах нь. Хүүгийн маань сонсгол улам муудаад байгаа. Хэзээ нэг өдөр шүүх хурал болно гэж горьдоод байж байна. Гэтэл шүүх хурал дээр хэлгүй, сонсголгүй хүн аваад орох юм байлгүй дээ. Өнөөдөртөө байдал ийм л байна” гэлээ.

Ч.Содончимэг: Гэнэт хагалгаанд орсон учир өмгөөлөх боломжгүй болсон

2014.01.28: Х.Номинцэцэг өмгөөлөгч солигдсоны дараа Ч.Содончимэг өмгөөлөгч томилогдсон. Гэвч хохирогч Ц.Алтанцэцэг түүнийг хэргийг өмгөөлөхөөс татгалзсан хэмээн хэлсэн. Тиймээс өмгөөлөгчтэй өөртэй нь холбогдож, энэ талаар тодруулсан юм.

Тэрбээр “Миний хувьд өмгөөлөгчдийн холбоонд биеийн байдлаа танилцуулчихсан байгаа. Наад хэргээс чинь болоод өмгөөлөгч татгалзаад байгаа юм биш. Ерөөсөө би гэнэт хагалгаанд орох шаардлагатай болсон. Түүнээс биш энэ хэрэгтэй ямар нэгэн байдлаар холбоо байхгүй. Өмгөөлөхгүй гэж татгалзаж байгаа юм биш шүү. Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас татгалзахаас өөр аргагүй болсон. Тэгээд ч би энэ хэргийг аваад, гэрээ байгуулсан асуудал байхгүй. Өмгөөлөгчдийн холбооноос намайг томилохын хувьд томилсон. Гэхдээ 14 хоногийн дотор асуудал өөрөөр эргэчихлээ. Уг нь өмгөөлнө гээд явж байтал гэнэт мэс засалд орохоор болсон. Тиймээс хүний ажлыг уяхгүй, цаг хугацаагаар хохироохгүйн тулд хурдхан өмгөөлөгчөө солиход анхаарсан. Тэгээд ч өөр өмгөөлөгч томилогдсон. Түүнээс биш энэ хэрэг дээр ажиллахгүй гэсэн зүйл огт байхгүй. Олон өмгөөлөгч сольж байгаа дээр миний бодлоор угаасаа урт хугацааны асуудал болохоор тэр байх. 2009 оноос л эхэлсэн шүү дээ, энэ асуудал” хэмээн ярьсан юм.

Х.Номинцэцэг: Би хэргийг өмгөөлөхөөс татгалзаагүй

2013.12.19: Хамгийн анх хэргийг Х.Номинцэцэг өмгөөлөгч өмгөөлж байсан. Харин сүүлдээ өмгөөлөхөөс татгалзсан хэмээн хохирогчийн ээж ярьсан.

Тиймээс ч бид түүнээс энэ талаар тодруулахад, “Би хэргийг өмгөөлөхөөс татгалзаагүй. Хэргийг сэргээсний дараа Ц.Алтанцэцэг над руу ярьсан. Тэр үед нь би Төв аймагт шүүх хуралтай байсан юм. Гэтэл та нар хааж боолоо гээд загнаад байсан. Хамгийн анх хамт очиж, мөрдөн байцаагчтай уулзая гэтэл н.Энх-Амгалан завгүй байсан. Маргааш нь би Ц.Алтанцэцэг рүү өөрөө яриад мөрдөн байцаагчтайгаа уулзах уу гэтэл хүүхдийнхээ группийг сунгуулах гээд явж байна гэсэн. Харин гурав дахь тохиолдолд нь би шүүх хуралтай байсан юм. Түүний дараа өөр өмгөөлөгч авна гэсэн. Өөрөө тэгж байгаа хүнийг би яалтай билээ” гэв.

н.Энх-Амгалан: Хэргийг шалгаж байна

2013.12.19: Хууль зүйн яамнаас хэргийг сэргээсний дараа УМБГ-ын Онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөн байцаагч н.Энх-Амгалан дааж авсан. Тэрбээр хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл мөрдөн шалгаж байгаа.

Тухайн үед түүнээс хэргийн явцын талаар тодруулахад “Хэргийг дахин сэргээгээд, шалгаж байна. Хохирогчийн ээж Ц.Алтанцэцэг хэрэгт сэжиглэгдэж байгаа Б.Бат-Оргилтой тааралдсан, явж байсан гэж яриад байгаа. Харин бид Хил хамгаалах ерөнхий газраас асуухад тийм хүн Монголд ирээгүй байна гэсэн. Энэ мэтчилэн нарийн шалгах зүйл маш их байгаа. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа болохоор үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн.

Ямар ч байсан хэргийг мөрдөн шалгаж байгаа. Гэхдээ үр дүн нь хаана байгаа нь мэдэгдэхгүй л байна.

Хохирогч Ц.Алтанцэцэгийн хэлж байгаагаар бол Б.Бат-Оргилыг барьсан эсэх талаар нуугаад хэлэхгүй байгаа гэх.

О.Алтангэрэл: Бид тэр хүнд чадлынхаа хэрээр туслахыг хичээж байна

2013.12.19:
Ямар ч байсан хэрэг явдал хохирогч тал өмгөөлөгчгүй болж гацчихаад байгааг дээр дурьдсан. Тэгвэл хохирогч Ц.Алтанцэцэг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлтэй ч уулзаж, санал хүсэлтээ тавьсан. Улмаар салбарын сайд нь хэргийг сэргээсэн.

