Г.Агар-Эрдэнэ: Сэжигтэн, яллагдагч, хоригдлуудын зүгээс гомдол ихээр ирдэг

527-1398999936Untitled“Монгол Улсын хүний эрхийн төлөө-2020 онд” хүний эрхийн асуудлаар стратегийн хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнд өчигдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комисс, ШШГЕГ, Өмгөөлөгчдийн холбоо болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Энэ хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ийн бодлого дүн шинжилгээ хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа.
-Танайд хүний эрхийн асуудлаар гомдол санал хэр ирдэг вэ?
-Өнгөрсөн жил комисст ирсэн гомдлыг аваад үзэхэд хөдөлмөр эрхийн асуудал болон ажлаас үндэслэлгүй халагдсан гэх зэрэг гомдлууд ирсэн байгаа. Мөн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлж байна. Орон нутагт уул уурхай компаниуд иргэдийн өвөлжөө, хаваржаа руу зөвшөөрөлгүй дайрч орж, албадан нүүлгэж байна гэх мэт гомдлыг ирүүлдэг.
Мөн сэжигтэн, яллагдагч, хоригдлуудын зүгээс гомдлууд ихээр ирүүлдэг. Зөвхөн цагдан хорих байр, хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүсээс ирүүлж буй гомдлын хувьд комисст ирүүлж байгаа нийт гомдлын тал орчим хувийг эзэлдэг.
-Иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдогчдын ирүүлж байгаа гомдолыг ангилвал. Ямар гомдол илүү байна?
-Эрүүгийн болон иргэний журмаар хянан шийдвэрлэгдсэн эсвэл үүнтэй холбоотой гомдлыг хүлээж авдаггүй. Энэ нь хуулиараа хориотой. Ер нь шүүхээс гэм буруутай нь тогтоогдоод Шүүхийн шийдвэрээр шийтгэгдсэн хүмүүсийн гомдлыг бид хүлээж авах боломжгүй.
Үүнээс бусад зөрчил буюу эрүүгийн байцаан шийтгэх үед өмгөөлөгчөөр хангаагүй, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь бүрдээгүй, эсвэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг авах замаар эрүү шүүлт тулгасан гэх мэт гомдлыг комисс хуулийн дагуу шалгах боломжтой байдаг. Улмаар эл нөхцөл байдлуудыг арилгуулахыг холбогдох байгууллагуудаас шаардах эрхтэй.
-Хөдөлмөр эрхлэж байгаа ялтнууд цалин хөлс авах ёстой байдаг. Өнгөрсөн онд хэчнээн ялтан хэр хэмжээний цалин хөлс авсан вэ. Тодорхой тоо баримт байгаа юу?
-Ялтан өөрөө эрхэлсэн хөдөлмөрийнхөө үр ашгаар заавал цалин хөлсавах ёстой. Бид өнгөрсөн онд бүх хорих ангиудад шалгалт хийсэн. Энэ үеэр цалин хөлстэй танилцаж, сургалт хийсэн байгаа.
Ж.Батзориг: Өмгөөөлөгчдийн хувьд эрхийг хэрэгжүүлэхийн тулд биеэ даасан хуультай байх ёстой гэдэг асуудлыг тавьж байгаа
Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзоригоос дараахь асуултанд хариулт авлаа.
-Өмгөөлөгчийн эрх зүйн байдал дордсон гэлээ. Энэ талаар?
- 2020 он хүртэлх хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаар хэлэлцүүлэгт оролцож байна. Өмгөөлөгчийнхөө хувьд өмгөөлөгчийн эрх зүйн байдлын асуудал дордсон байна гэж үзэл бодлоо илэрхийлж байгаа. Өмгөөлөгч гэдэг хүн өмөөрөх гэдэг нэр томьёонд хамрагдаж явдаг.
Цаашид эрхзүйн хамгаалалтаар буюу хуулиар хамгаалагдаж хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ёстой юм. Тэтгэвэртээ гарсан, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад халагдсан, эрх зүйн доголдолтой, гэмт хэрэгтэй холбогдсон ийм хүмүүс ямар ч шалгуургүйгээр шүүхэд төлөөлөх эрх авч байна.
Харин өмгөөлөх байгууллага хуультай байх үедээ өмгөөлөгч гурван удаа шалгалтанд орж унаж байж өмгөөлөгч болдог байсан. Энэ өмгөөлөх байгууллагын босго өндөр байсны жишээ юм.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, хүнлэг, зарчимч шударга байсны эцэст хэрэгжүүлэх зүйл. Өмгөөллийг өнөөдөр мөнгөний бизнес болгож, шүүхэд төлөөлөх эрх авна гэдэг эндүүрэл юм. Иймээс хүний эрхийг хамгаалах ёстой өмгөөллийн байгууллагын эрх зүйн үндэслэл нь дордсон гэдгийг аль аль талдаа харж, бодолцох хэрэгтэй байна.
-Өмгөөллийн хууль хэдэн удаа шинэчлэгдэж байсан бэ?
-Манайх 1928 оны тавдугаар сарын 24-нд анх байгуулагдсан. Энэ хугацаанд гурван удаагийн хууль өөрчлөгдсөн. Тухайлбал, 1994 онд УИХ-аас өмгөөлөгчдийн тухай хууль, 2002 онд Монголын өмгөөлөхийн тухай хуулиуд батлагдан гарсан.
Одоо шүүх эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль гарч ирсэн байгаа. Ингээд үндсэндээ шүүх, прокурор, өмгөөлөгч гэсэн байгууллагуудыг нэгтгэсэн холбоо болж өргөжсөн.
Монголын өмгөөлөх байгууллага гэдэг биеэ даасан эрх зүйт буюу төрөөс хараат бус байж, төрөөс баталгаажуулагдсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхзүйн үндэслэлүүдийг бид хуулиар хамгаалуулах ёстой юм.
Өнөөдөр ээдрээ төвөгтэй нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал улам газар авч байна. Иймээс ээдрээ төвөгтэй маргаантай асуудлуудад өмгөөлөгч оролцох нь улам нарийн төвөгтэй болж байгаа.
Тиймээс бид өмгөөлөгчийн эрх зүйн асуудалд биеэ даасан үйл ажиллагаа явуулах, Монголын өмгөөлөх байгууллага эрхзүйн хүрээнд биеэ дааж үйл ажиллагаа явуулах асуудал тавьж байгаа юм.
-Одоогоор Өмгөөлөгчийн холбоонд хэчнээн өмгөөлөгч хамрагдаж байна вэ?
-Нийтдээ 1086 өмгөөлөгч хамааралтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Гишүүнчлэлийн асуудал энэ хүрээнд явж байна. Өмгөө¬лөгчдийн хувьд эрхийг хэрэгжүүлэхийн тулд, биеэ даасан хуультай байх ёстой гэдэг асуудлыг тавьж байгаа. Шүүх шинэчлэлийн хүрээнд үүнийг анхаарах ёстой байтал орхигдоод үлдчихлээ.
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих