«Оддын дайн»-ы шинэ ангийн зураг авалт тавдугаар сард эхэлнэ

оддын дайн Бүх насныхныг байлдан дагуулсан “Оддын дайн” киноны шинэ ангийн зураг авалт ирэх тавдугаар сард Их Британид эхлэх тухай хэвлэлүүд мэдээлж байна. Шинэ анги одоогоор “Оддын дайн. Гэнэтийн явдал VII” гэсэн ажлын нэртэй байгаа. Үйл явдал нь өмнөх ангийнхаас 30 жилийн дараа өрнөж буйгаар гарах гэнэ. Киноны уран бүтээлчид шинэ ангийг ирэх оны арван хоёрдугаар сар гэхэд дэлгэцэнд гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

“Оддын дайн”-ы зохиогчийн эрхийг “Walt Disney” компани “Lucasfilm Ltd”-гээс 4.05 тэрбум ам.доллараар худалдаж авсан бөгөөд тэд цуврал болгон үргэлжлүүлэх бодолтойгоо дуулгажээ. Энэ удаа найруулагчаар Жей Жей Абрамс ажиллаж, зургийг Лондонгийн ойролцоох “Тhe Pinewood Studios”-т хийх юм. Энэ студид алдарт Жеймс Бондын цувралын зургийг авч байжээ.
Шинэ ангид хэн тоглох вэ гэдгийг одоогоор олон нийтэд зарлаагүй. Гэхдээ шинэ нүүр царай, шинэ авьяасаас гадна сэтгэлд дотно хуучин дүр төрхийг ч харна гэдгийг “Walt Disney”-гийнхэн амлаж байгаа юм. “Оддын дайн VII-д тоглуулахаар өмнөх ангид ажилласан Харрисон Форд Марк Хэмилл болон Кэрри Фишер нартай яриа хэлэлцээр өрнүүлж буй тухай өмнө нь мэдээлж байсан. Хэрвээ энэ яриа хэлэлцээр амжилттай болсон бол эдгээр жүжигчид тоглож таарах байх.

 
Г.УЯНГА


URL:

Сэтгэгдэл бичих