Түүний дараа О.Алтангэрэл дарга “Ц.Алтанцэцэг гэдэг эмэгтэй надтай ирж уулзсан. Хайран сайхан хүүг нь хэвтэрт ортол нь зодчихсон юм билээ. Бид тэр хүнд чадлынхаа хэрээр туслахаар хичээж байна. Х.Тэмүүжин сайд хүртэл уулзаж, тусалсан. Миний хувьд хэргийг дахин сэргээж шалга гэсэн бичгийг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Яг ямар хариу ирүүлсэнийг би сайн санахгүй байна. Ямар ч байсан хэргийг сэргээгээд шалгаж байгаа. Ер нь бол хэргийн бүх процесс тодорхой байгаа. Харин тэр зодсон гээд байгаа Б.Бат-Оргил гэдэг нөхрийг барьчих юм бол асуудал шийдэгдэнэ шүү дээ” хэмээн ярьсан юм.

Ямар ч байсан хэргийг сэргээлээ. Шалгахыг даалгасан. Хууль зүйн яамны зүгээс бага ч гэсэн анхаарсан. Одоо л хэрэг явдлыг үнэн мөнөөр нь шалгах нь гэж байтал бас л болсонгүй.

Х.Тэмүүжин сайд аа, ганцхан удаа туслаач

Тасардаггүй гомдол гэж байдаг бол Ц.Алтанцэцэг гэдэг эмэгтэйн сэтгэлд л байх шиг байна.

Тэр хууль хяналтынхан, төр засаг, ер гомдож болох бүхий л хүн голдоо ортол гомдчихоод явна. Арга ч үгүй биз дээ, эрүүл саруул байсан хүүг нь арми тахир дутуу болгочихсон хойно.

Монголын цэргийн ангиудын дотор өрнөдөг үнэн явдлыг энэ хэрэг илчилсэн гэхэд болно. Зөвхөн энэ хэрэг гэлтгүй цэргүүд аргаа барахдаа амиа хорлох ч хэрэг гардаг. Арми сайхангүй, хал цэргийн дарамт хэцүү, дарга, офицеруудын зодуур их учраас тэгдэг ч байж болох.

Ямар ч байсан А.Ууганбаяр гэх жирийн залуу цэрэгт явсныхаа хар гайгаар 10 орчим жил хэвтэрт байж, ээжийгээ шаналгаж байна. Гэхдээ ээж нь хүүгээ тийм болсонд шаналахаас илүү Монгол Улсад хууль үйлчлэхээ больсон, ядуу дорой хүнийг яаж ч доромжилж, зодож нүдэж, эрүүл мэндийг хохироож, амь насаар нь тоглож болдог болчихсон бэ гэдгийг нүдээрээ үзэж, биеэрээ туулж яваадаа гомдож байгаа биз. Шаналж байгаа байх.

Хэрэг явдал угаасаа мөрдөж шалгаад байх юмгүйгээр тодорхой болчихсон юм билээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан, Б.Бат-Оргил гэгчийг мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан энэ тэр гээд бүхий л зүйл шүү. Гэтэл яагаад хууль хяналтын байгууллагийнхан тэгс ингэс гээд л байгаад байна вэ. Хэргийг энэ удаа сэргээсэн нь 21 дэх удаагийнх гэж хохирогчийн ээж Ц.Алтанцэцэг ярьсан. Нэг болохоор хаагаад, жаахан уйлаад, гомдол гаргаад явахаар нь сэргээчихдэг гэж байгаа. Зарим нь хөөрхий эмэгтэйг өрөвдсөндөө ч сэргээдэг байх, эсвэл зүгээр л хуурах гэдэг ч байж болох. Гэхдээ хамгийн гол нь нэг хэргийг 21 удаа хааж, сэргээнэ гэдэг чинь хуулийнхан зүгээр л “тоглоом” хийж байгаагаас ялгаа юу байна.

Хамгийн сүүлд Х.Тэмүүжин сайд, Хууль зүйн яамныхан оролцож байж сэргээсэн. Гэтэл одоо болтол Б.Бат-Оргил гэдэг нөхрийг яасан талаар тодорхой мэдээлэл алга.

Хүн зодож танхайрч, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан хүн хаана ч гэсэн хээв нэг зүгээр алхаж явна гэдэг байж таарахгүй. Гадаадад байдаг бол интерполоор хайгаад, Монголд байгаа бол баривчлаад, шүүх хурал энэ тэрийг нь хийгээд өгөөсэй билээ.

Нэгэнт Х.Тэмүүжин сайд хэргийг сэргээж өгсөн юм чинь дахиад ганцхан удаа шийдвэрлэлтэд нь анхаараад, тушаал энэ тэр өгчихөж болдоггүй юм уу. Аргаа барж, тамаа цайсан эх хүний өмнөөс тэгж гуйх гээд байна. Одоо хэвтэрт байгаа залуугийн гомдол цөхрөл, хэргийг шийдвэрлэж өгөхийг 10 гаруй жил хүлээж байгаа ээж хүү хоёрын сэтгэлийг Б.Бат-Оргилыг ядаж ганц сар ч болов хорьсоноор тайлагдах биз. Аргаа барахад шүү дээ. Эсвэл тэр Бат-Оргил гэдэг нөхөр нь тийм баян цатгалан, хэрэгт орохгүйн тулд мөнгө зарцуулаад байгаа юм хохирогчид эмчилгээний мөнгө өгөөд, сэтгэлийг нь амраачихад болох биш үү.

Уг нь хэрэг хийсэн бол тохирох шийтгэлээ авах ёстой. Гэхдээ энэ тохиолдолд хэцүү байгаа учраас аргаа барахдаа ядаж мөнгө ч болов өгөөд салаасай билээ гэж бодох юм. Ядуу, эрх мэдэлгүй хүний зовлон ийм л байна шүү дээ.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих