“Ялалтын дөл” Монгол-Орос залуучуудын хамтарсан тойрон аялал зохиогдоно

10168475_655613754475669_517885764_n 

Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Ялалтын дөл” залуучуудын 4 дэхь  удаагийн тойрон аялал ирэх 8-р сарын 19-30 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Уг тойрон аяллыг 2004, 2005 ба 2009 онуудад тус тус зохион байгуулж байсан бөгөөд 2009 онд Халх голын дайны ялалтын 70 жилийн ойд зориулан хоёр орны 140 залуучуудын бүрэлдэхүүнтэй багууд амжилттай оролцож байжээ. Энэ удаагийн тойрон аяллын оролцогчдыг эрдэм шинжилгээний бүтээл, бие бялдар, урлагийн авьяастай гэсэн тодорхой 5 шалгуураар сонгож авах юм байна. “Ялалтын дөл” тойрон аялал нь  хоёр орны залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд цэрэг эх оронч хүмүүжил олгох, 1939 оны халхын голын дайнд амь үрэгдсэн монгол-зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, хөшөө дурсгалыг сэргээх, залуучуудын эх оронч үзлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг ажээ. Тойрон аяллын Оросын ажлын хэсгийг төлөөлөн “Афганистаны Ахмад Дайчдын холбоо”-ны (ОААДХ) дарга О.И.Торский, менежер Виталий Корытников нар Улаанбаатар хотод ирж, Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбаттай уулзсан юм. Талууд гэрээний заалтуудын хүрээнд хийгдсэн ажлуудаа тайлагнаж, мэдээлэл солилцон, цаашид хийх ажлуудаа төлөвлөлөө. Эрхүү хотод Халх Голын дайны ахмад дайчин ганцхан  эмэгтэй амьдардаг. МЗХ-ноос  уг эмэгтэйг төрийн шагналд тодорхойлох асуудлыг шийдүүлж, МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат өөрийн биеэр гардуулахаа амлалаа. Оросын тал Монголд хийж байгаа айлчлалынхаа хүрээнд БХЯ-ын  Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З. Болдбаатар, төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д. Мөнх-Очир, төрийн захиргааны удирдлагын газрын тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, хурандаа Ө. Батмөнх  нартай БХЯ дээр хийсэн уулзалтын үеэр өөрсдийн “Ялалтын дөл” төслийг танилцуулахад төрийн нарийн бичгийн дарга  залуучуудын тойрон аяллыг талархан хүлээн авч, Монголын 75 залууг бүрдүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


URL:

Сэтгэгдэл бичих